С.Баяр: Шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт тавив

 

        Шүүх хурлын Ерөнхий шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр Ц.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нар ажиллаж байна.

 

Харин шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Х.Чимгээ нар Шүүх хуралд хорих байрнаас цахимаар холбогдож байгаа юм.

 

Шүүх хурал эхлэхэд яллагдагч Т.Содномдаржаа, Х.Чимгээ нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа.

 

Т.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр “Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байна. Эсвэл Т.Содномдаржааг биечлэн оролцуулаач” гэв.  

 

С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун өмнө нь шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж байсан бөгөөд энэ талаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, үүнтэй холбоотойгоор өнөөдрийн хурал болж байгаа юм.

 

Гэхдээ тэрбээр өнөөдрийн шүүх хуралд өөрөө оролцсонгүй. Харин түүнийг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан ирлээ.

 

Өмгөөлөгч Л.Энхсайхан хурлын эхэнд “Давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүх хуралд хэрэглэсэн нотлох баримтыг шинжин судлах ажиллагаа явагдахгүй. Зөвхөн анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн эсэхийг хэлэлцдэг. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг С.Оюун тавьж байгааг би уламжлан хүргэж байна” гэсэн юм.

 

С.Зориг агсны төрсөн ах С.Баяр шүүх хуралдааны эхэнд мөн үг хэлэв.

 

        Тэрбээр “Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэв.

 

Түүнчлэн Шүүх хуралдаанд цахимаар оролцож буй Т.Содномдаржаа, Х.Чимгээ нар шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Харин шүүгдэгч Ц.Амгаланбаатар "Хэлэх санал байхгүй" гэж мэдэгдлээ. 

 

Үүний дараа улсын прокурор Ж.Сандаг-Очир "Энэ хэрэг нь төрийн маш нууцад хамаарна гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан учраас Шүүх хуралдааныг хаалттай явуулах нь зүйтэй" гэлээ. 

 

Ингээд дээрх саналуудыг шүүгч нар хэлэлцээд, Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шийдвэрээ танилцуулав.
Тэрбээр “35 дугаар хавтаст хэргийн 215-220 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт бий. 1998 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн энэ хэрэг маш нууцыг зэрэглэлд хамаарах болсон. Тиймээс хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, хуралдааныг хаалттай явуулахаар боллоо” гэж мэдэгдлээ. 

 

Ийнхүү Давж заалдах шатны шүүх хуралдаан хаалтай горимоор үргэлжилж байна.

 

Б.Тэлмүүн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)