Л.Базарсад: Гадаадад оршин суугаа иргэдийн таван хувь нь л бүртгүүлсэн

 

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх хүсэлтэй гадаадад оршин суугаа иргэдийг бүртгэж дууссантай холбогдуулан Гадаад хэргийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын зөвлөх, Сонгуулийн төв комиссын гишүүн Л.БАЗАРСАДТАЙ ярилцлаа.

 

-Гадаадад оршин суугаа иргэдээс хэд нь сонгуульд оролцохоор бүртгүүлсэн байна бэ?

 

-Хуульд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх хүсэлт гаргасан иргэдийг бүртгэх ажлыг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө буюу 20 хоногийн хугацаанд зохион байгуулдаг. Тиймээс хуулийн дагуу энэ сарын 20-ны 18.00 цагт бүртгэлийг дуусгавар болгосон. Гэхдээ бүртгэлийг орон нутгийн цагаар явуулах учраас АНУ-ын тухайн цаг нь Улаанбаатарынхаар энэ сарын 21-ний 06.00 цаг байх жишээтэй. Тиймээс сонгуульд санал өгөх иргэдийн бүртгэл өчигдөр /энэ сарын 21/ өглөө дууссан. Ингээд эцсийн байдлаар 7374 хүн бүртгүүлсэн байна. Гэхдээ тэдний бүртгэлийг баталгаажуулсны дараа энэхүү тоо бага хэмжээгээр буурах магадлалтай.

 

-Бүртгүүлсэн нийт иргэдээс ямар шалтгаанаар хасагдах магадлалтай вэ?

 

-Зарим иргэний мэдээлэл зөрүүтэй байж болно. Эсвэл олон жил гадаадад амьдарсан иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж чадаагүй байж магадгүй. Энэ мэтээр бичиг баримтны зөрчилтэй бол санал өгөх эрхгүй болно. -Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг хэдий хугацаанд ямар шат дамжлагаар баталгаажуулах вэ? -Бүртгэл дуусгавар болонгуут хуулийнхаа дагуу бүх мэдээллийг ОӨУБЕГ-т хүлээлгэн өгсөн. Тухайн байгууллага бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг нягталж шалгадаг. Ингэхдээ тухайн хүний мэдээллийг иргэний шинэчилсэн бүртгэлтэй тулгасны дараа энд оршин суугаа хаягаас хасч, гадаадад оршин суугаа иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргадаг. Энэ ажлыг хоёр хоногийн хугацаанд зохион байгуулах ёстой. Түүнийгээ буцаагаад Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлдэг. Ерөнхийдөө энэ сарын 25 гэхэд нэрсийн жагсаалт дипломат төлөөлөгчийн газарт очно. Ингэснээр тухайн дипломат төлөөлөгчийн газар жагсаалтыг ил байршуулж, сонгуульд санал өгөх иргэд чөлөөтэй танилцах боломжоор хангана. Ингээд санал өгөх эрхтэй болох юм.

 

-Сонгуульд оролцох эртэй болсон иргэд Дипломат төлөөлөгчийн газарт очиж саналаа өгөх үү. Хэчнээн газарт иргэдийн саналыг авах вэ?

 

-Сонгуулийн тухай хуулиар гадаадад суугаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комисс байгуулсан. Төв комисст Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/, Гадаад харилцааны яам / ГХЯ/ багтдаг. Төв комиссын дор хилийн чинадад суугаа дипломат төлөөлөгчийн газар бүхэнд салбар комисс байгуулсан. Тодруулбал, 35 орны 45 хотод салбар комисс байгууллаа. Эдгээр газарт иргэдийн саналыг авна. Үүнд төрийн буюу гадаад харилцааны 197 дипломат албан хаагч ажиллаж байна. Нэг улсад 2-3 төлөөлөгчийн газартай байдаг. Жишээлбэл, Хятад улсын Эрээн, Бээжин, Хөх хот гэх зэрэг.

 

-7374 хүн бүртгүүлсэн гэхээр гадаадад оршин суугаа иргэдийн хэдэн хувийг хамруулсан юм бол?

 

-Дипломат төлөөлөгчийн газар байгаа хотод санал авах ажиллагааг явуулна гэж хуульд заасан байдаг. Тухайн улс орон дахь Дипломат төлөөлөгчийн газар гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр. Тиймээс улсынхаа нутаг дэвсгэр дээр сонгуулийн санал авна гэсэн үг. Дипломат төлөөлөгчийн газар байхгүй улс оронд оршин суугаа иргэдийн хувьд сонгуульд санал өгөх боломжгүй. Манай Консулын газарт хилийн чинадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн судалгаа байдаг. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Монголын 144 мянга орчим иргэн урт болон богино хугацаагаар оршин сууж байна. Үүний таван хувийг бүртгэсэн.

 

-Гадаадад оршин суугаа нийт иргэдийн таван хувь нь сонгуульд оролцоно гэхээр нэлээд бага санагдаж байна. Цөөхөн хүн бүртгүүлсэн нь ямар шалтгаантай байв. Бүртгэл эхэлсэн талаарх мэдээлэл тэдэнд хүрээгүй юм болов уу?

 

-Бид аль болох олон иргэнийг сонгуульд оролцуулахаар ажилласан. Тавдугаар сарын 1-20-ны хооронд бүртгэлээ. Гэхдээ бүртгэл эхлэхээс өмнө энэ талаарх мэдээллийг бололцоотой бүх арга хэлбэрээр хангалттай түгээсэн. Бүртгэлийн мэдээллийг тав тав хоногийн хугацаанд авсан. Тэгэхэд эхний арав хоногт бүртгэл хангалтгүй байсан боловч сүүлийн тав хоногт эрчимтэй нэмэгджээ.

 

-Гадаадад албан ёсоор оршин суугаа иргэд л бүртгүүлсэн үү?

 

-Гадаадад албан болон албан бусаар суугаа бүх иргэн сонгуульд оролцох бүрэн эрхтэй. Жишээлбэл, Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь манайхны хэлдгээр “харласан” байдаг. Гэхдээ тухайн иргэн ямар статустай оршин сууж байгаа эсэх нь сонгуульд оролцоход хамаарахгүй. Тиймээс албан ёсоор нэр нь баталгаажсан иргэд ирэх сарын 10, 11-ний өдөр 07.00-22.00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газартаа биеэр очиж саналаа өгнө.

 

-Тэдний саналын хуудсыг хаана тоолох вэ?

 

-Дипломат төлөөлөгчийн газарт саналын хуудас тоолдог машин байхгүй учир саналын хуудсыг битүүмжилж, тусгайлан бэлтгэсэн хайрцагт хийн СЕХ-нд хүргүүлнэ. Ингэхдээ салбар комиссын гишүүд протокол үйлдэх ёстой. Түүнийг СЕХ хүлээн авч, сонгуулийн санал хураах ажиллагаа дууссаны дараа саналыг автомат машинд хийж тоолно.

 

-Сонгуульд санал өгөх хүсэлтэй боловч тодорхой шалтгааны улмаас бүртгүүлж амжаагүй тохиолдолд яах вэ. Дахин бүртгэх хугацаа бий юү?

 

-Бүртгэл дуусгавар болсон учир дахин бүртгэх ямар ч боломжгүй. Хэрэв бүртгүүлээгүй хүний саналыг авбал бид хууль зөрчсөн явдал болно.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)