Н.Баяртсайхан: Эдийн засгийн өсөлт хөгжил, тогтвортой байдалд чиглэсэн бодлогын шийдвэр гаргахаар ажиллаж байна

        Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай төв банкинд УИХ-аас хийсэн шалгалтын үр дүн, Киргиз улсад явсан албан томилолт, удахгүй хуралдах Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

- Өнгөрсөн 7 хоногт УИХ дээр Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэн тогтоол баталсан. Энэ үед та харагдсангүй. Таны байр суурь ямар байгаа вэ?

 

Өнгөрсөн 2-р сарын сүүлээс эхлээд Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Монголбанкны 2012-16 оны үйл ажиллагаанд мөнгөний бодлогын хэрэгжилт, төв банкны үйл ажиллагаа, гаргасан тушаал шийдвэрүүд зэрэг нийт 10 чиглэлээр хяналт, шалгалт хийсэн. Үүний үндсэн дээр УИХ - Төрийн эрх барих дээд байгууллагын тогтоол гарлаа. Монголбанк тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Ажил ерөнхийдөө эхэлсэн байгаа.

 

- Шалгалтын дүнг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед Монголбанк өмнө гаргасан алдаа дутагдлаа дахин давтахгүйн тулд төв банкны ерөнхийлөгчийн эрх үүрэг, засаглал, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэсэн саналууд гарч байсан. Энэ талаар ямар ажлууд хийгдэх вэ?

 

Төв банкны бие даасан, хараат бус байдлыг баталгаажуулж, засаглалыг сайжруулах нь нэн чухал байна. Тийм ч учраас миний бие Монголбанкны Ерөнхийлөгч болоод төв банкны үйл ажиллагааг 5 чиглэлээр шинэчлэх хөтөлбөр боловсруулан, хууль эрх зүйн орчин, засаглал бүтэц зохион байгуулалтын асуудлыг хамгийн эхэнд нь тусгасан. Ер нь судлаач эрдэмтэд ч, олон улсын байгууллагууд ч үүнийг зөвлөсөөр ирсэн байдаг. Бидний явуулсан түүвэр судалгаа, нээлттэй хэлэлцүүлгээр олон нийт ч төв банкийг хараат бус байлгах, засаглалыг сайжруулах ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Одоогийн байдлаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болсон байгаа. УИХ-д өргөн барих процедур эхлээд явж байна.

 

-Судалгааны ажлуудыг харж байхад Монголбанкны хараат бус байдал сайн хангагдаагүйн улмаас эдийн засагт олон асуудал үүсч байсныг онцолсон байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд Төв банкны хуульд ямар гол өөрчлөлтүүд орох вэ?

 

Хуулийн гол өөрчлөлт нь Монголбанкны үндсэн зорилтыг дэлхийн нийтийн түгээмэл чиг хандлага болсон “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчлөхөөс эхэлж байгаа.  Төв банкны зорилтыг ийнхүү илүү тодорхой болгож, олон улсын жишигт нийцүүлснээр төв банк илүү хариуцлагатай байх, зорилтоо амжилттай биелүүлэх нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн, бодлогын эцсийн шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч ганцаар гаргах бус Мөнгөний бодлогын зөвлөлөөрөө шийддэг байх, Засгийн газарт зээл олгох, Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах Монголбанкны үйл ажиллагааг тодорхой зааж, хязгаарлалтыг тусгасан. Мөн Монголбанкны удирдлагыг албан тушаалд томилох шалгуур, чөлөөлөх үндэслэл журмыг ч илүү нарийн тодорхойлж өгсөн байгаа. Эдгээр нь 1996 онд анхбатлагдсан одоогийн хуулинд нарийн тусгагдаагүй байдаг. Иймд мэргэжлийн баг хуульд ямар сул талууд байна, тэдгээрийг хэрхэн нөхөх тал дээр нэлээд хугацааны турш олон улсын шилдэг туршлагыг судалж, шийдлүүдийг хооронд нь харьцуулж, гадна дотны хөндлөнгийн мэргэжилтнүүд, иргэд болон аж ахуйн нэгжүүд, олон нийтийн саналыг нэгтгэж ажилласны эцэст гол нэмэлт, өөрчлөлтүүдийг тодорхойлсон.

