Хөгжлийн бэрхшээлтэй 100 хүнийг В, С вирусийн шинжилгээнд үнэгүй хамруулна

 

        Сэргээн засалт, хөгжлийн төвийн II байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хавсарсан эмгэгээс урьдчилан сэргийлэх үүднээс элэгний В, С вирусийн шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулж эхэллээ. Энэ талаар тус эмнэлгийн дарга Д.МОЛОР-ЭРДЭНЭЭС тодрууллаа.

 

-Дээрх арга хэмжээг хаанаас, ямар зорилгоо зохион байгуулж байгаа вэ. Хэдий хугацаанд үргэлжлэх юм бол?

 

-Олон улсын JCI, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүйгээр элэгний В, С вирусийн шинжилгээ, вакцинжуулалтад хамруулж байна. Уг арга хэмжээ энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж байгаа бөгөөд 10 хүн тутмын нэг нь В вирусийн халдвартай байна гэсэн судалгаа бий. Элэгний В, С вирусын халдвар авсан хүмүүсийн 85 хувьд шинж тэмдэг илрэхгүй, өвчин нь даамжирдаг. Тиймээс нийгмийн зорилтот бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байна.

 

-Шинжилгээнд хэчнээн хүнийг хамруулах вэ. Ямар нэгэн шаардлага бий юү?

 

-Уг шинжилгээ, вакцинжуулалтад хөгжлийн бэрхшээлтэй 100 хүнийг хамруулна. Ирсэн бүх хүнд үзлэг хийнэ. Харин өдөрт 30 хүнд шинжилгээ хийнэ. Ер нь манай эмнэлэг харьяалал хамаарахгүйгээр хөдөө орон нутгаас ирсэн ч хэвтүүлж эмчилдэг. Энэ утгаараа харьяа дүүрэг хамаарахгүй. Нас харгалзахгүйгээр хамруулна. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй байхад л хамрагдах боломжтой. Эмч мэргэжилтний хувьд манай төвийн лабораторын хоёр, үзлэгийн гурван эмч өөрсдөө үзлэг шинжилгээгээ хийж байна.

 

-Шинжилгээний хариу хэр удаж байж гардаг юм бэ. Хэрэв шинжилгээгээр вирустай гарвал яах вэ?

 

-ЭлэгнийB,Свирусбайгаа эсэхийг үзэж түүний хүндрэл болон цаашид өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вирусийн маркер үзэж байна. Хэрвээ тухайн хүнд B,С вирус илэрсэн тохиолдолд цаашид хаана, яаж эмчлүүлэх зөвлөгөөг өгнө. Илрэхгүй бол вакцинд хамруулна. Эхний дөрөв хоногт хүмүүсээс өдөрт гуч гучаар нь шинжилгээгээ авах бөгөөд шинжилгээний хариу маргааш нь гарна. Хариу нь гарангуут вакцинд хэзээ хамрагдах эсэхийг нь хэлж өгнө. Ирэх долоо хоногийн даваа гаригаас вакцинжуулж эхэлнэ.

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вакцин хийхэд харшлах зүйл бий юү?

 

-Вакцины хувьд гаж нөлөө гарах нь бага. Гэхдээ лабораторын эмчээс асуусны дараа стандарт, зохих шаардлагын дагуу вакцинаа тарина.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)