Г.Энхтайван: Газар тариалангийн ДААТГАЛД ТӨРИЙН ОРОЛЦОО зайлшгүй шаардлагатай

 

        “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХКийн гүйцэтгэх захирал Г.ЭНХТАЙВАНТАЙ ярилцлаа.

 

-Танай байгууллагыг давхар даатгалын цорын ганц компани гэдгээс илүү мэдээлэл иргэдийн дунд тийм ч түгээмэл биш. Компанийнхаа үйл ажиллагааны талаар товч яриач?

 

-Манай улсад одоогийн байдлаар 17 даатгалын, нэг давхар даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Засгийн газар мал аж ахуйг эрсдэлээс хамгаалах шинэ тогтолцоог бий болгохоор 2005 оноос Дэлхийн банктай хамтран малын индексжүүлсэн даатгал төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Мөн энэ төслийг цааш үргэлжүүлэх зорилгоор Засгийн Газраас санаачилсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж, 2014 онд баталсан юм. Цөөн үгээр хэлбэл, хууль эрх зүйн орчин бүрдсэн гэсэн үг. Иймээс манай компани энэ төслийг үргэлжлүүлэхээр 2014 онд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Манай компани малын индексжүүлсэн даатгал хийхээс гадна газар тариалангийн даатгалын бүтээгдэхүүнийг Сангийн яам, ХХААХҮЯ, “Бодь даатгал”-тай хамтарч өнгөрсөн жил туршилтын журмаар хэрэгжүүлсэн. Монгол Улсад давхар даатгал гэдэг шинэ ойлголтыг бий болгож, хөдөө аж ахуйн салбарт элбэг тохиолддог байгалийн давагдашгүй хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх боломжгүй аливаа эрсдэлээс малчид тариаланчдаа хамгаалах даатгалын үйлчилгээг үзүүлж байна.

 

-Одоогийн байдлаар хэдэн малчин даатгалд хамрагдаад байна вэ?

 

-2016 оны байдлаар 18.738 малчин нийт 4.4 сая толгой малыг даатгуулаад байна. Энэ нь өмнөх жилээс өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн жилийн хувьд 10.3 мянган малчин 3.5 сая толгой малыг малын индексжүүлсэн даатгалд хамруулсан. Ер нь бол малын индексжүүлсэн даатгал гэдэг шинэ үйлчилгээ биш. Сүүлийн 10 гаруй жил тасралтгүй хэрэгжиж малчдаа байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл, хулгай, гоц халдварт өвчин зэрэг бэрхшээлийг хохирол багатай даван туулахад дэм болсоор ирсэн. Тоон үзүүлэлтээс харахад даатгалд хамрагдах малчдын тоо цаашид ч өсөх хандлага бий. Малчдын хувьд оршин суугаа нутаг дэвсгэртээ байрлах “Төрийн банк”, ХААН банкинд малаа даатгуулах боломжтой болсон.

 

-Өнгөрсөн онд малчдад ямар хэмжээний нөхөн төлбөр олгосон бэ?

 

-Өнгөрсөн жил даатгуулсан малчдад манай компани 413 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Тэднээс Дорноговь, Сүхбаатар аймгийн малчид дийлэнх хувийг эзэлсэн. Хувь малчны тухайд хамгийн өндөр нөхөн төлбөр буюу найман сая гаруй төгрөгийг нэг малчин авсан байна. 2009 онд дөрвөн аймагт малын индексжүүлсэн даатгалыг хэрэгжүүлэхэд малчдад 1.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байдаг. Тухайн үед хэрэв 21 аймагт хэрэгжүүлсэн бол багаар бодоход 10 гаруй тэрбум төгрөг гарахаар харагдаж байгаа юм.

 

-Малчдад нөхөн төлбөрийг ямар нөхцөлд олгодог юм бэ?

 

-Товчхондоо бид даатгал гэдгийг ирээдүйд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн хөрөнгө оруулалт гэж ойлгох ёстой юм. Манай компанийн зүгээс бүс нутгийн онцлогоос хамаарч сумын нийт малын 5-6 хувиас дээш хэмжээгээр хорогдсон тохиолдолд нөхөн олговор олгодог. Энэ бол олон улсын жишиг үзүүлэлт юм. Харин энэ хэмжээнээс дээш гарсан малын толгой бүрээр 100 хувийн нөхөн олговор олгох журамтай.

