Уяачдыг энэ сарын 9-нд бүртгэнэ

 

Хурдан морины салбар хорооноос  Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн бага хуралд Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар, Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодологын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Алтансүх нар оролцов.

 

 

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “Долоодугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд уралдана. Долоодугаар сарын 11-нд азарга, их нас, долоодугаар сарын 12-нд соёолон, дааганы уралдаан болж зургаан насаа стадионд цоллуулах ажил зохион байгуулагдана. Уяачдын наадам Хүй долоон худагт долоодугаар сарын 13-нд зохион байгуулагдана.

 

 Уяачдын наадмаар эрлийз, дээд, дунд, бага насны морьд уралдах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уяачдын бүртгэлийг  долоодугаар сарын 9-ний өдөр 08.00 цагаас Хүй долоон худагт хийж эхэлнэ. Зай хугацааны хувьд хуучин зайгаараа уралдах нь зүйтэй юм байна гэж шийдвэрлэсэн байгаа. Үндэсний их баяр наадмын тухай хуульд бөхөөс сэргээшийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Уралдсан морьдоос шинжилгээ авна гэж заагаагүй учраас бид хуулийнхаа дагуу ажиллана. Энд дашрамд дуулгахад Үндэсний соёл амралтын хүрээлэн Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран унаач хүүхдүүдийг паркт 5 хүртэлх тоглоом тоглуулах эрхийн бичгээр урамшуулж байгааг хэлье” хэмээлээ.

 

 

ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Эрлийз морьдыг ялгах асуудал яригдаж байгаа. Яг энэ дагуу чиг үүрэг өгөгдөн, ажиллаж байна. Эрлийз морьдыг ялгахдаа биеийн ерөнхий галбир, сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгоно. Сэрвээний өндрийг нас насаар нь тодорхой зааж өгсөн байгаа” гэв.

  

 

                                                                                                                                                                         Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)