Зам, тээврийн дэд сайд нар гацаатай байсан асуудлуудыг хамтран шийдвэрлэв

 

        Ташкент хотод өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтаар манай гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрт гарын үсэг зурсан билээ. Энэхүү хөтөлбөр бодитоор хэрэгжиж, гурван улсын тээврийн анхны цуваа энэ сарын 13-ны өдөр Алтанбулаг боомтоос тээвэрлэлтээ эхлүүлэн, БНХАУ-ын Тяньжин боомтод үргэлжлүүллээ. Тус тээвэрлэлтийн үйл ажиллагааны хүрээнд Монгол-Хятад-Орос гурван улсын зам, тээврийн удирдлагууд тус боомтод уулзаж, зам тээврийн хамтын ажиллагаа, эдийн засагт оруулах хувь нэмэр, тулгарч буй асуудлын талаар харилцан санал бодлоо солилцлоо. Уулзалтад Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лью Шиаомин, ОХУ-ын Тээврийн яамны харьяа “РОС автотранс” УТҮГ-ын Ерөнхий захирал, Оросын талын ерөнхий зохицуулагч Двойных Алексей болон гурван улсын зам, тээврийн салбарын төлөөлөгчид оролцсон бөгөөд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн төлөөллүүд багтсан өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт болов.

 

Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны зам”, Оросын “Евроазийн эдийн засгийн коридор” байгуулах санаачлагын хүрээнд Монгол Улс-БНХАУ-ОХУ-ын төрийн тэргүүн нарын санаачилсан “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөр батлагдсан нь гурван улсын хамтын ажиллагаа, төрийн тэргүүнүүдийн нэгдсэн бодлогын хүрээнд шийдэгдсэн чухал ажлуудын нэг болж байгааг талууд санал нэгтэйгээр онцоллоо.

 

 

Уулзалтаар Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Монгол-Хятад-Орос гурван улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрт тусгагдсан 32 төсөл бүхий цогц арга хэмжээний гурван төсөл нь энэхүү олон улсын транзит тээврийн үйл ажиллагаатай уялдаж байгааг онцлон дурдсан юм. Тэрээр   олон жилийн туршид хамтдаа өргөжин дэвшиж, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд идэвхитэй хамтран ажиллахыг уриаллаа. Тэрээр “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” Монгол, Хятад, Орос гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах чиглэлээр БНХАУ-ын Тээврийн яамнаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Мөн ОХУ-ын зам, тээврийн салбарынхан энэхүү хэлэлцээрт илүү ач холбогдол өгч, цаашид хамтран ажиллахад бүхий л хүч бололцоогоо дайчлан, тулгамдсан асуудлуудыг хугацаа алдалгүй шийдэж ажиллана гэлээ. Тус хэлэлцээрийн төслийн хүрээнд туршилтын тээвэрлэлт хийх арга хэмжээ бодит ажил хэрэг болж байгаа нь Тяньжин – Улаанбаатар - Улаан-Үд хооронд олон улсын туршилтын ачаа тээврийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулагдаж, цаашид энэ чиглэлд хийгдэх олон улсын тээвэрлэлт тогтмолжихийн илрэл гэдгийг онцолсон юм. Мөн энэхүү үйл ажиллагаа нь Тяньжиний “Тээвэр ложистик төв” төслийг эхлүүлэхэд түлхэц болох талаар дурдаад цаашид тээвэр ложистикийг хөгжүүлэх чиглэлээр нягт уялдаатай хамтран ажиллаж ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны олон давуу тал, үр өгөөжийг бий болгоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лью Шиаомин энэхүү төслийг урагшлуулах талаас нь бүхий л боломжоор дэмжин, хамтран ажиллана гэдгээ ч хэлж байв.

 

Ийнхүү Эдийн засгийн хувьд харилцан нээлттэй байж, бие биеийн хөгжлийн стратегийг уялдуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Хүмүүнлэгийн хувьд гурван улсын ард иргэдийн солилцоог идэвхжүүлж, гурван талын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлж хамтдаа хөгжих түүхэн хуудас нээгдлээ.

 

 

Энэхүү олон улсын транзит тээвэрлэлтийн үйл ажиллагаа нийтдээ 2152 км урт үргэлжлэх бөгөөд нийтдээ Монгол-Хятад-Орос гурван улсын 11 томоохон хот, боомтуудыг дайран өнгөрч, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой тээврийн замыг нээж буйгаараа онцлог юм. Ази, Европ хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр, хоёр дахин урт замыг 2-3 дахин их хугацаанд тээвэрлэдэг. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол замнал байдгаас хамгийн дөт нь Монгол улсаар дайран өнгөрдөг тул эдийн засгийн хэмнэлт бүхий тээвэрлэлт бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр 45 хоногийн хугацаанд тээвэрлэдгээс цаг хугацааны хувьд алдагдалтай байдаг аж. Харин Ази, Европ хооронд төмөр замаар ачаа тээвэрлэхэд 10 хоногийн хугацаа зарцуулагддаг бөгөөд авто замаар тээвэрлэлт хийхэд эл хугацааг 7 өдрийн дотор туулах бүрэн боломжтой юм. Зүүн Ази-Европыг холбосон энэхүү ачаа тээврийг хөгжүүлснээр зөвхөн БНХАУ-д экспортлохоос гадна Солонгос, ОХУ, Казахстан улсад ч нийлүүлэх боломж бүрдэж байна.

 

Энэхүү гурван улсын транзит цуваа энэ сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод ирэх бөгөөд Монгол талаас нээлтийн арга хэмжээ зохион байгуулахаар Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл зэрэг байгууллагууд ажиллаж байна. Тус ёслолын арга хэмжээний хүрээнд гурван улсын тээврийн цувааг ГЕГ, МХЕГ, ЗЦГ, ХХЕГ, ИХШХЕГ зэрэг байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэйгээр угтан авахаар төлөвлөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (139.5.217.122)

    2016-08-20

    Avtoteevriin Undesnii tuviin orosoor ch hyatadaar ch angiili helch ugui dului medleggui Puntsag, Batbaatar naryg hurdan zailuulaachee.