Т.Бадрахбаяр: Хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувиар алдсан иргэдийн тэтгэмжийг хэвийн олгож байна
- 2016-10-13
- Үнэн
- 0
Хөдөлмөр эрхлэлтийн ерөнхий газрын Халамжийн асуудал эрхэлсэн дэд дарга Т.Бадрахбаяртай ярилцлаа.
- “Сүүлийн үед халамжийн мөнгийг олгохгүй байна” гэсэн гомдол, санал гарах боллоо. Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд хэчнээн төгрөгийн халамж олгодог вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийн ерөнхий газраас 69 нэр төрлийн халамжийн үндсэн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Өөрөөр хэлбэл нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай иргэдэд тусалдаг гэсэн үг. Үүний дотор хөдөлмөрийн чадвараа 50-70 хувь хүртэл алдсан иргэдэд сар бүр 140 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Мөн төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн сангаас тэтгэмж олгодог. Тэдэнд олгох тэтгэмжийг тасалдуулсан явдал байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон халамжийн үйлчилгээ авдаг бүлгийнхний төсвийг танаагүй. Харин халамжийн сангаас олгодог хоёр төрлийн үйлчилгээнээс хассан. Тодруулбал, ахмад настны рашаан сувилал, амралтад амрахад олгодог төсвийг 50 хувиар бууруулсан. Зайлшгүй шаардлагатай иргэдэд асаргааны 58 мянган төгрөг, ахмадын рашаан сувилал, амралтад нэг удаа явах замын зардлын 50 хувийг журмаараа олгож байна. Гэхдээ үүнийг нэг хүнд очих мөнгөний хэмжээ багассан гэж ойлгож болохгүй. Хавтгайруулан олгохыг хязгаарласан.
-Манай улсад хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувиар алдсан хэчнээн иргэн байдаг вэ?
-2016 оны эхний хагас жилийн байдлаар 50319 хүнд 2.8 тэрбум төгрөг олгожээ. Энэ бол хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувь алдсан болон төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан тоо юм.
-Хөдөлмөрийн чадамжаа 50-аас доош хувь алдсан иргэдэд олгох тэтгэмжийг хэрхэн зохицуулдаг юм бол?
-Хөдөлмөрийн чадамжаа 50-аас доош хувь алдана гэдэг бол тухайн иргэн ахуйн болон үйлдвэрлэлийн осолд өртсөн. Улмаар дахин эдгэрч, сэргэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэмжээний эмчилгээ сувилгаанд хамрагдаад хөдөлмөрийн чадвараа сэргээх боломжтой гэж үздэг учраас халамжийн тэтгэмжийг төрөөс олгодоггүй. Хөдөлмөрийн чадамжаа 50-аас дээш хувь алдсан иргэдийн биеийн байдал сэргэхдээ удаан, урт хугацаа ордог. Урт хугацааны турш хөдөлмөр эрхлэх боломжгүй хүмүүст зайлшгүй халамжийн тэтгэмж хэрэгтэй гэж үзээд сар бүр мөнгө олгодог.
-Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөрийн чадвараа 50- аас дээш хувь алдсан иргэд нийгмийн халамжид хэрхэн бүртгүүлэх вэ?
-Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс гэж бий. Уг комисс нь шийдвэр гаргах төвшний гишүүдтэй. Комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувь алдсан гэж гарвал тэтгэмж авах бүрэн боломжтой. Ингэхийн тулд хамгийн түрүүнд өргөдөл, хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тодорхойлсон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг авчирна. Эдгээр материалыг бүрдүүлээд халамжийн сангийн мэргэжилтэнд хандвал манайхаас тэтгэмж авах эрх бүрдэнэ.
-Жил бүр халамжийн салбарт хэчнээн төгрөг төсөвлөдөг вэ?
-2012 оноос хойш авсан судалгаагаар халамжийн санд зарцуулж байсан нийт хөрөнгийн хэмжээ 2012, 2013 онд их өндөр буюу 900 гаруй тэрбум төгрөг байсан. Сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээгээр бууруулсан. Энэ онд 506 тэрбумыг төсөвлөсөн байна.
-Халамжийн салбарт төсөвлөдөг уг санхүүжилтийг хэрхэн зарцуулдаг вэ?
