Дэлхийн хамгийн том Хүннү дээлийг олны өмнө дэлгэлээ

 

        Улс тунхагласны 92 жилийн ой, “Батзүү” компанийн 20 жилийн ой, “Монгол бахархал”--ын өдрийг тохиолдуулан дэлхийн хамгийн том Хүннү дээлийг “Батзүү” компанийнхан урлаад байна. Гурвалсан баяр давхацуулан урласан энэхүү дээлийг хоёр сар гаруйн хугацаанд Монгол Улсын мастер оёдолчид мэтгэжээ. 

 

      14 метрийн өндөртэй, 18 метрийн өргөнтэй хагас сая метр даавуу орсон Хүннү дээлийг тус компанийнхан хэвлэлийнхэнд дэлгэн үзүүлсэн нь өөрийн эрхгүй олны сонирхлыг асааж, Монгол хүн бүрийн омогшлыг төрүүлсэн явдал боллоо.        Монгол Улсыг дэлхийд сурталчлах, жуулчдыг татах, үндэсний хувцасаа эрхэмлэх  гээд олон талаас нь бодож урласан энэхүү дээлийн эх загвар нь өдгөө манай  улсын төв музейд хадаглагдаж буй Хүннү дээлээс эхтэй аж. Тус музейд байх дээл нь МЭӨ XIII зуунд урласан бөгөөд Хэнтий аймгаас олдсон ийм ховор зүйл юм байна. Тиймээс өвөг дээдсийнхээ энэхүү загвараас үүдсэн хагас сая метр материал орсон энэ дээлийг олны өмнө дэлгэж байгаа нь Монгол үндэстэн өөрсдөөрөө бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж байна хэмээн ирсэн зочид дурдаж байсан юм. 
 

 

 

      Энэ үеэр тус ажлыг санаачилагч “Батзүү” компанийн зөвлөх Ж.Оюунчимэг “Дээл өмс гэж бусдад тулгахаасаа өмнө дээлийнхээ мөн чанар, ач холбогдлыг бусдад ойлгуулах нь чухал. Дээлийнхээ мөн чанар, ямар философи шингэснийг ойлгосон хэн боловч өөрийн эрхгүй өмсөх болно. Тиймээс бид нар дээл өмс гэж тулгахаасаа өмнө энэ дээлээ урлаж, бусдад мөн чанарыг нь ойлгуулахыг зорьсон юм. Нөгөө талаар манай өвөг дээдэс чинь ийм учир агуулгатай хувцастай байжээ гэдгийг дэлхий нийтэд сурталчлах зорилго бас бий. Энэ дээлийн энгэр дээд хэсэгт байх хаан хээ бол зүгээр нэг гангараа биш, эр хүний сүлд хийморийг өргөж явдаг тарни үсэг. Ханцуйн улаан эмжээр ч зүгээр нэг зүйл биш. Гаднаас муу зүгийн зүйлийг оруулахгүй хориг гээд бүхий л утга учрыг агуулсан байдаг юм” хэмээж байлаа. 

 

 

        Дашрамд дурдахад тус дээлийг дэлгэн үзүүлэх, олны хүртээл болгож, үндэснийхээ хувцасыг сурталчлахад Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын хамт олон чамгүй тус хүргэж байгааг ч энэ үеэр дурдаж байлаа. Түүнчлэн нийслэлийн зүгээс ч анхаарал хандуулж байгаа тухай олон нийт хэлнэ билээ. Ерөөсөө дэлхийн хэмжээний ийм том бүтээлийг хаа хаанаа анхаарал хандуулахаас гадна үндэсний хэмжээнд авч үзэх асуудал гэдгийг албаны хүмүүс хэлсэн.

 

 

       Дэлхийн хамгийн том дээлийг урлахад олон үйлчин бүсгүйчүүдийн сэтгэлийн ур шингэснээс гадна хадгалах хугацаа болон бусад зүйлээс улбаалан чамгүй өртөг зарсан нь илт харагдана байна лээ. Хүннү дээлийн албан ёсны нээлтийг ирэх сарын дундуур Буянт-Ухаа дахь спорт цогцолборт хийхээр төлөвлөж байгаа аж. Учир нь таван давхар байшингийн хэмжээтэй аварга том дээлийг спорт цогцолборт л багтаан шингээхээс өөр газар ховор юм байна. Мөнхүү тус дээлийг олонд дэлгэн үзүүлэхэд төмөр карказаар тусгайлсан рам бэлдүүлэхээр “Ганхийц” компанид захиалга өгөөд байна.   

 

С.Баяр
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)