Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд захирамж гаргалаа

 

        Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргалаа.

 

Эхний захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны 07-р сарын 10-ны өдөр зарлан хуралдуулж,

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл
  2. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэхээр заасан байна.

 

Уг тогтоолд ээлжит бус чуулганыг 10-ны өдрийн даваа гарагийн 09 цагт эхлэхээр товложээ.

 

Хоёр дахь захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулан байгуулжээ.

 

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, С.Эрдэнэ нарын зэрэг хүмүүс багтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)