”Алтан унжлагат” гал тахиа жил өндөр суудалтанд халтай

 

        Энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 27-нд тохиож буй. XVII жарны “Алтан унжлагат" хэмээх улаагчин тахиа жилд манай улсын нийгэм, эдийн засаг, байгаль хийгээд хүмүүний үйл хэрэг монгол зурхайд хэрхэн буусан талаар Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, зурхайч Ж.Гончигсүрэнтэй уулзаж ярилцав.
 

-Азийн орнуудад цагаан сарын баярыг нэгдүгээр сард тэмдэглэн өнгөрүүллээ. Жил бүр цагаан сар хэдийд болох талаар маргаан дэгддэг. Энэ талаар та тайлбар өгөх үү?
 

-Хүн бүр өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх болсон тэр цагаас хойш буюу 1990 оноос хойш л энэ талаар зөрчилдөх болсон. Зурхайн цаг тооны бичиглэл гаргах түвдийн пүг ёс, цүр ёс, Монголын газрын хуваарьт тохирсон монгол лам нарын зохиосон гэдэнзээсэр буюу төгсбуянт, хуанлийн ёс буюу хятадын дагаж байгаа ёс гэсэн дөрвөн үндсэн арга бий. Монгол Улсын газарзүйн байрлал, зан заншилд тохирсон монгол хүний зохиосон, эрт дээр үеэс өвгөд дээдэс, багш нараас маань заагаад хэдэн зуун жил уламжилж дамжиж ирсэн нарийн зурсан зурхайгаа л дагах учиртай. Үүнийг доктор Л.Тэрбиш багш бид хоёр аман сургалтаар, номын дагуу багшаар заалган, авч үлдэх ажлыг 20 гаруй жил хийж байна. Үүнийг төр засаг, бурханы шашин зөвшөөрөөд явж байна. Үүнд маргаад, эргэлзээд байх зүйлгүй. Азид шинэлж байхад Монголд шинэлэх ёстой гэсэн хууль байхгүй. Бид өөрөө өөрийнхөө юмыг ойшоохгүй, хүний юмыг дагаж дарвих юм. Хэрвээ өнөөдөр золгосон бол хөр цастай хэвээр, хаврын урь ороогүй байх нь. Цаг агаар нь өөрөө хаврын улирлын шинийн нэгэн болоогүй гэдгийг харуулж байгаа биз дээ. Сүсгээр биш шинжлэх ухаан, цаг агаарын байгууллагатай уялдаж байна уу гэдгийг харах нь зүйтэй. Түүнээс минийх зөв, түүнийх буруу гэх нь утгагүй. Уламжлалт арга, номоо үзэж, учир шалтгааныг ард түмэндээ зөв тайлбарлаж өгөх нь гол үүрэг. Монголд хэдэн хүн золгосны төлөө эмзэглээд байх зүйлгүй шүү дээ.


-Ирэх тахиа жилийн ерөнхий төлөв зурхайн зурлагад хэрхэн бууж байна вэ. Шороон үхрийн шинжээр тодорхойлоход жилийн өнгө ноён нуруу ямар байх бол? 
 

- Хаврын урь орсон тэр өдрийн махбодийг тооцоолон бодож “Салан дагцал” буюу “Үхэр” зургаар гаргаад уламжлалт зурхайн ёсоор тоолон гаргадаг. Энэ жил үхрийн өнгө нь цагаан. Шороон үхрийн зурлагыг дүрсэлбэл, үхэр нь толгой, ходоод, цулбуур нь улаан, эвэр, чих, сүүл, туурай, шийр, бие, ногт нь цагаан, омруу нь ногоон, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарваж явна. Үхэр хариулаач нь цагаан царайтай, үсээ чихнийхээ араар хийсгэсэн, улаан дээлтэй, хөх бүстэй, ногоон гутлынхаа барууныг өмсч, зүүн гутлаа зүүн бүсэндээ хавчуулсан, малгайгаа буулгаж өмссөн, унгасаар томсон, цагаан бургасан иштэй шилбүүр барьсан, хүч чадал багатай, идэр залуу, үхрийнхээ өмнө, яаравчлан гүйж явна. Энэ зураглалаас жилийн байцыг үзвэл залууст сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшид буюу өндөр суудалтанд хатуу. Нийт олны үйлс бүхэн дэвжих боловч үр ач үл дэлгэрнэ. Зарим газарт халдварт өвчин гарна. Жилийн эхээр салхи маш их. Хаврын гурван сар ба дөрвөн улирлын эхэн сард хуурай гантай. Жилийн дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас, хяруу цас ихтэй. Эртдээ өвс ургамал, ногоо сайн гарна. Жилийн турш аянга цахилгаан, салхи жавар элбэг байна. Манай багш зурхайд хэлэх юм, хэлэхгүй юм байдаг хэмээн заасан. Монгол зурхайд нэг хориотой зүйл нь амаар дамждаг, дамждаггүй, чихнээс чихэнд дамждаг нууц зүйл бий. Ингэж томъёолсон зүйлээр ард түмнийг айлгаж, цочроож болохгүй. Хүн бүр өөрийн бие, сэтгэлийн үрийг хянан байх хэрэгтэй. Амьтанд хорлолгүй, туслах сэтгэлийг барих хэрэгтэй.
 

