Иргэдэд 200 сая төгрөгийн эмчилгээг үнэгүй хийнэ

 

        "Хаппи веритас” оношлогооны төвөөс элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээг хийх сарын аян зарлаж байна. Аяны хүрээнд нэн шаардлагатай иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийх гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар тус төвийн дэд захирал Г.БАТГЭРЭЛЭЭС зарим зүйлийг тодрууллаа.

 

-Аяны хүрээнд элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээнд хамрагдах иргэд хаана бүртгүүлэх вэ. Явуулын цэг ажиллуулах боломжтой юу?

 

-Элэгний өвчлөл, хорт хавдрын хожуу үеийн илрэл монголчуудын нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэж байгаа. 2013 оны байдлаар элэгний хорт хавдрын 81,2 хувь нь хүндэрсэн үедээ оношлогдож байсан гэсэн судалгаа бий. Үүнд эрт илрүүлэлт чухал учраас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сарын аян зарлаж байна. Есдүгээр сарын 15-наас иргэд “Хаппи веритас” оношлогооны төвд хандан шинжилгээнд хамрагдана. Мөн байгууллага хамт олон бидэнд хандсанаар явуулын цэг ажиллуулан очиж оношлогоо хийж болно. Манай төвийн хяналтад өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн байдаг бөгөөд аяны хүрээнд хавдар, хатуурал хүнд шатандаа орсон зорилтот бүлгийн хүмүүсийн эмчилгээг үнэгүй хийнэ.

 

-Үнэ төлбөргүй эмчилгээнд хэчнээн иргэн хамрагдах боломжтой вэ?

 

-Эмчилгээнд аль болох олон хүн хамруулахыг хичээж ажиллана. Шаардлагатай эм тариаг оруулаад 200 гаруй сая төгрөгийн эмчилгээ хийнэ гэж тооцоолсон. Оношлогоо, шинжилгээний үр дүнгээс хамааран нэг хүнд дунджаар 3-4 сая төгрөгийн эмчилгээ хийдэг. Тиймээс 60-70 хүн хамрагдах боломжтой. Гэхдээ хүн бүрийн эмчилгээ өөр учраас тоо нь чухал биш. Нийгмийн хариуцлага гэдэг утгаараа 200 сая төгрөгт багтааж аль болох олон хүнийг хамруулах бодолтой байгаа.

 

-Ямар төрлийн эмчилгээ хийх вэ. Эмчилгээний үр дүнгийн талаар судалсан уу?

 

-Манай улс элэгний вирусийн эсрэг харвони эмийг 2015 онд оруулж ирсэн. Дараа нь 2016 оны дөрөвдүгээр сарын сүүлээр “Ledvir” хэмээх эмийг импортолсон байдаг. Энэ хоёр эмийг эмчилгээнд хэрэглэснээр 99-100 хувь вирусийг устгадаг гэсэн судалгаа байна.

 

Г.Мягмарсүх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.29.35)

    2016-09-16

    zob zvil sanaactilsan khamt olond ajlin ikh amjilt khvsej, bikh khvmvvsd ervvl enkhiig erooe