Хаврын тэргүүн сарыг цагаан гэж тодотгохын учир...

 

        Билгийн тооллын шинэ жилийн эх болох хаврын тэргүүн сарыг монголчууд цагаан гэж тодотгодог. Энэ тодотголыг монгол хүний сэтгэлгээ, аж амьдралтай нь холбож тайлбарлавал үнэнд ойртоно.

 

Нэг.Монголчууд өөдрөг гэгээн сэтгэлээ бэлгэ, бэлгэшээлээр илэрхийлдэг. Бэлгэшээх нь сонсоход чимэгтэй үг төдий бус хүмүүст сэтгэлийн урам, шинэ санаа төрүүлдэг, цаашдын үйл ажиллагааг чиглүүлдэг, өөдрөг хүсэл тэмүүлэл, гэгээлэг хангалуун амьдрал руу хөтөлдөг увдис, ач тустай үг билээ. Монголчууд "амны билгээс ашдын билэг" гэсэн сургаалыг сонсоод өнгөрдөггүй. Ажил, амьдралын хөтөч хийж, хэрэгжүүлж ирсний учир энэ.

 

1. Монголчууд сайхан юм бүхнийг цагаан өнгөтэй зүйрлэдэг нь эхийн сэтгэл, эхийн сүүний цагаантай дүйцүүлж, тэмүүлж байгаа хэрэг юм.

 

2. Үнэн үгтэй, шударга, ажилсаг хичээнгүй, олон түмэд тустай, нийцтэй хүнийг “цагаан мөртэй хүн” хэмээн үнэлж, тийм л амьдрахыг хүн бүр эрмэлзэж, шинийн нэгнээс эхлэн амьдралын хэвшил болгохыг хичээдэг учиртай.

 

3. Юм бүхэнд гэгээн сэтгэлээр аядуу хандаж, хүндэтгэлийн үгээр (бараалхах, залрах, болгоох, морилох, хүртэх, зооглох гэх мэт) ярилцаж, ахас ихсээ дээдэлж, эв эеийг эрхэмлэж, элбэг тансгийг чухалчилж, авах өгөхөд гар татахгүй, бэрхшээл хүндрэлийг болж бүтэхээрээ оролцож, туслалцаж давдаг сайхан уламжлалаа бататгах зэргээр хүмүүсийн харилцааны эерэг бүхнийг цагаан сарын шинээр хичээн хэрэглэж. цаашдынхаа амьдралд хэвшүүлдэг.

 

4. Монголчууд шинийн нэгэнд цагаан хувцас өмсч, сүүгээр амлаж, цагаалгаа хамгийн эрхэм гол зоог болгодог. XIII зууны үед Их Монгол Улсад ирж, Хубилай хааны дэргэд 17 жил ажилласан Европын жуулчин Марко Поло “Монголчуудын шинэ он хоёрдугаар сараас эхэлнэ. Тэд заншил ёсоор эр, эмгүй цөмөөрөө цагаан хувцас өмсөнө. Цагаан хувцсыг аз жаргалтайд тооцож шүтдэг учраас амар амгалан, энх тунх амьдрахын тулд өмсөцгөөдөг” гэж бичжээ.

 

Хоёр. Монголчуудын гол хүнс нь цагаан идээ. Бидний өвөг хүннүчүүд цагаан идээ хамгийн элбэг болдог намрын улиралд цагаан сараа тэмдэглэж байсан түүхэн уламжлал бий. Харин хэдий үеэс хавар тэмдэглэдэг болсон талаар эрдэмтэд судлаачдын санал өдгөө нэгэн мөр болоогүй ч тэдний зонхилох нь Их Монгол Улс байгуулагдсан 1206 оноос эхлэн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс тухайлбал, III жарны хөхөгчин үхэр жил шувтарч улаан барс жил эхэлсэн тэр цаг мөчөөс хавар тэмдэглэдэг болсон гэж үзжээ. Хавар бол ирж байгаа жил, урин дулаан улирлын эх, монголчуудын амьдралын үндэс болсон мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилийн орчлын эхлэл, мал төллөж, цагаан идээ дэлгэрч буй үе бөгөөд хүн бүрийн сэтгэл тэнийж, хөгшин хүн өөрийгөө залуу болсон юм шиг боддог тийм сайхан цагийг сонгож монголчууд шинэ жилтэйгээ золгодог болжээ.

 

Хаврын эхэн сарыг цагаан сар гэсэн нь монголчуудын гол хүнс цагаан идээ дэлгэрч эхэлдэгтэй ч холбоотой. Цагаан сараар малын түрүүч төллөж, шинэ цагаан идээ, уураг сүү, тараг өрөм идэж баярлацгаах бөгөөд хаврын тэргүүн сарын баяраар золгохдоо хамгийн түрүүнд сүү амсацгааж, ирж байгаа жилд ажил амьдрал бүхэлдээ сайн сайхан байхыг бэлгэшээдэг. Цагаан сарын шинийн нэгний үндсэн зоог нь цагаалга байдаг. Цагаалгын идээг бэлтгэхдээ будаагаа агшааж, аарц, өрөм, сүү хийж буцалгана. Цагаалганаас гурваас доошгүй аяга хүртэх нь шинэ онд цагаан идээ элбэгшин хүн бүхэн цатгалан байхыг бэлгэшээж байгаа хэрэг юм. Цагаалгын дараа банш, бууз зооглох учиртай. Банш, бууз бол улаан идээг цагаан идээ болгож байгаа хувилбар юм. Цагаан сарын гол ундаа нь айраг байдаг. Айраг бол үндэсний, шилдэг ундаа юм. Энэ бүхнээс үзвэл Цагаан сар гэсэн нь эхийн сэтгэлтэй дүйцэхүйц сайхан харилцаа, сайхан үйлчилгээ эхийн сүүтэй зүйрлэм сайхан идээ, ундаа, зоог. шүүс, сайхан сэтгэгдэл зэрэг сайхан бүхнийг багтаасан цогц арга хэмжээний нэр ажээ.

 

Т.ЖАМБАЛДОРЖ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)