Mobile хувилбар

П.Баатар: Өвдөхгүй байя гэвэл сэтгэлээ л эмнэх хэрэгтэй

2017 оны 1 сарын 31

        Монгол Улсын гавьяат эмч, “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч П.БААТАРТАЙ ярилцлаа.

 

“XXI ЗУУНЫ АНАГААХ УХААН МОНГОЛООС ЭХЭЛНЭ” ГЭЖ БАГШ МААНЬ ҮНЭН ХЭЛЖЭЭ

 

-Юуны өмнө Дэлхийн уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн дэд тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэе. Тус нийгэмлэг хичнээн орныг эгнээндээ багтаадаг юм бэ?

 

-Баярлалаа. Тус нийгэмлэгийн дэд тэргүүн гэсэн үнэмлэхийг гардаж аваад долоо хонож байна. Энэ нь миний хийсэн болон хийхээр төлөвлөсөн ажилд урам өгсөн нэг үйл явдал боллоо. Гавьяат эмч Х.Цэрэндорж багш маань бурхны оронд очсоны дараа, сэтгэл санаагаа хуваалцах хүнгүй би нэлээд ганцаардсан. Ингэж байтал шинжлэх ухааны доктор Мөнхтүвшин, доктор Оюун багш нартай танилцлаа. Энэ хүмүүс багштайгаа хамтарч бичсэн “Дээд эрүүл мэнд” номыг минь шинжлэх ухааны үүднээс задлан шинжилсэн байсан. Хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрахад ач тус ихтэй ном болжээ гэж урам өгсөн. Үүний дараагаар төд удалгүй манай “Оточ Одь” эмнэлгийн дэргэд янз бүрийн салбарын 17 эрдэмтэн цуглаж эрдэм шинжилгээний клуб байгуулж, тэд өөр өөрсдийн чиглэлээр эрдмийн ажлаа идэвхжүүлсэн. Уламжлалт анагаах ухааны талаар ч судалгааны ажилдаа тусгах боллоо. Мөн эрдэмтэдтэйгээ хамтарч хоёр ч удаа эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Ерөнхийлөгчийн ивээл дор болсон эрдэм шинжилгээний хуралд оролцож дуу хоолойгоо тэд илэрхийллээ. Түүнчлэн миний бие, их эмч Б.Ширчмаа, Улаанбаатар дээд сургуулийн багш Батдэлгэр нартай хамтарч олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Хавдар өвчин эдгэж байна” илтгэлийг тавьж, хэлэлцүүлсэн нь гадаадын хэвлэл, номд нийтлэгджээ. Үүнээс өмнө 2013 онд Солонгос улсад болсон дэлхийн уламжлалт анагаах ухааны хуралд манай эмнэлэг эх орноо төлөөлөн оролцсон. Өөрөөр хэлбэл, бидний хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хийсэн тэр тусмаа монголч эрдэмтэдтэйгээ хамтарч ажилласан ажлыг үнэлж энэ нэр хүндтэй байгууллагын дэд тэргүүнээрээ сонгосон болов уу. Нөгөөтэйгүүр хэвлэл номд нийтэлсэн болон хийхээр зүтгэж яваа ажил маань гадаадынхны анхаарлыг татжээ гэж бодож байна. Эл нийгэмлэгт Япон, Солонгос, Хятад зэрэг 56 орон гишүүнчлэлтэй. Орон орноос багтсан эрдэмтдийн ээлжит зөвлөлдөх хурлаараа намайг томилсон байсан. Тэд уламжлалт анагаах ухааныг Европын анагаах ухаантай хослуулан энэ тэнцүү хөгжүүлэх зөвлөмж, төлөвлөгөөгөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн гэсэн. Ямар ч байсан дараагийн ээлжит том хурлаа Арабын нэгдсэн Эмират улсад хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Энэ хурлаас ирэх таван жилд хийх ажлаа тодорхойлно гэж одоо ажиллаж байгаа нарийн бичгийн дарга нь мэдээлсэн. Нарийн бичгийн даргаар нь япон хүн ажилладаг. Ер нь энэ бүхнийг дүгнэхэд Х.Цэрэндорж багш маань 20-оод жилийн өмнө “XXI зууны анагаах ухаан Монголоос эхэлнэ” гэж хэлсэн. Энэ үг биеллээ олж байх шиг байна. -Уламжлалт анагаах ухаантай холбогдоод хэдэн жил болж байна вэ. Таныг нутгийн их маарамба Одь хэмээх Доржид шавь орсноор эмийн ургамал таних, түүх, арчлах, номхотгох, эм тан найруулах ёсонд суралцсан гэдэг юм билээ. Энэ талаараа та товчхон дурсаач? -Анагаах ухааны салбартай амьдралаа холбоод 30 гаруй жилийг ардаа орхижээ. Би өөрөө өвдөж, сайн оточ багштай болсноор эмч болох гарааныхаа эхлэлийг тавьсан. Өөрөөр хэлбэл, хүн өвдөхийн хэцүүг өөрийн биеэр мэдэрсэн учраас хүнийг өвчнөөс салгаж, эмчлэх нь асар их буян гэдгийг ойлголоо. Ингээд анагаахын эрдмийг ном ёсоор нь сурч, бусдад туслахын тулд Одь багшдаа анхлан шавь орсон. Тэр үед мөнгө төгрөг, ашиг хонжооны төлөө биш өвдсөн хүнийг яаж анагаах вэ, ганц хормын өмнө ч болтугай өвчнөөс нь хэрхэн салгах вэ гэдэг үүднээс багшийнхаа заасан бүхнийг чин сэтгэлээсээ сурч байлаа.Багшдаа шавь орсон 12 жилд тэжээхүйн ухааны оношлох арга барил, ургамал таних, түүх, арчлах, найруулах ёсонд суралцсан. Мөн “Манаг Лхагтав”, “Дөрвөн үндэс”, “Манаг гаржаам” зэрэг олон ном судрын дамжлага авлаа. Иймээс Одь багшийнхаа 100 жилийн ойг хоёр жилийн өмнө өргөн тэмдэглэж “Монголын уламжлалт анагаах ухаанд Одийн оруулсан хувь нэмэр” сэдвийн дор олон ажил зохион байгуулсан. Ер нь миний багш эрдэм мэдлэгтэйгээс гадна их хүнлэг хүн байсан юм. Миний мэдэхээр багшийн маань шавь нараас нэг ардын эмч, зургаан гавьяат, зурхайн ухааны хоёр доктор төрсөн байдаг.

