Хөгжлийн илэрхийлэл Хөх хот, Ордосоор хийсэн тэмдэглэл

 

Орчин үетэй хөл нийлүүлэн алхаж дэвшилтэд технологийг нэвтрүүлэн түүнийгээ зөв зохистой ашиглана гэдэг энэ зууны хүмүүний хэв шинж. Тиймдээ ч даяаршиж байгаа нийгэмд  цахим сүлжээ. олон нийтийн мэдээллийн хэрэгсэл та бидэнд ус агаар мэт хэрэгтэй болжээ. Бид өнөөдөр шинэ өдрийг үнэн бодит мэдээлэлгүйгээр эхлүүлнэ гэдэг бэрх. Тиймээс хорь гаруй жилийн өмнө тулгын чулуугаа тавьсан цахим мэдээллийн хэрэгсэл өнөөдөр хөгжин дэвшиж, хүрээгээ тэлсээр байна.

 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 100 гаруй цахим мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, үүргээ гүйцэтгэдэг.  Тэдгээрийн төлөөлөл болох Монгол Улсын 23 сэтгүүлч өнгөрсөн өдрүүдэдМонголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон ӨМӨЗО-ны Ардын хэвлэлийн хорооны хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан “Монгол, Хятадын шинэ цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-д оролцлоо.

 

 

 

 

Уулзалт ярилцлагын эхэнд зохион байгуулагч талаас биднийг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны гадаад харилцааны газрын дарга н.Баянжаргал тэргүүтэй төлөөлөгчид угтсан бөгөөд  энэ үеэр талууд цахим мэдээллийн хэрэгслэлийн өнөөгийн байдал цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал, мэдээлэл солилцсон юм.

 

 

 

Үүнээс гадна Өвөрмонголчуудын өнөөгийн аж амьдралын талаар мэдээ сурвалжлага, нийтлэл бэлдэх санал ч гарч байсан юм. Мэдээж уулзалт ярилцлагаас гарсан олон санал санаачлагуудыг хоёр улсын төлөөлөгчид цаашид ажил хэрэг болгох зайлшгүй хэрэгтэйг онцолж байлаа. 

 

 

 

Бид тэднээс суралцах  олон санаа, хамтарч  хэрэгжүүлэх цөөнгүй ажил бий. Тиймдээ ч уулзалт ярилцлага өрнүүлж хамтрах санал дэвшүүлэхийн хажуугаар  Хөх хот дахь “Өдрийн сонины “Солонго” мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцаж редакцид нь зочиллоо.  Тус сонин 2005 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй хүн ажиллаж тэдгээрийн дийлэнхийг залуу боловсон эзэлж  тэд улстөр эдийн засаг нийгэм соёл урлагийн салбарын мэдээ мэдээллийг  олон нийтэд цаг алдалгүй хүргэсээр байна.

 

 

 

 

Ийн ӨМӨЗО-ны Хөх хотод ажилласан энэ л өдрүүдэд ажил хэрэгч уулзалт ярилцлага, амралт, аялал хосолсон дурсамжийг хамтдаа үдсэн юм.

 

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Хөх хотын Үүлэн компьютерийн аж үйлдвэрийн парк, ”Мэнню” сүүний үйлдвэртэй танилцлаа.  ”Мэнню” сүүний үйлдвэр нь 16 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус үйлдвэрийн байр өвөрмөц зохион байгуулалттай байсан нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байсан юм.

 

 

 

Сүүний үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтаас харахад техник технологийн дэвшилтийг дээд зэргээр хангаж чадсан нь анхаарал татаж байв. Үйлдвэрийн үүднээс эхлээд үлгэрийн орноор аялж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх бөгөөд үйлдвэртэй танилцах хүн бүрт алаг даавуун улавч өмсүүлж ариун цэврийг сахиулснаар аялал эхэлнэ. Хамгийн гол нь энэхүү аялал хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй гэдгээрээ онцлогтой.

 

 

Шилэн хоргоор сүүний үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт, дамжлага бүрийг харж болохын зэрэгцээ байгуулагдсан цагаас хойш ашигласан тоног төхөөрөмжийг дэлгэн тавьж, хамтарч ажилладаг байгууллагуудын танилцуулга болон үе үеийн бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг байрлуулж музей байдлаар шийдэж өгсөн нь аялалд оролцож буй хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн юм.

 

 

 

Ийн үлгэрийн орныг санагдуулам гайхамшигт аяллын төгсгөлд биднийг амтад мөхөөлдсөөр дайллаа.

 

Бидний аялал цааш үргэлжилжилж “Монгол өвс” компанитай танилцлаа. Тус компани нь цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хуурай чийг багатай хөрсөнд, халуун, хүйтэнд тэсвэртэй ургамлыг  бойжуулан тарьж ургуулдаг байна.

 

 

Мөн устаж буй ховор ургамлуудыг нөхөн сэргээх, үрийг нь шинээр гаргаж авахад анхаарлаа хандуулдаг хэмээн компанийн удирлагууд хэлж байлаа.  Хамгийн гол нь цөлжилтийн эсрэг энэхүү ажлыг төрийн бодлогоор дэмждэг нь сайшаалтай. Тиймээс л Хөх хотын гудамжинд өнгө нэмэх ногоон байгууламж их хэмжээгээр бий болж байгаа нь “Монгол өвс” компанийн хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн гэлтэй.

 

 

Сүүлийн жилүүдэд Монгол улсад цөлжилтийн асуудал аюулын харанга дэлдэж байгааг хүн бүр мэднэ. Тиймээс тус компанитай танилцах үеэр гаднын бусад орны техник технологи,  туршилгаас санаа авч хэрэгжүүлэх цаг аль хэдийн болсон гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ. Биднийг Хөх хотод очиход 20 орчим хэмийн дулаантай байсан бөгөөд найган ургах модод аль хэдийн ногоорч, цэцэгс алагласан нь аяллын дурсамжийн нэгээхэн хэсэг байлаа.

 

 

Цаашлаад бид Үүлэн компьютерийн аж үйлдвэрийн парк болон Ордос хотод очиж Чингис хаанаы хаврын танхилга дээр очсон юм. Дараагийн дугаарт эдгээр болон Өвөр монголын 512 бөхийн барилдааны сонирхосон зэрэг тэмдэглэлээр дахин уулзацгаая.

 

 ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.....   JIRGEE.mn | Ц. ЦАЦАА                    http://www.jirgee.mn/page/newsmore/7127

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)