”Урвахад” учир бий

 

        Аль ч орны улстөрд нэг намаас нөгөө нам руу орж гарах нь энгийн үзэгдэл. Харин Монгол Улсад л ийм зүйл гаж үзэгдэл мэт харагдах болж. Монгол Ардын Намыг хоёр хувааж нэг хэсгийг нь Н.Энхбаяр салгаад явахад өнөөгийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-д элсэн орсон. Угтаа МАХН, Монгол Ардын Нам хоёр угшил, гарвал нэгтэй нам юм. Гэтэл Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг МАХН ч тэр, АН ч тэр урваач, шарваач хэмээн зохион байгуулалттайгаар цоллож байгаа нь цаад агуулгаараа улстөрийн шинж агуулаад байх шиг.

 

Тэгвэл АН-д ч урваач бий. 2012 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулчихаад АН-ыг "олуулаа" болохоор нь давхиж очсон Д.Арвин гишүүн урваач. "Амлалт нэхэх ард түмний холбоо" гэсэн сүржин нэртэй даржин төрийн бус байгууллагаар дамжуулж УИХ-д суусан МҮАН-ын Д.Батцогт "олуулаа" болсон АН руу гүйсэн нь ч бас урваач. Ж.Наранцацралт агсныг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Хууль зүйн сайд хийж байсан Л.Цог МАХН-аас нэр дэвшин Эрдэнэтэд ялалт байгуулж УИХ-д суусан ч Г.Уянгыгаа дагахаар болсон нь ч мөн урваач. Урваачдын цувааг ийн жагсаавал АН ялах магадлалтай. Учир нь тэдний хоорондын зөрчилдөөн МАН-ыгаа бодвол дүрэлзэж байдаг жамтай.

 

Дараагийн ээлжинд "Женко" Х.Баттулга АН дотроо хүч нь суларсан болохоор бас л Г.Уянгыгаа дагаад намирч мэдэх сураг газар авч байна. Хэрэв тийм зүйл болбол бас л урваач болно гэсэн үг. Ер нь монголын улстөрд хамгийн их хөдөлгөөнд ордог нам нь АН. Гэхдээ сайн талаараа лав биш... Хамгийн ойрын жишээ гэхэд л АНын гишүүд учир нь олдохгүй олон фракц дундаа нүүдэл суудал хийх нь энүүхэнд. АН гэсэн л нэртэй болохоос биш 20 гаруй намын нэгдэл учраас жижиг намууд нь фракц нэрээр халхавч хийн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь нэгэнт илчлэгдсэн үнэн.

 

Дээрх жишээнээс авч үзвэл МАХН-аас гарч МАН-ын батлахаа сэргээсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг урваач гэж цоллох нь учир дутагдалтай. Ядарсан хүнд тус болсон нь эргээд тэр хоёрт гай болно гэж яаж мэдэх вэ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гар бариад бугуй барих гэж оролдсон нь мань хоёрт таалагдаагүй. Товчоор хэлбэл монголын улстөрийн тогоонд багаар бодоход 20 гаруй жил чанагдсан Ч.Улаан гэдэг хүн нэг хүний утсан хүүхэлдэй болоод явах хүн биш. Үүнийг ч тэрбээр МАХН-аас гарахдаа хийсэн хэвлэлийн хурлын үеэр тодорхой хэлсэн.

 

Нөгөө талдаа Д.Тэрбишдагва ч гэсэн 10 хэдэн жил улстөрийн тогоонд чанагдаж байгаа тулхтай, түшигтэй улстөрийн түшээ. Ийм хүмүүсийг өөрийн утсан хүүхэлдэй болгоно гэж санасан Н.Энхбаярын буруу. Цаашилбал Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр Н.Энхбаярыг ядарч явахад нь биш задарч явахад нь МАХН-аас гарсан. АН руу урвадаг нөхдүүд шиг "олуулаа" болохоор нь гүйж очоогүй нь тэдний бахархал. Ёстой нөгөө "Дассан газрын даавуу зөөлөн" гэдэг шиг улстөрийн карьераа эхэлсэн намдаа л эргэж ирсэн хэрэг. Товчхондоо, спортын хэллэгээр бол "эргэн ирэлт" хийсэн гэсэн үг.

 

Улстөрийн карьераа шал өөр үзэл баримтлалтай намаас эхэлчихээд эсрэг намдаа урвахыг алийг тэр гэх вэ. Өнөөдөр өрнөж буй улстөрийн үйл явдал дунд иймэрхүү үзэгдэл цөөнгүй болж байна. Хамгийн ойрын мэдээ гэхэд л ИЗНН-аас улстөрийн карьераа эхэлсэн С.Оюун, С.Дэмбэрэл нар АН-д элсэж орох тухай чих дэлсэх болов. Цаашлаад М.Энхсайхан, Н.Энхбаяр нарт зүүгдэж УИХ-д шургалсан Н.Батцэрэг, М.Сономпил нар намаа орхиж АН-д элсэх хүсэлтээ З.Энхболдод хүргүүлжээ. Урваач шарваачдынхаа манлайд монголд үйл ажиллагаа явуулж байгаа намуудаас АН айл саахалтын зайд тасархай түрүүлж яваа. АН-ын араас Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан аман хүзүүнд хурдалж явна. Харин ИЗНН-ынхан МАХН-тай зуузай холбон гуравт хурдалж байна. "Шударга ёс" эвслээс юу ч үгүй хоосон хоцорсон М.Энхсайханы нам айргийн дөрөвт багтаж таарах нь. Харин МҮАН-аас нэг мөсөн өрх тусгаарлаж "Тусгаар тогтнол, эв нэгдэл"-ийн нам байгуулсан Г.Уянга гишүүн айргийн тавд орох нь. Сонгууль дөхсөн энэ үед хэн хаашаа урвах нь ард түмэнд падгүй. Хамгийн гол нь эрх ашгийн эрэмбэ дараагаа мэддэг, хувь хүний үзэл баримтлалдаа үнэнч байна гэдэг л чухал.

 

С.НЭМЭХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • za (202.179.18.61)

    2016-05-26

    arvind manai bayanzurh durgui bolson