 

-Тэгвэл таны бодлоор уламжлалт анагаах ухаан гэж юу вэ. Хүн болгон уламжлалт анагаах ухааны эрдэм, чадлын талаар өөр өөрийнхөөрөө тайлж, таниулдаг. Тэгэхээр хүнийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар уламжлалт анагаах ухаанд юуг мөрдлөг болгодог вэ?

 

-Уламжлалт буюу тэжээхүйн ухаан нь арга билэг, хүний таван махбодь, хар цагаан зурхай, гурван хий, шар бадганын онол мөн долоон тамир, цаг хугацаа, улирал, нар, сарны хөдөлгөөн зэрэг олон зүйлийн нэгдэл юм. Тухайлбал, хүний бие, хэл, сэтгэл гурав цогц, цөм буюу тэнцүү байж чадвал хүн эдгэрнэ гэсэн үг. Гүн ухааны хувьд зурхай буюу нээлттэй тогтолцоонд суурилсан байдаг. Мөн өвчин туссан тухайн хүнийг зөвхөн өөрт нь зориулсан эм, тангаар эмчилнэ. Миний бодлоор шинжлэх ухааны эмнэлэг өвчнийг нь анагаадаг. Харин уламжлалт буюу тэжээхүйн ухаан хүнийг нь эмчилдэг. Харин барууны буюу орчин үеийн шинжлэх ухаан нь дүрс, шинжилгээ, судалгаа мөн өндөр хүчин чадалтай технологийн тусламжтай судалгаан дээр тулгуурладаг. Орчин үеийн шинжлэх ухаан, уламжлалт анагаах ухаан хоёр эцсийн дүндээ хүнийг анагаах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн уг салбараа цаашид хөгжүүлэх гэсэн нэг зорилготой. Гэсэн хэдий ч арга ухаан нь өөр юм даа.

 

САЙН УРГАМАЛ ГЭЖ ТУЙЛШИРЧ ХЭРЭГЛЭЧИХЭЭД ЭРГЭЭД ТҮҮНДЭЭ ХОРДОЖ БАЙНА

 

-Та бол ургамлаар мэргэшсэн хүн. Жилийн дөрвөн улиралд хөдөө явж ургамал түүж эм тандаа ашигладаг. Өнөөдөр олон хүн энэ ургамал тийм өвчинд сайн гэж дур мэдэн уухаас гадна эмийн ургамал сурталчлан худалдаалдаг худалдааны сүлжээ хаа сайгүй газар авчээ. Багшийн дээд болон I эмнэлгийн урд талд ийм сүлжээ үүссэн байна. Ер нь ургамлыг сайн гэсний дагуу сургаар авч хэрэглэх нь хэр зохимжтой вэ?