 

-Та сая Киргиз улсад томилолтоор явсан гэсэн. Энэ талаар уншигчдад маань сонирхуулахгүй юу?

 

Монголбанкны баг, төлөөлөгчид Киргиз улсад 3 хоног ажиллаад ирлээ. УИХ-аас 2017 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа Монголбанкинд хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн. Үүний нэг нь валютын бирж үүсгэн байгуулж ажиллуулах явдал. Энэ нь цаашид санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, улмаар валютын ханшийн савлагаа үүсэх эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой дэд бүтэц юм. Хэдийгээр олон жил яригдсаар ирсэн ч ажил хэрэг болоогүй байсныг энэ жил бид бодит ажил болгож, өнгөрсөн 4-р сард “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ын албан ёсны нээлтийг хийсэн байгаа. Шинэ ажил учраас эхлүүлэхээсээ өмнө нэлээд судалгаа хийж үзсэн, цаашид ч улам сайжруулах тал дээр ажлууд хийгдэнэ. Валютын бирж байгуулан амжилттай ажиллаж байгаа улс орны тоонд Орос, Армен, Киргиз, Азербайджан зэрэг улс ордгоос бид ойрхон, шууд нислэгтэй Киргиз улсад очин биржийн үйл ажиллагаатай танилцахаар шийдсэн. Тэд Швейцарийн төв банкны тусламжтайгаар валют арилжааны автомат систем байгуулж ажиллуулсан юм байна. Бид үйл ажиллагааны зарчимтай нь танилцаж, мэргэжлийн хүмүүстэй уулзаж ажил хэргийн холбоо тогтоогоод ирсэн, нэлээд тустай ажил боллоо.

 

- Монгол Улс саяхан эдийн засагт тулгарсан хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд ОУВС-ийн хөтөлбөрт албан ёсоор хамрагдах болсон. Киргиз мөн ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Тэнд байдал ямар байна вэ?

 

Бидний явсан ажлын бас нэг чухал зорилго бол Киргизд хэрэгжиж буй ОУВС-ийн хөтөлбөрийн явцтай танилцах явдал байв. Монгол, Киргизийн хооронд нүүдлийн соёл иргэншил, шилжилтийн үеийн туулсан зам, одоо нийгэм эдийн засагт тулгарч буй асуудал, цаашдын сорилт зэрэг адил төстэй зүйл олон байна. Киргиз улс 2015 онд 3 жилийн хугацаатай Extended Credit Facility буюу “Өргөтгөсөн зээлийн хөтөлбөр” авч хэрэгжүүлээд одоо төгсгөлийн шатандаа оржээ. Биднийг очихын өмнөхөн ОУВС-аас хөтөлбөрийн 3 дахь шатны үнэлгээний дүнг нийтэлсэн байсан. Киргизийн бодлого боловсруулагчид хөтөлбөрийн явцад үүссэн сорилт, ололтоо илэн далангүй ярьж бидэнд тусаллаа. Энэ дашрамд Киргизийн төв банк, Киргиз улс дахь Монгол Улсын Консулын газар бидэнтэй хамтран ажилласанд талархлаа илэрхийлье!

 

-Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдах тов ойртож байгаа. Энэ удаа төв банк ямар шийдвэр гаргах бол?

 

Тийм ээ. Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн оны эцэст батлагдсан хуваарийнхаа дагуу 6-р сарын 15-нд хуралдана. Хурлаар олон улс болон дотоодын эдийн засаг, санхүүгийн системийн нөхцөл байдал, сүүлийн үеийн голлох өөрчлөлтүүд, боломж болоод эрсдэлүүд, ойрын хугацааны төсөөллүүд г.м. зүйлсийг тал бүрээс нь ярилцана. Одоогоор мэргэжлийн баг хурлын бэлтгэлийг ханган статистик мэдээллүүдээ нэгтгэж, судалгаа хийн, төсөөлөл прогнозуудаа гаргаж, саналуудаа боловсруулж байгаа. Бид эдийн засгийн өсөлт хөгжил, тогтвортой байдалд чиглэсэн бодлогын шийдвэр гаргахаар ажиллаж байна. Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, гарсан шийдвэрийг тухайн үед нь олон нийтэд нээлттэй мэдээлэх болно.

 

Ярилцсанд баярлалаа!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)