Mobile хувилбар

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2017 оны 8 сарын 8

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга  Нгуен Суан Гыонгийг хүлээн авч уулзлаа.

БНСВУ бол зүүн өмнөд Ази дахь манай улсын чухал түнш. