Наина Ельцина: Боря зөрүүд зантай ч ухаалаг хүн байсан

 

        ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельциний гэргий Наина Иосифовна 85 насныхаа босгон дээр дурсамж номоо хэвлүүлжээ. Наина Ельциний “Миний амьдрал” номын нээлт энэ сарын 5-нд Улаан талбайд болсон байна. Тэрбээр номдоо хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй бичсэн аж. ОХУ- ын анхны тэргүүн хатагтайн “Московский комсомолец” сонинд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-Та дурсамж номоо эртнээс төлөвлөж бичсэн үү?

 

-Би зээ нартаа өөрийнхөө тухай их ярьдаг байсан. Тэд надад дурсамж номоо бичихийг санал болгосон юм. Номоо таван жил бичиж хэвлүүллээ. Ном бичих хэцүү ажил гэдгийг биеэр мэдэрлээ. Би номдоо 1932 он буюу хорвоод мэндэлснээс одоог хүртэлх бүх дурсамжаа бичсэн. Дайны үед өнгөрүүлсэн хүүхэд нас, дайны дараах бүтээн байгуулалт, Брежневийн үе, Перестройка (өөрчлөн байгуулалт) зэрэг түүхэн үед хэрхэн амьдарч байснаа номдоо бичихийг хүссэн юм. Мөн ханьтайгаа анх танилцсан түүхээс 50 жил хамт амьдарсан дурсамжаа бичсэн. Энэ номоо би ханийнхаа мэндэлсний 90 насны ойд зориулж хэвлүүлсэн.

 

-Наина Иосифовна, таны 85 насны ой энэ жил болно. Борис Николаевич танд ямар бэлэг өгдөг байв?

 

-Би төрсөн өдрөө тэмдэглэх дургүй. Эцэг, эх минь олон хүүхэдтэй учраас тэр бүр бидний төрсөн өдрийг тэмдэглэж байгаагүй. Харин Боря (Борис Николаевич) минь төрсөн өдөр тэмдэглэх дуртай байсан. Боря төрсөн өдрөөр минь цэцэг үргэлж бэлэглэдэг байлаа. Охин Ленагийнхаа төрсөн өдөрт тун ч дуртай байсан даа. Хань минь “Хүнд насан туршид нь дурсах бэлэг өгөх хэрэгтэй” гэж хэлдэг байж билээ.

 

-Борис Николаевич ямар зантай хүн байв?

 

-Би нэгдүгээр дамжааны оюутан байхдаа Борятай танилцсан. Тэр минь намын гишүүн, сайд, Ерөнхийлөгч болсон ч надтай анх ханилж байсан зангаараа харилцдаг байлаа. Боря зөрүүд зантай ч ухаалаг хүн байсан. Миний хань хүний яриаг анхааралтай сонсч, мэргэн зөвлөгөө өгдөг байв.

 

 

-Сэтгэлд тань үлдсэн гэр бүлийн баярын дурсамжаасаа хуваалцана уу?

 

-Бид ресторанд баяр тэмдэглэж байгаагүй. Борягийн 60 болон 75 насны ойг бид гэртээ тэмдэглэсэн. Гэхдээ 1996 онд эмнэлэгт тэмдэглэсэн бидний хуримын ой онцгой сэтгэлд дотно үлджээ. Бид өмнө нь хуримын өдрөө тэмдэглэдэггүй байсан юм. Тэр үед нөхөр минь зүрхний мэс засалд орохоор эмнэлэгт хэвтэж, би сахиж байв. Охид минь цэцэг бэлэглэж, эмнэлгийн тасгийн жижигхэн ширээг засч бидний хуримын 40 жилийн ойг тэмдэглэсэн. Ер нь бидний амьдралын хамгийн жаргалтай үе тэтгэвэрт гарсны дараа 2000-2006 онд Москвад өнгөрсөн.

 

-Танайх хэр өнөр өтгөн болж байна?

 

-Би хоёр охин, зургаан зээ, таван зээнцэртэй. Москвагийн байрандаа ууган зээ Машатайгаа амьдардаг. Машагийн охин энэ жил дунд сургуулиа төгссөн. Миний отгон зээ Англид суралцдаг. Харин зээнцрүүд дунд сургуульд сурч байна. Тэд ням гараг бүр манайд ирдэг. Би зээ нартайгаа Екатеринбург дахь зуслангийн байшиндаа үе үе очдог. Тэр зусланд Борятайгаа байсан өдрүүд, охидын минь хүүхэд нас өнгөрсөн учраас би очих дуртай.

 

-Та Намын Төв хорооны гишүүн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн гэргий байхдаа ямар зарчим баримталж байв?

 

-Би Төв хорооны гишүүний эхнэр гээд бусад шиг тусгай эрх эдэлж байгаагүй. Хүүхдүүдээ өсгөхөөс илүү ажилдаа анхаарал хандуулдаг байсан. Миний нөхөр богино хугацаанд тушаал ахисан. Би нөхрөө ахиж дэвшихэд саад болохгүйн тулд гэр бүлээ авч явдаг байв. Эмэгтэй хүн нөхөрт гарсан ч ажлаа гаргуунд нь гаргаж болохгүй.

 

-Одоогийн залуус таны үеийнхээс юугаараа ялгаатай байна вэ?

 

-Орчин үеийн залуус биднээс илүү ухаалаг, боловсролтой болжээ. Тэд технологийн эрин үед амьдарч байна. Гар утас, интернэт гээд бидний үед байгаагүй зүйлс одоо ердийн хэрэглээ болсон байна.

 

-Та орчин үетэйгээ хэр хөл нийлэн алхаж байна?

 

-Би гар утаснаас мессеж илгээж, скайп ашиглан зээ нартайгаа ярьдаг. Сүүлийн үед цахим ертөнцөөр аялж сонирхолтой мэдээ унших дуртай болсон.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)