Цагаан ордон Башар Асадын армид цохилт өгөх үү

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Сирийн Алеппо мужид өрнөсөн нөхцөл байдлыг үндэслэн тус улсын сөрөг хүчнийхэнд цэргийн дэмжлэг үзүүлэх боломжийг судалж байгааг “Reuters” агентлаг мэдээллээ. Ингэхдээ нэрээ нууцалсан хоёр эх сурвалжийн мэдээллийг үндэслэжээ. Эх сурвалжийн өгүүлснээр, Вашингтон Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлээд зогсохгүй агаараас дэмжлэг үзүүлэх асуудлыг ярьж буй аж. Түүнчлэн Курд болон Сирийн сөрөг хүчнийхэн рүү цэргийн зөвлөхүүдээ илгээж, Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт тэнгисийн болон агаарын хүчнээ нэмж байрлуулах асуудлыг ч судалж буй аж. Үүний зэрэгцээ Сирийн сөрөг хүчинд тусламж үзүүлэх хүмүүнлэгийн зам нээх төлөвлөгөөг ч хэлэлцэж эхэлжээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч гаргах юм. Ийнхүү Цагаан ордон Сирийн сөрөг хүчнийг дэмжих болсон тухай Вашингтонд ярьж эхэлснийг Оросын “Лента” агентлаг онцолсон байна. Тус агентлагийн мэдээнд, Барак Обамагийн гадаад бодлогын зөвлөх “Сирийг бөмбөгдсөн нь Б.Обамагийн хувьд алдаа болсон. Ялангуяа химийн зэвсэг ашигласан нь дайны байдлыг одоо эргүүлэх боломжгүй ч Оросын талыг зогсоох гарц хайх хэрэгтэй” хэмээснийг эш татжээ. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Керби ОХУ болон Сирийн Засгийн газрын хүчин Алеппогийн эмнэлэг, усан хангамж болон бусад дэд бүтцэд цохилт өгсөнд шүүмжлэлтэй хандсан юм. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт Сиритэй холбоотой асуудлаарх хоёр талын хамтын ажиллагааг цуцлахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд “ОХУ Алеппод агаарын дайралт хийхээ зогсоож, гал зогсоох дэглэмийг сэргээхгүй бол терроризмтэй тэмцэх тал дээр хамтрахгүй” хэмээн тусгажээ. Харин ОХУ-ын тал “Сирийн хямралыг зохицуулах хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн” гэдгээ илэрхийлсэн байна. ОХУ-ын зэвсэгт хүчний Ерөнхий штабын шуурхай удирдлагын тэргүүний нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Виктор Познихир Ерөнхийлөгч В.Путиний даалгавраар ийм шийдвэрт хүрснийг мэдэгдсэн юм. Энэ сарын 9-ний өдөр ОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Женев хотноо 14 цагийн туршид хэлэлцсэний эцэст Сирид гал зогсоох тохиролцоонд хүрч, хоёр талын цэргийн ажиллагааг зохицуулахаар болсон юм. Харин энэ сарын 19-ний өдөр гал зогсоох дэглэмийн хугацаа дууссан бөгөөд Сирийн арми Оросын агаар сансрын хүчний дэмжлэгтэйгээр Сирийн сөрөг хүчний түшиц газар болсон Алеппо руу өргөн хүрээтэй дайралт хийж эхлээд байна. ОХУ Алеппо хот руу агаарын дайралт хийхээ зогсоохгүй бол Сирийн хэлэлцээг дуусгавар болгоно гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт анхааруулсан байна. Тэрбээр С.Лавровтой утсаар ярих үеэрээ энэ тухай мэдэгджээ. Долоо хоногийн өмнө Сирид гал зогсоох тохиролцоо дууссанаас хойш Алеппо хотод агаарын цохилт өгөх ажиллагаа эрчимтэй өрнөж эхэлсэн билээ. Жон Керри болон Сергей Лавров нар утсаар ярилцсаны дараа ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Евгений Загайнов мэдэгдэл хийж “Сирид өгч байгаа агаарын цохилтод ОХУ-ыг буруутгах хандлагаа зогсоох хэрэгтэй. Энгийн иргэд агаарын цохилтод өртөж байна гэх нотолгоогүй мэдээлэл амны уншлага болж үүнд Дамаск, Москва хоёрыг буруутгаж байна” гэжээ. Гэсэн хэдий ч Оросын тал өчигдөр Алеппо хотын нөхцөл байдлыг тогтворжуулах асуудлыг АНУ-тай хамтран хэлэлцэхийн тулд төлөөлөгчдөө Женев рүү илгээнэ гэсэн байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)