 

-Хүний өвчин цаг ирэх тусам өөрчлөгдөж байдаг. Арвидна, хомсдоно гэх мэтээр өөрчлөгддөг. Энэ нь юуг хэлж байна гэвэл зарим өвчин улирлын чанартай. Хавар модон махбодтой улиралд элэгний эсийн дархлаа суларч далд өвчин нь ил гардаг. Зун гэхэд зүрхний өвчин дэлгэрдэг. Мөн энэ цагт хоолны хордлого ихэсдэг. Үүнийг нь мэдэж байгаа учраас зун өвдөх өвчнийг нь олж мэдээд хавар нь урьдчилан эмчилж болно. Өвчин гэдэг зарим улиралд нуугдана, заримдаа хүчтэй болж гарч ирдэг. Тэр үед нь эмээ яаж өгөх вэ гэх зэрэг олон асуудал эмч хүнд тулгарна. Ер нь өвчнийг бүхэлд нь эмчлэхгүй ганцхан тэр өвдсөн нүд юмуу чихийг нь эмчлэх юм бол голомт нь байгаа болохоор ахиад л өвдөнө. Яг үүнтэй адил энэ ургамал тэр өвчинд сайн гэж огтхон ч туйлширч болохгүй. Ургамал бол эрдэм, чадал, шингээлт, шингээлтийн төгсгөлөөр үр дүн нь гардаг. Гэтэл манай хүмүүс зөвхөн чадал юм уу амтаар нь дүгнэж байна. Хүний амнаас энэ ургамал сайн гэж сонсчихоод түүндээ итгэн хамаагүй ууж хэрэглэдэг. Харамсалтай нь, эргээд түүндээ хордож байна. Тиймээс ургамлыг ганц чадлаар нь буюу дан ургамал чигээр уух нь зохистой зүйл яавч биш.

 

-Тэр тусмаа хүмүүс тэхийн шээгийг нэлээд сонгон түлхүү хэрэглэж байна. Энэ талаар та юу хэлэх вэ. Үнэхээр биед сайн хэрэг үү. Энэ нь хэтэрвэл хүний биед ямар хор уршигтай вэ?

 

-Тэхийн шээг бөөрөнд сайн уу гэвэл сайн. У л а м ж л а л т анагаах ухаанд аливаа нэг зүйл илүүдэх, дутах, барагдах , хордох , арвидах , хомсдох талаар тодорхой заасан байдаг. Тэгэхээр нэг ургамлыг сайн гэж зогсоо зайгүй хэрэглэвэл хий, шар, бадгана болон долоон тамирын тэнцвэрт байдал алдагдана. Энэ бүхэн тэгш байж сая тэр хүн эрүүл явдаг. Гүйцэд, тэгш байх хэмжээ алдагдаад ирэхээр мэдээж тэр хүн эрүүл бус болж эхэлнэ. Жишээлбэл, бадгана, шар хоргодож, хий арвидах болно. Ургамалд гашуун, эхүүн, гошуун, чихэрлэг зэрэг зургаан амт бий. Энэ зургаан амт хүний ууж, идсэнийг тодорхойлдог. Ходоодонд хоол орсны дараагаар шингээлтийн төгсгөлд амт нь өөрчлөгдөнө. Тиймээс аливаа ургамлыг хэрэглэхдээ ямар амт, чадал, эрдэмтэйг нь мэдэж байж хоног хугацаа, цаг агаартаа тохируулж уух шаардлагатай. Тэхийн шээгийг хугацаагүй олон хоногоор уувал элэг хатуурах аюултай.

 

-Та олон ургамал нийлж байж уламжлалт анагаах ухааны эм болдог гэлээ. Тиймээс дан нэг ургамлын эмчлэх чадвар сул байдаг гэж ойлгож болох уу?

 

-Болно. Жишээлбэл, үлд өвс буюу хөхөөний идээ гэдэг ургамал байна. Шингэн алдаж байгаа хүүхдэд сайн гэж манайхан түгээмэл хэрэглэдэг. Хөлний шилбэнээс өвдөг хүртэлх хоорондын зайг угааж, шавшихад шингэн нь тогтдог. Харин энэ ургамлыг саванд хийж, бүх биеэр нь оруулбал түгжрэл болох аюултай. Ер нь дан ургамлыг хэтрүүлж, илүүдүүлж хэрэглэвэл долоон тамирыг хорлодог. Долоон тамир, гурван хир хорлогдвол өвчин үүснэ. Түүнчлэн ганц ургамал хоруу чанар ихтэй. Харин нөгөө ургамалтай нь нэгдүүлснээр хорыг нь дарж эм болдог гэсэн үг. Тиймээс цэцэг, ургамлаа эм тод буух үед авч хэрэглэх нь үр дүнтэй. Навч гарч, цоморлигоо дэлгэсэн, үрээ цацсан, цэцэг дэлгэрсэн үед нь түүнэ гээд бүгд учир начир, цаг хугацаатай. Ингэж цаг, улиралд нь тохируулж аваагүйгээс тархац буурах, үгүй болох зэргээр эргээд хүмүүст хор хохирол учруулж байна. Тэгээд ч цаг нь болоогүй байхад цэцэг, ногоо тасалж, ургамал түүх нь хэнд ч ашиггүй.

