Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 1-нд эхэлнэ

 

        Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх сарын 19-нд болно. Энэ удаагийн сонгуульд автоматжуулсан систем ашиглах бөгөөд сонгуулийн бэлтгэл ажилд зориулж 13.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталжээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар наймдугаар сарын 31-ний дотор намаас нэр дэвшигчид, есдүгээр сарын 3-ны дотор бие даагчид бүртгүүлэх заалттай. Мөн хуулийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлэх ёстой юм. СЕХ-ноос гаргасан сонгуулийн үйл ажиллгааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дуусчээ. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Хамгийн олон сумтай Төв аймагт 1107, Хөвсгөл аймаг 1100 хүн 500 гаруй мандатын төлөө өрсөлдөх юм байна. Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 29- ний дотор олгож дуусах ажээ. Ингэснээр нэр дэвшигчид сурталчилгаагаа ирэх сарын 1-нээс эхлүүлнэ. Түүнчлэн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах, байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагуудад ажиллах ажилтнуудад гэрчилгээ олгож, сургалт зохион байгуулжээ. Хамгийн сүүлд СЕХ-ны мэдээллийн санд бүртгэгдэн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан 22 мянган орчим ажилтан байна.

 

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)