-Ирж буй тахиа жи­лийг “Алтан унжлагат" хэмээн то­дот­госны учир юу вэ?
 

-Жил бүр өөрийн оноосон нэртэй байдаг. Энэ нь орчуулагдаад энэ жил “Алтан унжлагат” болж байна. Өнгөрсөн жил “Муу нүүрт” бичин жил гэж байсан. Нэрнээсээ шалтгаалдаггүй. -Бичин жилийн зуд гарз хохирол дагуулдаг гэж хөгшчүүл ярьдаг. Өнгөрч буй бичин жилийн хувьд зурхайд хэрхэн буусан бол. Бичин жил сүүлээ хэр шарвах болоо? -Ер нь харьцангуй сайхан жил гарсан. Ихэнх нутгаар хур нь цагтаа орж, ургамал ногоо сайхан ургасан. Өвөл зарим газраа цасгүй сайхан өвөлжиж байна, зарим нутаг оронд хүндэрсэн, алаг цоог л байлаа даа.
 

-Энэ жилийн өвөл илүү сартай гэсэн. Өмнөх жилүүдэд илүү сартай өвөл хэзээ тохиож байсан бэ?
 

-Гурван жилд илүү сар тооцогдоно. Үүнийг өвөл, зун, эхэн, дунд сард гаргах уу гэдэг тооцооны аргад үндэслэнэ. Энэ жилийн хувьд өвлийн дунд сарыг хоёр хийсэн. Ерөнхий байц байдлыг харахад бидний ажил худлаа биш гэдгийг байгаль дэлхий баталж байна. Өнөөдөр хөр цас ховхроогүй байна. Цагаан сар дөхөхөд цас хөлрөөд, уулын толгой борлоод, хаврын урь ороод эхэлдэг шүү дээ.
 

 -Гал тахиа жилд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ер нь улс орны нийгмийн байдал ямар төлөвтэй байх бол? 
 

-Монголын аль ч иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Өөрийн зүгээс Номт хаан гэдэг шиг дотроо номын буянтай сайн хүн гараасай л гэж залбирч сууна. Нийтийн үйл гэдэг нэг хүнээс биш нийтээс шалтгаална. Бид өөрсдөө хичээх хэрэгтэй. Хамгийн гол нь монголчууд хэлний үйлийг анхаарах хэрэгтэй. Биесээ муу хэлдэг, атаа жөтөө, хэрүүл тэмцэлтэй байдаг явдлаа болих хэрэгтэй. Бид болж байгаа зүйлдээ хана мэдэлтэй байх хэрэгтэй. Муулаад Монгол Улс сайжирдаг бол өөр хэрэг. Сайжрахгүй болохоор өөрөө өөрийгөө хорлоод байна шүү дээ. Залуу үеэ уламжлалт зан заншил, ах дүү, төрөл төрөгсөд, эцэг эхээ хайрлах нинжин сэтгэлээр хүмүүжүүлэх хэрэгтэй. Нийтийг хамарсан муу зүйлд бусдыг уриалах хэрэггүй. Мөн бэлэг өгөхөө зогсоо, уранхай оймс өгөхөө болъё гэж байна. Би үүний эсрэг байдаг. Өглөг талаас нь боддог. Хүний гар цайлгаж, байгаа зүйлээ барих учиртай. Дээр үед ул боов, хэдэн төгрөгтэй л өгдөг байсан. Бид бэлгээ өөрсдөө сонгож байгаа шүү дээ. Хүнд өгөх гэж байгаа бол заавал хог болох зүйл биш нэгэнт мөнгө зарж буй хойно хэрэглээд л өнгөрөх зүйл сонгох хэрэгтэй.
 

-Харш жилтнүүд юуг анхаарвал зохилтой вэ?
 

-Дүнсэрийн засал, шишидийн засал гэж тусдаа бий. Нашидүрсэмийн засал, жил орох, мэнгэ голлох, суудал өнцөгдөх зэргийн зарим нь угтдаг, жилдээ ордог зурхайн таван махбодийн онолоор засал хийлгэх хэрэгтэй. Түүнээс хүнийг айлгаж болохгүй. Харш жил гэж буруу орчуулаад байгаа. Шишид буюу дөрөв дэх жилийг 1990 онд бага харш жил гэж орчуулсан.
 

-Хэдхэн хоногийн дараа шинэ сар гарах нь. Сүсэгтэн олондоо хандан юу хэлэх вэ?
 

-Монголчууд эрдэм боловсролоо хичээх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө хүн болгох, хүн байхын учир шалтгааныг өөрөө олж авах хэрэгтэй. Бид цөөхүүлээ учир хагаралдахгүй бол сайн. Юмтай байя гэвэл байгаа юмаа хямгадах хэрэгтэй. Улс эх орон ч гэсэн байгаа юмаа хямгадах хэрэгтэй. Монголын ард түмэн урт удаан насалж, эв эетэй байж, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: MONTSAME.MN 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)