 

ЦАГААН ИДЭЭ, ЖИМСНИЙ ШҮҮС, МАЛЫН УУШГИ, ЖАМЦ ДАВСТАЙ ХАР ЦАЙ УТААНЫ ХОРЫГ ТАЙЛНА

 

-Монголын хүн амын олонх нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрчээ. Амьсгалж, амьдрахад төвөгтэй болсон энэ цаг үед хүн эрүүл мэндээ энгийн аргаар хэрхэн хамгаалж болох вэ?

 

-Дархлаагаа сайжруулъя, хамгаалъя гэвэл хамгийн түрүүнд хужиртай цай сайн уу гэж хэлмээр санагддаг. Ер нь Улаанбаатарын утаа хэрээс хэтэрснийг даяараа мэдэж байгаа. Энэ бол хүний эрүүл мэндэд заналхийлсэн хэцүүхэн аюул. Миний хувьд Улаанбаатарын хорт утааг найрсан хор гэж үзэж байгаа. Түүнээс гадна би халгайг их дээдэлдэг хүн. Халгай идэж, ус уун гэгээрэлд хүрсэн гэгээнтэн хүртэл бидний өвөг дээдэс дунд байсан. Ер нь халгайг сүүлийн үед шинжилж үзэхэд хавдар болон чихрийн шижин өвчнийг анагаах увидас өндөртэй болох нь анзаарагдсан. Тэр тусмаа Монголд ургадаг халгай шим, тэжээл сайтай. Иймээс ч монголчууд бид хавар эртийн дөрвөн хуруу халгайг түүж хоол, хүнсэндээ өргөн хэрэглэсээр өнөөг хүрчээ. Тодруулбал, халгай нь бам чийг болон цусны өвчинд онцгой сайн үйлчилгээтэй. Ялангуяа хордлого тайлахад их сайн нөлөөтэй. Өнөөдөр хүн утаанд хордохоос гадна мах, хөрс, агаар, идээ ундаа, ус гээд төрөл бүрийн зүйлд хордож байна. Энэ 20-оод төрлийн хордлогыг тайлахад халгай дээд зэргийн сайн үйлчилгээтэй. Гол нь өөрсдийн бие организмд зохицуулан хэрэглээрэй. 15 хоног хэрэглээд дунд нь тав, долоо хоног амрах хэрэгтэй. Учир нь, халгай хүний тамир тэнхээг сэргээдэг. Ялангуяа хавар эртийн халгай нь эрдэм чадал, шингээлтээрээ шалгарсан байдаг. Сүүлийн үед дэлхийн олон орны эрдэмтэн халгайг судлах ажилд шамдаж байгаа нь бас үүний анагаах болон хор тайлах увидастай холбоотой болов уу. Ер нь өнөөдөр харшлын ханиадаар өвдөх нь түгээмэл болсон. Энэ нь мөн л утаатай холбоотой. Иймээс А, В, С, Д, Е аминдэм агуулсан нохойн хошуу, үхрийн нүд, бөөрөлзгөнө, аньс, нэрс, тошлой, үзэм, чацаргана, жамц давстай хар цай зэргийг буцалгаж уух нь эрүүл мэндэд тустай төдийгүй хордлого тайлна. Уламжлалт эмнэлгийнхэн бид утаанаас сэргийлэхийн тулд “Үзэм долоо” гэсэн танг “Мана дөрөв”-өөр даруулан уулгаж байна. Дээр нь цус цэвэрлэх тан өгдөг. Балжингарав, чихэр өвс ч мөн харшлын ханиадны үед бага багаар уувал сайн. Ер нь утаа буюу найрсан хорны эсрэг цагаан болон шар тос сайн. Ингэний сүү болон айраг хорыг тайлна. Улаан үнээ, цагаан ямааны сүү уувал мөн үр дүнтэй. Өвөл энэ бүтээгдэхүүн ховор гэж бодох хэрэггүй. Хавар, зун, намарт эл цагаан идээг өөрсдөө болон үр хүүхдэдээ түлхүү өгөх хэрэгтэй. Түүнчлэн уушгиа хамгаалахад малын уушги илүү үр дүнтэй. Уушгиар төрөл бүрийн салат, закуск хийж идвэл сайн.

