Хан-Уул дүүргийн газар тариалан эрхлэгчид зөвлөлдөж байна

 

        Хан-Уул дүүрэг “Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг үг хэлж, тариаланчдад ажлын амжилт хүслээ. Зөвлөгөөнд оролцогсдод дүүргийн Засаг даргын оролцогч С.Баасандолгор, дүүргийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар, НҮХААГ-ын газрын дарга Г.Пүрэвсүрэн Нийслэлийн газар тариалангийн салбарын үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийсэн юм.

 

Мөн ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн М.Оюунсувд “Ургамлын гаралтай түүхий эд хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох журмын талаар, Монголын фермер эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Баяцхандаа Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол ногоо” төслийн талаар болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, зээлийн батлан даалтын сан, банк, санхүүгийн байгууллагад тус тус мэдээлэл хийж, хамтран ажиллалаа.

 

Өнөөдрийн зөвлөгөөнд газар тариалан эрхлэгч 200 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцсон бөгөөд газар тариалан эрхлэгчдэд зориулж хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, үр, үрсэлгээ, бордоо боловсруулсан бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулж байна.

 

Зөвлөгөөний үеэр  ахмад, тэргүүний тариаланчидтай туршлагын талаар санал, солилцож,  хаврын тариалалтын ажлыг хангахад анхаарах асуудлын талаар хэлэлцснээрээ ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

Мөн дүүргийн газар тариалангийн зөвлөгөөнөөс гурван талт зөвлөмжийг гарган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар гарын үсэг зурсан юм.

 

Хан-Уул дүүрэг нь Нийслэлийн хэмжээнд хураан авч буй төмс, хүнсний ногооны 20 гаруй хувийг нийлүүлж байгаа бөгөөд  жилд дунджаар 300 га-д 12-15 нэр төрлийн төмс, хүнсний ногоо тариалж, 2000 гаруй тонн ургац авдаг. Энэ нь дүүргийн хүн амын хүнсний хэрэгцээний 17 хувийг хангаж байна.

 

Хан-Уул дүүрэг нь “Арда Монгол” ОУБ, “Каритас Монгол” ТББ-тай хамтран төмс, хүнсний ногооны төслийг амжилттай хэрэгжүүлж, төсөлд нийт 270 гаруй өрх хамрагдаж байна. Энэ онд Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжих “Монгол ногоо” төслийг дүүргийн 5, 10 дугаар хороонд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Түүнчлэн тариаланчдынхаа борлуулалтыг дэмжих зорилгоор 8-11 дүгээр сард “Монгол ногоо” үзэсгэлэнг дүүргийн хэмжээнд 2-4 байршилд, хороо бүрт машинтай ногоо худалдааг зохион байгуулж байна.

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)