АНУ-ын иргэдийн мэдээллийг “Исламын улс” бүлэглэлд өгсөн хакерт ял оноожээ

 

        “Исламын улс” бүлэглэлд тусалж байсан гадаадын хакерт АНУын Холбооны шүүхээс 20 жилийн хорих ял оноосон талаар “Guardian” агентлаг мэдээллээ. Ардит Феризи хэмээх 20 настай хэрэгтэн нь Косово улсын уугуул бөгөөд өнгөрсөн жил Малайз улсад байрлаж байхад нь баривчилсан юм. Тэрбээр радикал бүлэглэл “Исламын улс”-д тусалж, АНУ-ын төр, армийн албан хаагч мянга гаруй хүний мэдээллийг өгсөн байна. Хэрэгтний өмгөөлөгч Элизабет Муллин “Миний үйлчлүүлэгч террористуудын үзэл сурталд автаагүй. Тэр юу хийж буйгаа, хийсэн зүйл нь хэр хор хөнөөлтэйг ч ойлгоогүй төлөвшиж амжаагүй байсан өсвөр насны хүү. Түүнд шүүхээс хэтэрхий хүнд ял оноолоо” хэмээн ярьжээ. АНУ-ын шүүхээс хэрэгтэнд компьютер хакердалт, терроризм гэсэн үндэслэлээр зэрэг ял тулгасан нь анхны тохиолдол гэнэ. Ардит Феризи нь компьютерийн сүлжээнд нэвтэрч, 1300 орчим төр, армийн албан хаагчийн нэр, имэйл хаяг, нууц үг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг “Исламын улс” бүлэглэлд дамжуулжээ. Өнгөрсөн баасан гаригт болсон шүүх хурлын үеэр шүүгч түүнээс уг хэргийг үйлдэх болсон шалтгааныг асуусан байна. Хэрэгтэн “Олон нийтийг айлгаж сандаргасандаа харамсч, болчимгүй үйлдэлдээ гэмшиж байна” гэжээ. Прокурор түүнд 25 жилийн ял төлөвлөж байсан ч өмгөөлөгчийн үндэслэлийг харгалзан таван жилээр бууруулсан аж. Шүүх хурлын үеэр туслах прокурор Ван Грак шүүхийн үндэслэлийг танилцуулсан байна. Түүний мэдэгдэлд дурдсанаар “Исламын улс” бүлэглэл өнгөрсөн жил мэдээлэл нь алдагдсан иргэдийн нэрсийг халдлага хийх бай болгон зарлаж байсан нь хохирогчдыг хүнд байдалд оруулсан. Түүнчлэн 1300 иргэний хувийн мэдээллийг террористууд илгээж байгаа гэдгээ хүү мэдэж байсан. Хохирогчдыг аюул занал үргэлж дагаж яваа гэжээ. Түүнчлэн Ван Грак хохирогч болсон нэгэн эмэгтэй хувийн мэдээллээ алдсанаа мэдсэнээс хойш сэтгэлийн гүн хямралд орж, айдаст автсанаасаа болж эрүүл мэндийн хувьд асуудалтай болсон гэв. Харин хэрэгтний өмгөөлөгч Элизабет Муллин жагсаалтад дурдсан хүмүүс ямар нэг бодит хохирол амсаагүй гэж мэдүүлсэн ч шүүхээс тэдний амьдралыг эрсдэлд оруулсан гэж үзжээ. Хэрэгтэн Ардит Феризи нь Косовогийн исламын шашинтай гэр бүлд төрж өссөн аж. Түүнийг дөрвөн настай байхад НАТОгийн агаарын цохилт Сербийн армийг нутгаас нь гаргаж, эцэст нь Косово тусгаар тогтнож байжээ. Феризигийн авга ах нь дайнд амь үрэгдэж, эцгийг нь барьцаалж байсан гэнэ. Мөн өсвөр насандаа Косовогийн Засгийн газрын мэдээллийн санд халдаж байсан ч ямар нэг шийтгэл хүлээгээгүй байна. Дараа нь онлайн аюулгүй байдлын чиглэлээр Малайз улсад суралцаж байсан бөгөөд энэ үеэр түүний сэтгэцийн өвчин хүндэрсэн гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн ч шүүхээс үүнийг нь авч хэлэлцээгүй байна.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)