 

-Хүмүүсийг та зөв хувцаслаж, бүр зөв алхаж гишгэж чадахаа больсон гэж ярьдаг. Энэ талаар тодруулаач. Буруу хувцасласнаас болж өвдөж байна гэсэн үг үү?

 

-Хүн эхээс төрөхдөө хий, шар бадгана, долоон тамир нь бүгд тэнцүү төрдөг. Харин 12 наснаас нийгэмд идэвхтэй оролцож, идэж уух нь өөрчлөгдөөд ирэнгүүт тэнцвэрт байдлаа алддаг. Жишээлбэл, хэт их амттанаас гадна даарах, уурлах зэрэг нь өвдөх шалтгаан болсоор байна. Эцэг, эхчүүд хүүхдээ эрхлүүлж учиргүй их чихэр, жимс, ундаанд умбуулдаг. Энэ нь яс сийрэгжилтээс эхлээд сөрөг тал ихтэй. Ер нь бодол, сэтгэл ариун бус байвал өвчин үүсдэг. Тэгэхээр сэтгэлээ л эмнэх хэрэгтэй. Өнөө үеийн залуус ахмад настан болон бусдаас айж, ичих зүйлгүй болсон. XXI зуун буюу гэгээрлийн зуун гарчихаад байхад хүмүүс хэт материаллаг зүйлийг шүтэж, оюун санаагаа дандаа мөнгөөр худалдах болж. Энэ бол аюултай үзэгдэл. Мөнгө олохын тулд хүн мөн чанар, ёс жудаг, эрүүл мэндээ алдаж байна. Мөнгөөр бүхнийг шийдэх гэж зүтгэх биш хамгийн гол нь дотроосоо гэгээрч, мэдлэг, хүндлэлийг эрхэмлэвэл мөнгө аяндаа орж ирнэ. Эрүүл мэндээ ч хамгаалж чадна. Үүнийг өнөөгийн залуус оюун ухаандаа тунгаах цаг аль хэдийнэ болсон. Түүнчлэн өнөөгийн олонх хүн зөв хувцаслаж ерөөсөө чадахгүй байгаа. Хотжилтод хэт автаж хүмүүс богино тоодгор хувцас түлхүү өмсч, тулгуур эрхтэнээ дааруулж, эрүүл мэндээрээ хохирох үзэгдэл газар авч байна. Нуруу болон хүйсээ дулаан байлгавал эрүүл амьдрах үндэс болно. Мөн сүүлийн үед хүүхэд, залуус толгой нүцгэн их явж байна. Усанд орчихоод нойтон үстэй гадуур гардаг. Гол нь хүн толгой, хүзүүгээ байнга дулаалж явах учиртай. Дааруулснаас болж тархи, хүзүүний цусан хангамж муудна. Ер нь хүн дороосоо даарвал тэр дундаа охид, бүсгүйчүүд голын хий, эмэгтэйчүүд болон бөөр, давсагны өвчнөөр өвдөнө. Тэгэхээр дороосоо даарахгүй байх нь чухал юм. Бүх өвчин даарахаас үүсдэг. Дороосоо их даарвал бөөр өвдөнө. Бөөр бол бие эрхтний хамгийн чухал хэсэг. Бөөр гэмтвэл чих дүлийрч, толгой, сав, хөл, гар гээд бүх эрхтэн өвддөг.Мөн хумс, үсний зэрэг гоо сайхны будаг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Саяхан АНУ-ын эрдэмтэд үсний будгаас хавдрын эс гарсан талаар мэдээлсэн. Тэгэхээр эдэлж, хэрэглэж байгаа зүйлдээ дээд зэргээр анхаарч, эрүүл мэндээ хамгаалах цаг болсныг энэ баримт гэрчилж байна.

 

ЦАГААН САРААР ХАРШЛАХ ИДЭЭ, УНДААНААС БОЛГООМЖИЛЖ, ЗОХИЦУУЛАХ НЬ ЧУХАЛ

 

-Одоо удахгүй цагаан сар болох гэж байна. Хүмүүс тос, өөхтэй хоол их зооглодог. Үүнээс гадна салат, бялуу гээд төрөл бүрийн зүйл хольж иддэг. Энэ үед ер нь хоол хүнсээ хэрхэн зохицуулах ёстой вэ?

