“Лалын улс” химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй гэв

 

        “Лалын улс” бүлэглэлийн босогчид Иракт байрлаж буй Америкийн цэргүүд рүү химийн бодисоор цэнэглэсэн пуужин харвасан байж магадгүй гэж АНУын цэрэг армийн төвөөс мэдэгджээ. Багдадаас 65 км-ийн зайд байрлах Мосул хотын ойролцоох “Каяара” гэх агаарын цэргийн бааз дахь Америкийн цэргүүдийн байрлалаас хэдхэн метрийн зайд туссан пуужинг “гичийн хий” буюу иприт хэмээх химийн бодисоор цэнэглэсэн байх магадлалтай аж. Хэрэв химийн зэвсэг гэдгийг баталбал энэ нь Ирак дахь эвслийн цэргийн хүчний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн анхны халдлага болох юм. “Есдүгээр сарын 20-нд Иракийн цагаар үд дунд Каяара дахь Иракийн агаарын бааз халдлагад өртсөн. Пуужингийн хэсгийг анхан шатны шилжилгээнд илгээхэд эерэг үзүүлэлттэй гарсан. Баазад ноцтой хохирол учраагүй ч болзошгүй нөхцөл байдлаас сэрэмжилж хамгаалалтаа чангатгахыг үүрэг болгосон” гэж Пентагон мэдэгдэлдээ дурдсан байна. Ирак дахь Курдын дайчдын эсрэг химийн зэвсэг ашигласан 20 гаруй тохиолдлыг баримтжуулсан байдаг бөгөөд тэдгээр тохиолдлын дөрөвний нэгт нь “гичийн хий” ашигласан байдаг гэнэ. Уг хий нь арьс, нүд болон амьсгалын замыг гэмтээснээр хүнд хор учруулж улмаар амь насанд аюул учруулдаг. Халдлагын үеэр амиа алдсан болон шархадсан тохиолдол гараагүй байна. Баазад байрлаж байгаа цэргүүд химийн довтолгооноос хамгаалах бэлтгэл сургуулилт хийсэн аж. Иракийн хоёр дахь том хот болох Мосул нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Лалын улс”-ын хяналтад байгаа бөгөөд уг хотыг чөлөөлөх ажиллагаа ирэх долоо хоногт эхлэх төлөвтэй байгаа юм. АНУын цэргүүд дайралтад бэлтгэхэд нь Иракийн армид тусалж байгаа гэнэ. Түүнчлэн Иракийн Ерөнхий сайд Мосул хотын ойролцоо байрлах “Каяара” агаарын цэргийн бааз руу пуужин харвасан болохыг батлаад “Хэт даврагчдын зэр зэвсэг улам хүчирхэг боллоо. Энэ он гараад тэд алсын тусгалтай пуужин харвах нь нэмэгдсэн” хэмээжээ. Өнгөрсөн онд Цагаан ордноос “Исламын улс” бүлэглэлийн радикалууд химийн зэвсэг үйлдвэрлэж сурсан. Ирак, Сирийн нутаг дэвсгэрт хамгийн аюултай химийн зэвсгийг идэвхтэй хэрэглэж байна” гэж мэдээлж байсан билээ. Албаны тайланд дурдсанаар террористууд нунтаг гичийг тэсрэх бодист нэмж байгаа аж. Өмнө нь, “Лалын улс” бүлэглэл нь Ирак болон Сирийн хэд хэдэн бүс нутгийг захирч байх үедээ химийн зэвсэг үйлдвэрлэж, хэрэглэсэн гэж үздэг. Түүнчлэн Иракийн удирдагч агсан Саддам Хуссейн 1980-1990 оны үед химийн зэвсэг ашиглаж Курдын босогчдын эсрэг хүч хэрэглэж байсан. 2013 оны наймдугаар сард Сирийн дарангуйлагч Башар Ал Асад химийн зэвсэг ашиглан 1400 хүнийг хөнөөсөн зэрэг хэргээс үүдэн уг зэвсгийг ашиглахыг олон улс даяар хориглодог юм байна.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)