Түүхий нүүрсний хэрэглээг тэглэх нь ээ

 

        Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан байна. Ингэхдээ хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон байна. Түүнчлэн 59  арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох юм. Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна гэж тооцоолжээ. 

 

Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд  агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг нийтэд танилцуулах “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг БЗД, СХД, Чингэлтэй дүүрэгт байгуулах юм байна.

 

 Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах тухай хуулийн төслөөс гадна байгаль орчныг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх чиглэлээр үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах аж. 

 

Мөн зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, цахилгаан халаагуур, шөнийн тарифт тоолуур зэргийг худалдан авах айл өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг боловсруулсан байна.  Үүний зэрэгцээ агаар, орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлнэ.

 

Агаар, орны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байсан ажлууд үр дүнд хүрэхгүй, цаг алдаж байгаагаас агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөлийн эрсдэл ихэссээр байгаа билээ.  Тухайлбал 2005 онд өвчлөл 10 мянган хүн тутамд 697 байсан бол 2014 онд 1730 болж хоёр дахин өсчээ. Мөн бохирдол жирэмсэн эхчүүдэд сөрөг нөлөө үзүүлж, ураг хүчилтөрөгчийн дутагдалд орох, зулбах, дутуу төрөх, хүүхдийн жин буурч байгаа нь судалгаанаас тодхон харагдана. 

 

Хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух гаргадаг. Харин 10 хувийг 400 гаруй мянган автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг Дулааны цахилгаан станцууд, дөрвөн хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдлаас ялгарч байгаа утаа, тоос тортог эзэлж байх юм аа.

 

Тэгэхээр нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, дөрвөн бүсэд хуваасан. Нэгдүгээр бүс буюу агаарын бохирдлын голомтод СХД, БЗД, СБД, ЧД-ийн 51 хороо орсон бол, хоёрдугаар бүсэд СХД, БЗД, ХУД-ийн 21 хороо, гуравдугаар бүсэд БГД-ийн 8 хороо, дөрөвдүгээр бүсэд СХД, БЗД, СБД, ЧД, БГД, ХУД-ийн 49 хороог багтаажээ.

 

Засгийн газар гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг энэ оны эхний өдрөөс тэглээд байгаа. Энэ хүрээнд 108 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 100 хувь, 39 мянга орчим хэрэглэгчийнхийг 50 хувь хөнгөлж үүнд хоёр тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм. 

 

Мөн цахилгааны хөнгөлөлтөд зарцуулах төсвийг 3.5 тэрбум төгрөг болгосноор зорилтот бүлгийг сайжруулсан түлш, зуухаар хангах боломж бүрдсэн. Энэ ажлыг ирэх арваннэгдүгээр сар гэхэд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөжээ. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Tergel (141.0.15.104)

    2017-03-21

    Nuurs tulehee boliviol yu tultsgeene gej bodoj baina? Omd gutal, uhsen nohoi, hog tsaas, hayagdal dugui gol tulsh boloh baih aa. Togond holbogdoogui ail heden arvan myanga baigaag meddeggui yum baih daa.

  • zochin (103.229.122.161)

    2017-03-21

    Наад зуухаа боль.Хэдэн жил л сайжруулсан зуух гэж баахан мөнгө идэж ууж түрүүч нь шоронд суулаа.Утаа багассан нь хаана байгаа юм бэ.Шууд л эрчим хүчний шугам сүлжээгээ сайжруулж,цахилгааныг бүрмөсөн тэглээд л халаалтыг системийг сонгох хэрэгтэй .Балай үлгэр яриад л .залхмаар юм.