Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт ажиллаа

 

        Монгол Улсын Засгийн газрын гишүүд энэ өдрүүдэд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцаж байна. 

 

Мөн иргэдийн санал хүсэлтийг сонсч, Засгийн газрын шийдвэрт хэрхэн тусгаж, ажил хэрэг болгох талаар санал солилцож байгаа юм.  Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол  энэ сарын 16-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн XIII хороо, Туул тосгонд ажиллалаа. Олон нийтийн нэрлэдгээр “шувуун фабрик” гэх энэ хорооны нутаг дэвсгэрт хайрга, дайрга олборлодог 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж. Энэ нь байгаль орчин болон иргэдийн аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байна. Карьерүүдийн үйл ажиллагаанаас болж голын ус ширгэж, бургас цөөрч гол гольдрилоо өөрчилсөн. Малын бэлчээргүй, хадлангийн талбайгүй болсон. Ухсан нүхэнд мал унаж үхэж байна, хүн явахад хэцүү болсон. Тоосжилт ихтэйгээс харшлын өвчтэй хүний тоо нэмэгдэж байна, хайрга ачсан том оврын тэрэгнүүд зам эвдэж, автын осол гарах нөхцөл бүрдүүлээд байна зэрэг хүндрэлтэй асуудлыг уулзалтын үеэр үг хэлсэн хүн болгон хөндөж, Засгийн газраас тодорхой шийдэл хүлээж байгаагаа хэллээ. Хороодын иргэд төрийн бус байгууллага, холбоо байгуулан нутаг усаа хамгаалахаар зохион байгуулалтад орж байгаа ч тэдэнд дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа ажээ.

 

Туул голын бохирдол хэрээс хэтэрсэн, жилийн дөрвөн улиралд өмхий үнэртдэг, голоос ундаалсан мал хордож үхэж байна. Хайрга олборлолт замбараагүй хийгдэж байгаагаас энэ орчимд цөлжилт нүүрлээд байна. Мод тарих, ногоожуулах шаардлага байгаа ч хөрөнгө мөнгө байхгүй. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байна, сургуулийн засвар болон сургууль, цэцэрлэгийн цогцолборын дутуу баригдсан барилгыг дуусгаж ашиглалтад оруулахад Засгийн газраас дэмжлэг хүслээ.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)