 

-Цагаан сараар харшлах идээ, ундаанаас болгоомжилж, зохицуулж идэх нь чухал. Өндөг, гахайн мах, загас нэг дор байвал зөвхөн нэгийг нь сонгож идээрэй. Жимс, сүү, тараг хоорондоо харшилна. Хамгийн гол нь махан хоолны араас хэт чихэрлэг зүйл идэх нь монголчуудад огтхон ч тохирохгүй. Хоол идсэний дараа шоколад, чихрийн цуглуулга зэргийг идвэл ходоод хямарна. Ялангуяа манайхны мэддэг десертийг бүр ч идэж болохгүй. Энэ нь идээ, ундааны найрсан хор юм. Айраг болон дутуу исэлдсэн зүйлийг пивотой хамт хэрэглэх нь зохихгүй. Ер нь амсч идэх, тавьж уух гэдэг зүйлийг л мөрдвөл эрүүл мэндэд тустай. Хоорондоо харшилдаг гуч гаруй идээ, ундаа бий. Хөдөөд бол цагаан сараар морь унаж давхиад, айлаас айлд очих замд хоол шингэдэг. Хотынхон машинаар явдаг учраас хоолны шингэц муу байдаг. Тиймээс махан хоолны дараа амтлаг зүйл битгий ид гэж дахин хэлье. Хоол гэснээс хүйтний улиралд ямаа, тэмээний мах идэх нь зохисгүй. Түүнчлэн манайхан таван цулын болон ямаа, тэмээний мах идчихээд араас нь хүйтэн ус уудаг. Энэ нь ходоодыг царцаах төдийгүй дотор эрхтэнг гэмтээдэг. Ер нь хоол хүнсээ зөв зохицуулж идэхийг цаг үе биднээс шаардаж байна. Тэгэхээр амтлаг, эхүүн, гошуун, давслаг, хүнд, хөнгөн гэсэн зургаан чанарыг зохицуулж идэх учиртай юм. Гашуун, давслаг ургамлын шингээлт амтлаг болж шингэдэг. Энэ зургаагийн нэг л ихэдвэл өвчин үүснэ.

 

-Ингэхэд та сурсан эрдмээ хэнд зааж өгч байна вэ. Олон шавь бэлтгэж байна уу. Яг одоо хүний эрүүл мэндэд тустай томоохон ямар ажил хийж байгаа вэ. Мөн таны ажил, амьдралдаа мөрдлөг болгодог дээд эрүүл мэнд гэж чухам юуг хэлдэг юм бэ?

 

-Эмнэлгийнхээ дэргэдэх эрдэмтний клубийнхний мэдлэгийг залуу эмч нартаа өвлүүлэхийг хичээн ажиллаж байна. Мөн өөрийнхөө мэдсэн, сонссон, туршсан зүйлийг тэдэнд хэлж өгч байна. Бидний дэвшүүлэн тавьсан дээд эрүүл мэндийн ёсоор урт наслая, эрүүл амьдаръя гэсэн төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс бидэнд хандаж, заавар зөвлөгөө авдаг. Тэр хүмүүст би чадлынхаа хэрээр эм болон ургамлынхаа нууц жорыг хэлж өгч байна. Сургууль, сургуулиас төлөөлөл болгож залуусыг дэргэдээ авсан. Миний гурван хүүхдээс гадна Хятадад уламжлалт анагаахын чиглэлээр суралцаж байгаа хоёр залуу байна. Мөн ЭМШУИС, Дорноговийн анагаах ухааны болон “Мамба дацан” дээд сургууль төгссөн залуус надтай хамт ажилладаг. Яг одоо эмийн үйлдвэр байгуулж, Улсын комисст хүлээлгэж өгөхөөр тоног төхөөрөмжөө суурилуулж байна. Энэ үйлдвэртээ 30 залууг сургаж ажиллуулна. Ер нь би шавь нартаа ургамлыг хэрхэн зөв түүж, хатаах вэ. Эмийг яаж үнэн зөв хийх ёстой вэ гэх зэрэг багшаасаа уламжилж ирсэн сурч, мэдсэн бүх зүйлээ зааж өгч байгаа. Энэ шавь нараа би уламжлалт анагаах ухаанаар бусдад гологдохгүй гайгүй сайн эмч, эм зүйч, ургамал судлаач болно гэдэгт бүрэн итгэдэг. Ер нь хүний дух, цох, хоолой зэрэгт оршдог долоон хүрд нь гэмтээд ирэхээр өвддөг. Тиймээс үүнийг эдгээж, тэгшитгэж байгаа аргыг л дээд эрүүл мэнд гэж байгаа юм. Тиймээс энэ долоон хүрдээ нээнэ гэдэг хамгийн том арга юм. Хүний эргэлтийн тогтолцоо хорлогдсон тохиолдолд уурлаж, уцаарлах төдийгүй тавьсан зүйлээ мартаж, эрсэн зүйлээ олохгүй болдог. Эхнэр нь нөхрөө цаанаа байгаа сонинг аваад өгөөч гэвэл нөхөр нь олохгүй, байгаа газрыг нь харсан ч авахаасаа өмнө урьтаж уцаарлах жишээтэй. Хэрэв тогтолцоо нь зөв байвал тэр хүн хэзээ ч уурлахгүй. Тогтолцооны алдлыг засах хамгийн сайн арга арга бол бясалгал юм.

