Дамдины горзгор хүү

Цагаан дээлт Дамдины хүү хувьсгалд оролцож,  жанжин цол хүртэлх зам бараг шулуун бас дэндүү богинохон харагддаг.

Хуучин түүхийн кинонд ч, орчин цагийн кинонд ч Сүхийг  улстөрч байсан талаас нь тийм тод томруун харуулаагүй байдаг.  Хар ухаантай цэргийн хүн байсан. Нэг бол хатан зоригт жанжин, зөвлөлт Оросын  хувьсгалыг талархан дэмжигч  гээд урлаг киноны дэлгэцнээ гавьяатуудын мөнхөлсөн  дүрүүдийн ядаж тал хувь нь бодит хүнд нь ойртсон  байж таарна.

Хужирбуланд  орчин цагийн армийн хар хэллэгээр бол “ЖА ” буюу жагсаалын дарга байж. Дунд үеийнхний мэдэхээр “ЖА”  бол нэлээн нударга сайтай, сийрэг эр зүүдэг зураас. Олон аавын хүүг нэг гарт базна гэдэг  зүгээр нэг сагсуу атаман байхаас өөр байсныг эр цэрэг хаасан хэн бүхэн мэднэ.

Дамдины хүү бичиг үсэг тайлагдсан шаг хийсэн боловсролтой, бие нуруу өндөр , цэргийн эрдэмд дуртай зэрэг олон шалгуураар тэр үеийн Богд хаант Монгол Улсын цэргийн сургуульд цовоо нэгэн байсан тухайд судлаачид ам нэгддэг юм билээ. Харин үнэхээр уран илтгэгч, хувьсгалч хийгээд коментернийг аялдан дагагч байсан эсэх талаар санал зөрөлддөг.

Ардын хувьсгалын анхны жилүүдэд засаг эмхэлж сайдуудын хуваарилалт явагдаж байхад хөрөнгөлөг Данзан, лам Бодоо , гадаад явж  далайн хоол идэж үзсэн Лосол ч тэр Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжнаар  томилоход үг дуугараагүй дэмжсэн гэдэг.

Тэр цэрэг эх орончийнхоо хувьд намынхандаа ч , жирийн олонд ч зөвшөөрөгдсөн нэгэн байж. Тухайн үеийн зэвсэгт тулаан байлдаанд Ардын журамт цэрэг  Д.Сүхбаатарын шууд удирдлага доор оролцож, хүн хүчний хохирол багатай ялалт байгуулж байснаар тэрээр цэргийн талаа даах хүн гэдгээ ойр тойрныхондоо харуулсан . Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн талаар дурсамж их байх. Харин намын нөхөд гаднын хатгаасаар дотроосоо хагаралдан  хэдхэн сарын дотор анхны долоогийн талыг нь буудаж эхлэхэд манай жанжин хэний талд байсан бэ. Ямар байр сууринд зогссон бэ. Энэ асуултын хариулт нь Л.Сүхбаатар улстөрч байгаагүй харин цусны цэргийн жанжин байсан гэдэг дүгнэлт олон судлаачдыг уядаг байх. Сүхийг коментерн шууд оролдоогүй буюу Бодоо, Данзан шиг эхний ээлжинд намнаагүй.

Зөвлөлийн засгийн бодлого нь харгис, коментерний улаан хувьсгалыг сөрсөн бүхнийг хядаж байсан ч үүнд нь хаалт халхавч болох  нэгэнт ялсан хувьсгалыг хамгаалж байсан. Тиймээс ч цэрэг арми, түүний нэртэй удирдагч нарт болгоомжтой хандаж байсан. Энэ нөлөөнд Д.Сүхбаатар буудан авчихаагүй хатгаагаар өнгөрсөн байж болно.

Цэл залуухан жанжнаа уушгины хатгаагаар үхчихлээ гэхэд тэр үеийн хүрээнийхэн итгээгүй нь үнэн байж таарна.  Харин намын нөхөд, хань Янжмаа нь өвчнөөр үхсэн гэж элдэв сэрдэлгүй дурссан байдаг.

Харин гол хор хутгагчаар тодорсон коментерний зарц Ренчинов Сүхбаатарыг амьсгал хураах мөч хүртэл ганцаараа уулзаж хажууд нь байсан ба тэд юу ярьж хөөрөлдсөн нь  одоо ч түүхчдийн зулай дээр эргэлдсэн асуултын тэмдэг хэвээр байгаа.

Цагаан дээлт Дамдины горзгор хүү Монголын ард түмний өмнө үүрд дурсагдах нэр цэвэр жанжин. Цаг хатуу бүгд халтирч хэлмэгдэж хань нөхрөө егүүтгэж байсан ч энэ бүхнээс Сүх жанжин хол үлдсэн. Учир нь тэр дэндүү богинохон насалсан.

Пүрэвжавын Баярхүү 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)