Mobile хувилбар

G time сүлжээний захирал Ж.Маратын 6 тэрбум төгрөгийг битүүмжилжээ

2017 оны 2 сарын 17

 

        Казахстан улсын Засгийн газрыг нэрийг барьж, Монгол Улсын иргэдийг “G-time” сүлжээнд элсүүлэн, залилж байсан этгээдийг цагдаа нар баривчилжээ. Тодруулбал, “G-time” сүлжээний захирал Ж.Марат гэгчийг энэ сарын 12-нд "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээрээс баривчилж, Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, санхүүгийн пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж, мөнгө угаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт шалгаж, эхэлсэн байна.

 

Түүнд энэ сарын 10-ны өдөр хилийн хориг тавьсан байна. Мөн түүний эхнэрт хилийн хориг тавьсан байсан ч тэрээр тухай өдөр монгол улсын хилээр нэвтрэн, нутаг буцсан талаар зарим эх сурвалж мэдээллээ. Одоогоор сэжигтэн Ж.Маратын дансан дахь зургаан тэрбум төгрөгийг хууль, хяналтынхан битүүмжилжээ. Үргэлжлүүлэн хэчнээн иргэдийг санхүүгийн пирамидын луйврын аргаар хохироосон гэдгийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

 

Ж.Маратад Эрүүгийн хуулийн 148.4-т заасан “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Б.Цэлмэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...