Б.Цогтбаяр: Д.Нацагдорж нарт хорвоод цөөхөн жил амьдрахдаа мөнхийн бүтээл туурвижээ

 

        Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан “Дээд гэгээн” пикчерсийн уран бүтээлчид “Харанхуй хад” уран сайхны киног хийжээ. Энэ талаар Монголын үндэсний кино академийн тэргүүн, найруулагч Б.Цогтбаяртай ярилцлаа.

 

-Их зохиолчийн амьдрал, уран бүтээлийн тухай кино бүтээх санаа хэзээ төрсөн бэ. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

 

-Төрийн шагналт Б.Балжинням багш маань өнгөрсөн есдүгээр сард бурхан болж бидэнд хүнд гарз учирсан. Ингээд би багшийнхаа дурсгалд зориулж нэг уран бүтээл хийхээр шийдсэн юм. Багш маань их зохиолч Д.Нацагдоржийн тухай “Саруул талын ерөөл” сайхан кино бүтээсэн. Гэвч тухайн үеийн нийгэм цаг үеийн байдлаас болж эл бүтээлд Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их хүний ээдрээт амьдрал хувь тавиланг нэг талаас харуулсан сул тал бий. Тиймээс багшийнхаа дутууг гүйцээхээр уг кино төслийг эхлүүлсэн юм.

 

-Кино зохиолыг хэн бичсэн бэ?

 

-Би бичсэн. Кино хийхийн тулд Д.Нацагдорж судлаач, зохиолчидтой уулзах, судалгааны бүтээлтэй танилцах, их зохиолчийн өөрийнх нь бүтээлийг уншиж судлах шаардлагатай болсон. Д.Нацагдорж нь нарт хорвоот 31 жил амьдрахдаа зуу зуунаар мөнхрөх бүтээлүүдийг туурвисан юм. Энэ бичгийн их хүний дотоод зөрчил, амьдарч байсан нийгэм цаг үеийнхээ хүнд цохилт, дарамтад автаагүй гэгээн оюун, эх оронч үнэнч сэтгэлийн хат нь энэ ажлыг хэрэгжүүлэхэд хүргэсэн гэж хэлж болно.

 

 

-Та киногоо түүний зохиолын нэрээр нэрлэжээ?

 

-Харанхуй хад өгүүллэгийг сонгож авсан нь учиртай. Өгүүллэг нь их зохиолчийн амьдрал тэмцлийн тухай төдийгүй уран бүтээлчдийн сэтгэлийн дотоод тэмцэл, зөрчил, уран бүтээлийн эрэл хайгуулын тухай өгүүлдэг. Энэ өгүүллэг нь өвөрмөц, абсракт зохиол юм. Нэг талаас зөгнөлт зохиолч юм шиг хэрнээ зүүд ч юм шиг бичилтийн хувьд өвөрмөц бүтээл. Эдгар Аллен Погийн “Алтан цох”-той бичлэгийн хувьд төстэй. Өгүүллэгийг уншаад олон талаас нь задалж үзэж болмоор их сонирхолтой. Миний бодлоор “Харанхуй хад” өгүүллэгт гарч буй би баатарын дүр бол Д.Нацагдорж өөрөө юм. Энэ өгүүллэгт гарч буй уул, ус, цөл газруудаар нартай бороотойд эрэл хийн явж буй нь Д.Нацагдорж.

 

-“Харанхуй хад” өгүүллэгийн зохиомжоор кино зохиолоо бичсэн хэрэг үү?

 

-Тийм. Кино зохиолоо “Харанхуй хад” өгүүллэгээр гол шугамаа болгон их зохиолчийн амьдралын урьд өмнө тайз дэлгэцийн бүтээлд дурьдаагүй үйл явдлуудаар баяжуулан бичихийг зорьсон. Өөрөөр хэлбэл, энэ өгүүллэгийн санаагаар Д.Нацагдоржийн амьдралын адармаатай, төвөгтэй хэсгүүдээс кинондоо оруулж, өөрийн зохиогчийн тайлбар санаагаа дэвшүүлсэн юм. Би кинондоо өөрийнхөөрөө Д.Нацагдорж болон Пагмадуламыг дүрсэлсэн. Пагмадуламын талаар хүмүүс муухайгаар ярьдаг. Түүнийг хар тамхичин, хятад хүнтэй суусан зэргээр хэлж ярилцдаг байж. Үүнийг нь батлах ямар ч баримт байхгүй. Энэ хүн өндөр боловсролтой сэхээтэн хүн байв. Би кинондоо Пагмадуламыг цагаанаар харуулахыг зорьсон. Ер нь эл кинонд Д.Нацагдоржийг уран бүтээлч үүднээс бус хүн гэдэг талаас нь үзүүлэхийг хичээсэн. Киноны үйл явдал 1930-аад онд өрнөнө. “Харанхуй хад” зохиол дээр түшиглээд киноны дундуур их зохиолчийн бодлоор түүний багшдаа шавь орж байгаагаас авахуулаад амьдралынх нь эцсийн мөч хүртэл харуулах юм. Д.Нацагдоржийн үхлийг би кинонд өөрийнхөөрөө тайлсан байгаа.Мөн анх удаа их зохиолчийн аав Дашдорж гуайг дэлгэцнээ амилуулснаараа кино онцлог болсон.

 

Б.Мөнх-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)