-Зайлшгүй шаардлагатай, хэрэгцээтэй зорилтот бүлэгт халамжийн үйлчилгээг хүргэхийг зорьдог. Хэт хавтгайруулах үзэгдэл нь нийгмийн эдийн засгийн хөгжилд сөрөг үр дагавар үзүүлдэг. Хүмүүс халамж руу хошуурах, аль болох ядуу, эмзэг бүлэгт орохыг хичээдэг. Тиймээс халамжийг тэлэх бодлого нь тийм ч оновчтой биш. Тиймээс өнгөрсөн жилүүдэд халамжийн салбарын төсвийг тодорхой хэмжээгээр бууруулж, шаардлагатай хүнд нь хэрэгцээтэй халамжийг үзүүлэхээр зорьж ирсэн. Энэ онд 506 тэрбумыг нийгмийн халамжийн салбарт зарцуулахаар төсөвлөсөн байна. Үүнээс 188.6 тэрбумыг эмзэг бүлгийн зайлшгүй халамж хэрэгтэй байгаа хүмүүст зарцуулж байна. Тодруулбал, амьжиргааны төвшин доогуур айл өрхийн том хүнд 13 мянга, хүүхдэд 6500 төгрөгийн хүнсний талон олгодог. Уг талоноор шаардлага хангасан нэрийн барааны дэлгүүрээр тодорхой нэрийн бүтээгдэхүүн авахаар заасан байдаг. Мөн 317.9 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөний санхүүжилт, алдарт эхийн одонтой эхчүүд, алдар цолтой ахмад дайчин, Хөдөлмөрийн баатар, гавьяатад олгодог тэтгэмжид зарцуулахаар зохицуулжээ.
-Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож эхэлсэн талаар мэдээлэл иргэдийн дунд байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Хүүхдийн мөнгийг 0-18 насны нэг сая 30 мянган хүүхдэд олгодог. Эдгээр хүүхдийн зорилтот бүлэгт нь олгоно гэсэн шийдвэрийг өнгөрсөн оны сүүлээр гаргаж, 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг суулгахаар баталсан байдаг. Энэ нь нийт хүүхдийн 60 гаруй хувьд нь хүрэх хэмжээний санхүү юм. 2016 он гарсаар Засгийн газраас эргээд бүх хүүхдэд мөнгө олгох шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, төсөвт мөнгийг нь суулгаагүй хэрнээ Засгийн газраас бүх хүүхдэд мөнгө олгоно гээд шийдвэрлэчихсэн. Улмаар энэ оны төсөвт суусан 144 тэрбум төгрөг нь эхний хагас жилд дууссан. Тиймээс энэ оны сүүлийн хагас жилийн хүүхдийн мөнгөний төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага гарсан. Эдийн засаг хүндрэлтэй, төсөв бүрдүүлэлт бага байгаа энэ цаг үед хүүхдийн мөнгийг олгох шинэ журам гаргасан. Уг журмаар Засгийн газраас “Хүүхдийн мөнгийг 100 хувь үргэлжлүүлэн олгоно. Ямар нэгэн байдлаар нэг ч хүүхдийн мөнгийг таслахгүй” гэсэн шийдвэр гаргасан. Харин энэ шийдвэрийг хэрэгжүүлэх процессийг хоёр янзаар явуулах болсон. Тодруулбал, 2016-2018 онд зорилтот бүлгийн 640 мянган хүүхдийн мөнгийг бэлнээр олгож, үлдсэнд нь 2019 онд нөхөж олгохоор зохицуулсан.
-Амьжиргааны төвшнөө дахин тогтоолгох хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хүлээж авч байгаа юу?
-Иргэдийн амьжиргааны төвшин тогтоолгох судалгааг гурван жилд нэг удаа бүх нийтээр нь шинэчлэн хийх ёстой. Гэхдээ амьжиргааны төвшнөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа өрх жилд нэг удаа дахин судлуулах эрхтэй. Тухайн харьяа газрын халамжийн газартаа хандаж судалгаанд хамрагдана. Энэ долоо хоногийн даваа гаригт шинэчилсэн анкетыг бүх салбартаа хүргүүлсэн. Тиймээс шинэ асуулга хэвлэгдэж очоогүй байхад салбарын мэргэжилтнүүд судалгаанд хамрагдах боломжгүй гэсэн хариулт өгч байсан байх. Харин одоо дахин судалгаандаа ямар ч асуудалгүй хамрагдах боломжтой.
Ц.Заяа
Сэтгэгдэл (5)
(202.179.31.118)
erdene lambaa nariin hamtarsan shiidveriig huchingui bolgoj uguuch
ene (202.21.124.15)
ter hyyhen zaalta butsaaj bj busad hunii tetgeber olgodoh yum
ene (202.21.124.15)
hudalch
ene (202.21.124.15)
eryl mendin saidin tushaal gedger 10-48 zaaltign hassan bga ene hyn hudla aurj bna
(119.40.103.50)
ҮнÑнүү??? ÑÑгвÑл СÐÐÒ¯Ò¯Ñгийн нийгмийн дааÑгалийн баÑÑÑнгÑл 2 жил болÑонÑÑ? Ñа ÑÑгвÑл Ñ ÑÑÐ»Ñ Ð¸Ð¹Ð¼ болÑон гÑÑд Ñ Ð°Ñаад бай Ò¯Ñ ÑÑд бай гÑÑд ÑйлÑÑлаад л Ñ Ð°Ñаад байгаа Ñ Ð´ÑÑ? Ó©ÑÓ©Ó©Ñөн нүдÑÑй Ð°Ñ Ñг Ð¼Ð¸Ð½Ñ Ñ Ð°ÑÑан!