Гадаадынхны 40 хувь нь яс үндсээр гадуурхагдаж байжээ

 

        Японд амьдарч буй гадаадын иргэдийн бараг 40 хувь нь яс үндсээр гадуурхсан үйлдэлд өртөж байсан гэдгээ хэлжээ. Японы Хууль зүйн яамнаас явуулсан судалгаагаар, сүүлийн таван жилийн хугацаанд орон сууц хайж байсан 2044 хүний 39.3 хувь нь япон гаралтай биш гэдгийг мэдмэгц татгалзсан хариу авч байсан гэдгээ хэлжээ. Харин 52.5 хувь нь яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан үйлдлүүдэд өртөж байгаагүй гэж хариулсан байна. Интернет байнга хэрэглэдэг 3396 хүний 41.6 хувь нь гадаадын иргэдийг дайрч доромжилсон нийтлэл болон үг хэллэг олонтаа тааралддаг гэсэн бол 56.2 хувь нь ийм зүйлтэй таарч байгаагүй гэжээ. Хууль зүйн яамны энэ судалгаа нь иймэрхүү төрлийн анхны судалгаа юм. Хэдэн жилийн өмнө Япон, Өмнөд Солонгосын харилцаа таагүй болж, Японд амьдарч буй солонгосчуудын эсрэг чиглэсэн жагсаал цуглаанууд Японы баруун өмнөд нутагт болж, Япон орныг харийн хүмүүсээс цэвэрлэхийг уриалж байсан билээ. Тэр үед үндэстэн ястнуудыг хооронд нь хагаралдуулсан этгээдүүдийг шийтгэх тухай зүйл заалт Японы хуулинд байдаггүй нь тодорхой болсон юм. Японы хүн амын 98 хувийг нь япончууд эзэлдэг нь үүнд нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй. Хууль зүйн яам цаашдаа гадаадын иргэдийг ялгаварлан гадуурхсан тохиолдлын талаар мэдээлэх тогтолцоог улам боловсронгуй болгохоор ажиллаж байгаа ажээ.

 

Ц.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)