 

-Үнийн тухайд...?

 

-Монгол орны хувьд бүс нутаг бүр харилцан адилгүй. Үүнээс хамаарч малын төрөл тус бүрээс 4-5 хувийн хураамж авч байна. Өнөө маргаашаар биш урт хугацаанд харвал малчдад илүү ашигтай. Нэг хонь л гэхэд 20 нас хүрэхгүй нь тодорхой. Харин жил бүр тодорхой хураамжийг нь төлөөд байвал эргээд бүрэн хэмжээний нөхөн төлбөр авах бололцоотой гэсэн үг. Тухайлбал, нэг хонины зах зээлийн үнэ 10 мянган төгрөгийн ханштай байхад 500 төгрөгийн хураамж төлнө.

 

-Мөн танай компаниар дамжуулж, тариланчид талбайгаа даатгуулах боломжтой болсон. Одоогоор хэдэн га-г даатгаад байна вэ?

 

-Товчхон түүх ярихад манай улс 1954-1990 он хүртэл газар тариалангийн даатгалыг төрөөс заавал хийлгэдэг байсан. Харин зах зээлийн нийгэмд шилжсэн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд төрийн дааж байсан эрсдэлийг тариаланчид өөрсдөө үүрдэг болсон. Харин одоогийн нөхцөлд тариаланчдын эрсдэлийг хамгаалсан олон талт үйлчилгээ нэвтрүүлэхэд газар тариалангийн салбар хэтэрхий их эрсдэлтэй. Хэдий ийм ч хамаг эрсдэлийг нь тариаланчдад даалгаад орхиж болохгүй шүү дээ. Газар тариалан, хөдөө аж ахуй бол манай улсын стратегийн чухал ач холбогдолтой салбар. Дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувийг дангаараа эзэлдэг. Манай компанийн хувьд туршилтын журмаар Сэлэнгэ, Төв аймгийн найман суманд өнгөрсөн жил анх удаа улаанбуудайн даатгал хийсэн. Үүний хүрээнд 250 орчим га-г туршилтаар даатгаад байна.

 

-Тариалан эрхлэгчдийн хувьд нөхөн төлбөр авах сайн талтай ч хураамж нь өндөр байна гэсэн шүүмжлэл бас байдаг?

 

-Энэ нь манай улсад нэвтэрч байгаа шинэ төрлийн даатгал. Дээр тариаланчдын эрсдэлийг хамгаалсан олон талт үйлчилгээ нэвтрүүлэхэд эрсдэл өндөртэй гэж би хэлсэн. Манай компанийн хувьд холбогдох байгууллагууд, яамдтай улаанбуудайн даатгалын суурь хураамжийг бууруулах чиглэлд хамтарч ажиллаж байна. Манайхаас бусад оронд энэ төрлийн даатгал бий. Нарийвчлан хэлбэл, 112 оронд үр тариа даатгуулж буйгаас 106 нь төрийн дэмжлэгтэй. Төр энэ чухал салбараа дэмжиж байна гэдэг нэг талаасаа үндэсний аюулгүй байдлын хэмжээний бодлого. Манайд ч гэсэн энэ салбарт төрийн дэмжлэг хэрэгтэй. Харин ямар хэлбэрээр оролцох вэ гэдэг нь тусдаа ойлголт. Дэмжлэг татаас өгөх үү, үгүй бол суурь хураамжийн доторхой хувийг тариаланчдаас чөлөөлөх үү гэдэг бол тийм чухал зүйл биш. Хамгийн гол нь өндөр эрсдэлтэй орны хувьд тариаланчдын даатгалыг зах зээлийн жамаар шийдэх нь чухал байгаа юм. Өнгөрсөн жилийн судалгааг харахад тариаланчид ургацынхаа 60 гаруй хувийг алдсан байна. Хэрэв даатгалтай байсан бол дараа жилийнхээ үрийг бэлтгэх, техник технологио шинэчлэх гэх мэт ажилд санхүүгийн бодит дэмжлэг болох байсан гэдэг нь ойлгомжтой. 2014 онд л гэхэд үр тариа эрхлэгчид даатгалд хамрагдсан бол 150 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авах байсан гэдэг тооцоо ч бий.

 

Д.Ганбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)