18 жилийн турш хэвлий дотроо хайчтай явжээ

 

        Вьетнам эрийн хэвлийд 18 жил байсан хайчийг амжилттай гаргаж авлаа гэж “BBC” агентлаг мэдээллээ. Мэс засалд оролцохоор Тайландын Нгуен мужийн эмнэлэгт ажилладаг эмч Ханойг зорин ирсэн байна. Өдгөө 54 настай өвчтөн эр нэрээ нууцлахыг хүссэн аж. Тэрбээр өнгөрсөн сард зам тээврийн осолд орж, эмнэлэгт хүргэгдэн иржээ. Рентген зураг авсны дараа түүний гэдсэнд хурц үзүүртэй мэс заслын багаж байгааг эмч нар анзаарч, тогтоосон байна. Тэрбээр 1998 оны зургаадугаар сард мөн зам тээврийн осолд орж, хагалгаа хийлгэж байжээ. Тухайн үед хагалгаа хийсэн эмч нар түүний хэвлийд нь хайчаа мартан оёсон байна. Өнгөрсөн хугацаанд гэдсэнд нь ямар нэгэн хурц үзүүртэй зүйл байгааг мэдээгүй бөгөөд саяхнаас түүний ходоод, гэдсээр нь хүчтэй хатгуулан өвддөг болсон ч эмнэлэгт хандаагүй гэнэ. Өвчтөний биенээс хайч гаргах мэс ажилбар гурван цаг орчим үргэлжилсний эцэст 15 см урттай мэс заслын багажыг гаргаж авчээ. Эмчийн хэлж буйгаар хайч зэвэрч, өвчтөний дотоод эд эрхтнүүдтэй наалдсанаас мэс ажилбар хийхэд хүндрэлтэй нөхцөл үүссэн аж. Эрэгтэйн биед мэс заслын багажаа орхиж ажлын хариуцлага алдсан эмчийг тогтоох боломжгүй юм байна. Вьетнамын хуулийн дагуу өвчний түүх, мэс заслын тэмдэглэлийг 15 жил л хадгалдаг гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)