 

-Бясалгал гэснээс та ямар ч нөхцөлд хүмүүс байнга хийж болох эрүүл мэндийн дасгал хөдөлгөөний талаар зөвлөмж хэлнэ үү. “Хүн хэлэхээс, цаас чичихээс наашгүй” гэдэг шүү дээ?

 

-Утаа униар ихтэй энэ цагт хоолой, хамраа цэвэрлэх зөв хэвшилтэй байх нь чухал. Орой бүлээн ус гарын хонхортоо хийж, хамраараа татаж, эргүүлж гаргах хэрэгтэй. Өглөөд энэ дасгалыг хүйтэн усаар хийх нь үр дүнтэй. Ес есөн удаа энэ дасгалыг тогтмол хийвэл уушгины үйл ажиллагаа сайжирч, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй. Түүнчлэн олив болон наранцэцгийн тосоор хоолойгоо зайлбал сайн.Мөн өглөө босоод ташаандаа хоёр гараа авч тулаад, өлмий дээрээ босч, өсгий дээрээ буугаарай. Биеэ зөөлөн доргиосон энэ дасгалыг гурван удаа хийвэл уушги цэвэрлэгдэж, биеийн дархлаа сайжирна.

 

ХОР НЬ ГАРААГҮЙ БАЙХАД ЯРГУЙ ИДЭЖ ЛУСЫН ӨВЧИН ТУСАХ НЬ ЭЛБЭГШСЭН

 

-Удахгүй хавар цаг айлчлан ирэх гэж байна. Энэ улиралтай давхцаж жил бүр хүмүүс яргуй идэж дархлаагаа сайжруулна гэж хошуурдаг. Энэ нь хэр оновчтой зүйл вэ. Яргуйг ер нь яаж хэрэглэх ёстой юм бэ?

 

-Хавар цаг ирэхээр хүн болгон л шинэ гарсан яргуй идэж хүч тамир орно гэж зүтгэдэг нь үнэн. Гэхдээ яргуй идсэнээс болж янз бүрийн өвчин тусч байна. Өөрөөр хэлбэл, ургаж гүйцээгүй, хор нь гараагүй байхад яргуйг идэж могойн яр өвчин тусах нь элбэгшсэн. Манайхан үүнийг лусын өвчин ч гэдэг. Дээр нь янз бүрийн вирусын гаралтай өвчнөөр өвдөж байна. Тэгэхээр наанадаж тухайн ургамлын хор нь гарсны дараа хэрэглэх хэрэгтэй. Манайхан хөмүүлийг тэнгэр дуугарч, бороо орсны дараа түүж хоол, хүнсэндээ хэрэглэдэг. Яг үүнтэй адил эмийн ургамал өөр өөрийн гэсэн эмт чанар болон тод буух цаг үед нь түүж хэрэглэвэл үр өгөөжөө өгнө. Ганцхан түүлтээр идэх биш архи болон усанд дарах зэрэг олон аргаар эмийн ургамлыг хэрэглэж болдог. Өөрөөр хэлбэл, 2-3 төрлийн найрлагатай болгож хэрэглэвэл арга, билгийн хувьд зохицдог юм. Гэтэл манайхан ганцхан арга талыг нь барьснаас болж долоон тамир, гурван хий, таван махбоддоо өөрчлөлт оруулах нь түгээмэл болжээ.

 

-Тэгэхээр яргуйг яаж зөв, зүйтэй хэрэглэнэ гэсэн үг вэ?

 

