Айлчлалтай, бүртгэлтэй 7 хоног

                

        Энэ долоо хоног  онцлох үйл явдал олонтой болж өндөрлөлөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь хийж, хоёр орны хөгжилд харилцсан ашигтай олон зүйлд хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа. Түүнчлэн УИХ-д суудалтай МАН, АН, МАХН –ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд, нэр дэвшигчээ бүртгүүлж, бичиг баримтаа хүлээлгэн өгөв. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийх айлчлал эхэлсэн билээ. Энэ долоо хоногт гадна дотны зочид төлөөлөгчидтэй, бүртгэлтэй, айлчлалтай ийм долоо хоног өнгөрчээ. Ингээд тоймоо хүлээн авна уу.

 

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь манай улсад айлчлав

 

        Энэ долоо хоногийн тоймын эхний мэдээлэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил  энэ сарын  7-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авсан юм.

 

Айлчлалын үеэр Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийсэн билээ.

 

Айлчлалын үеэр Вьетнам улс Монгол Улсаас ямааны мах импортлох сонирхолтой байдаг аж.  Монголын 4-5 махны үйлдвэрийг Вьетнамын тал Засгийн газрын түвшиндээ хүлээн зөвшөөрч, эхний ачилт хийгдсэн байна. Энэ бол туршилтын ачилтууд. Энэ жил 20 тонн ямааны мах экспортлох зорилт тавьсан байна. Вьетнам жилдээ 200 тонноос ч илүү ямааны мах, ноолууран бүтээгдэхүүн ч илүү импортолъё гэдэг сонирхлоо илэрхийлж байлаа.  Түүнчлэн өнөөдрийн байдлаар Монголын 60 гаруй оюутан Вьетнамд суралцдаг, Вьетнамаас Монголд 30 гаруй оюутан суралцаж байна. Хоёр талдаа тэтгэлэг олгодог. Хэлэлцээрийн үеэр оюутны тоог нэмэгдүүлэхгүй, тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлье, салбаруудаа илүү анхааръя гэдэг тохиролцоонд хүрсэн гэх мэт хоёр орны хамтын ажиллагаанд харилцан ашигтай, гэрээ, хэлцэлүүдийг хийснээр айлчлал өндөрлөсөн юм.

 

СЕХ нэр дэвшигчдийг бүртгэж,  бичиг баримтыг хүлээн авлаа

 

        Дараагийн онцлох үйл явдал бол Сонгуулийн ерөнхий хороонд УИХ-д суудалтай гурван намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн МАН-аас  нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч  Н.Энхбаяр гэсэн гурван нэр дэвшигчид бүртгүүлж, бичиг баримтаа хүлээлгэн өгсөн  явдал байлаа. Гэхдээ тэднийг бүртгэж, сонгуульд өрсөлдүүлэх эсэхийг СЕХ гурав хоногийн дотор буюу энэ сарын 14-ний дотор шийдэх юм. Улмаар энэ сарын 17-нд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг албан ёсоор зарлах ажээ.

 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд "Төрт ёс, Монгол Төрийн тэргүүний сонгуулийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах үүднээс МАН-аас нэр дэвшигч миний бие хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалуудыг бүрдүүлж өөрийн биеэр СЕХ-нд хүлээлгэж өглөө. МАН ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр тогтож ирсэн олон жилийн түүхэн уламжлалтай улс төрийн хүчин. Энэ удаагийн Төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсч байна" гэлээ.

 

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга "Өнөөдөр хуулийн хугацаанд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй миний бие бусад журмын нөхдийн хамт бичиг баримтаа бүрдүүлэн өгч, бүртгүүллээ. Бүртгэж аваад, сонгууль амжилттай явагдах байх гэж бодож байна" гэв.

 

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр "Хуулийн хугацаанд материалаа өгчихлөө. СЕХ материалыг ямар нэгэн улстөрийн хүчин, албан тушаалтан байгууллагын шахалтад өртөлгүй шударгаар бүртгэх байх гэж бодож байна. Би ард түмнийхээ итгэл дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Тэгэхээр би шалгуурыг давахгүй байх алдаа дутагдал байхгүй. Бид шударга өрсөлдөөнөөс айхгүй" гэлээ.

 

Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор болжээ

 

        Түүний дараагийн онцлох үйл явдал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийх айлчлал эхэллээ. Тэрбээр өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхаж, мөн тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм байна. БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхах үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлсэн байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцохыг урьсанд БНХАУ-ын дарга Си Зиньпинд талархал илэрхийлэв. Тэрбээр “Дэлхийн хөгжилд ганцаараа гоцлол хөгжим тоглохгүй, олуулаа найрал хөгжим тоглож хөгжье” гэсэн үзэл санааны дагуу БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачилга олон улсын хэмжээнд ихээхэн дэмжлэг хүлээж байгаагаа илэрхийлжээ. Хятадын тал Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд эхний ээлжинд БНХАУ-ын олгосон нэг тэрбум долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ мэдэгдэв. Мөн БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохирсон. Энэ удаа БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгож байгаа, мөн ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал илэрхийлэв. Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн төслүүдийг цогцоор нь хөгжүүлэх, дагалдах төмөр зам, эрчим хүчний станц барих, Оюунтолгойн ордын зэс баяжуулах үйлдвэрийн төсөлд хамтарч ажиллах нь хоёр улсын хөгжлийн стратегид нийцнэ гэдгээ БНХАУ-ын дарга Си Зиньпин дурджээ.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)