-Яргуйг зүгээр нэг түүгээд идээд байж болохгүй. Ихэнх хүн долоо, найм, есөн яргуйг нэг дор түүж идвэл хоолойны ангина болон зарим өвчинд сайн гэж хошуурах юм. Нөгөөтэйгүүр яргуй идсэн малын мах, гөрөөсний цус сайн гэж ууж, идэх гэж тэмүүлэх нь учиргүй их болжээ. Ингэж байгаад би харамсдаг. Дээр үеийн хашир, туршлагатай оточ, маарамбын аргаар яргуйг хоол хүнсэндээ ашиглах нь зөв. Яргуй идсэн ямааны махыг борцолж шөлтэй хоол, цайндаа чимх чимхээр хийж идэх ёстой. Энэ л хамгийн шилдэг, зөв арга. Хаврын улиралд яргуй иднэ гэж гүйхийн оронд дархлаагаа сайжруулах нь хамгийн чухал. Ялангуяа шим сайтай идээ, ундааг сонгож хэрэглэх хэрэгтэй. Ургамал ногоо сэргэдэг учраас гашуун, гошуун амттай идээ, ундаа түлхүү хэрэглэ. Түүнчлэн хонь, үхрийн мах хаврын улиралд шим, тэжээл сайтай. Шөлтэй хоолыг голлон хийж идвэл биеийн дархлааг сайжруулж, тамир тэнхээ оруулна. Хөлсөө гартал шөлтэй хоол идэж, гадуур мөн л хөлсөө чийхартал алхах хэрэгтэй. Хөлсөө сайн гаргавал биед хуримтлагдсан хор түүний хэрээр гадагшилна. Харин өвлийн хүйтэн улиралд арьсны нүх сүв ихэнх нь битүү байдаг. Тиймээс арьсныхаа нүх сүвийг онгойлгож, дархлаагаа дэмжих үүднээс халгай, арц, дальтай ваннд сууж, үс, толгойгоо угаавал тамир, тэнхээг дэмжинэ.

 

-Та хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болохоор эрүүл мэндийн энгийн зөвлөгөө хэлж өгнө үү. Хүн ер нь тамир тэнхээгээ сайн байлгаж, эрүүл явахын тулд яах ёстой юм бэ?

 

-Хамгийн гол нь хүн эрүүл байхын тулд сэтгэл санаагаа тайван байлгаж уур уцааргүй амьдрах нь чухал. Түүнчлэн эрүүл, урт наслахад зөв боловсрол өгөх ном, сонинтой нөхөрлө. Дээр нь хоол ундаа зохицуулах шаардлагатай байна. Гэтэл манай хүмүүс идэхийн төлөө л амьдраад байх юм. Хоолыг ходоодны хэмжээндээ тааруулахгүй аяга аягаар идэж байна. Ном, сударт ходоодыг хоол, ундаа, хоосон, хий гэсэн дөрвөн хэсэгт хуваадаг. Хоол нэг хувьд нь гэж бодохоор бага идэж байх нь хэн бүхэнд ойлгомжтой байгаа биз дээ. Идсэн хоолоо шингэсний дараа дараачийн хоолоо идэх нь зөв. Манайхан хоол, ундыг зохицуулж идэж чадахгүйгээс болж өвчин үүсэх шалтгаан бүрдэж байна. Жишээлбэл, кофе биед сайн гэж учиргүй их уудаг. Энэ нь элэгний шарыг үүсгэнэ. Нэг ёсондоо манайхан амттай, давслаг зүйлд хэт их дурлах болсон. Тэгэхээр ямар амт ходоодонд орж ямар байдлаар шингэж байгааг мэдэхгүй учраас хоолны амтаа зохицуулж чадахгүй байгаа юм. Дандаа амттай хоол идсэн ч өвчилж байна. Сүүлийн үед хүүхдүүд гоймон, пицца, жигнэмэг, гаазтай ундаа их хэрэглэж байна. Ер нь нэг амттанг дагнан идэж байгаа хүмүүст өвчин их үүснэ. Түүнчлэн янз бүрийн сүлжээний эмээс болгоомжлох хэрэгтэй. Тамир тэнхээг сайн байлгах талаар уламжлалт анагаах ухаанд долоон тамирыг шимжүүлж өгөх хэрэгтэй гэж заасан байдаг. Долоон тамир гэдэг нь тунгалаг, цөв, цус, мах, яс, өөх, дусал зэргийг хэлж байгаа юм. Энэ долоон тамирыг шимжүүлэх талаар уламжлалт анагаах ухаанд сургаж ирсэн олон сайхан арга бий. Өвөл, хаврын улиралд борви тойгны ястай шөл, цай байнга ууж тамир тэнхээгээ дэмжих хэрэгтэй. Энэ цай, шөлөө гууль, зэс, ширмэн тогоонд буцалгаж, хийж уувал бүр их үр дүнтэй. Эдгээр эдэд хүний бие эрхтний дархлааг дэмжих зүйл агуулж байдаг юм. Харж байхад хуванцар саванд савласан ус л их уух юм. Өвлийн цагт ус их уух нь зохимжгүй. Энэ нь ходоодны галд өөрчлөлт оруулдаг. Ходоодны гал алдагдахаар бадгана арвидна. Бадгана бий болсноор төрөл бүрийн өвчин үүснэ. Ер нь дархлаагаа сайн байлгахад адууны мах, малын элэг их сайн гэдгийг мартаж болохгүй.

 

Б.Даариймаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...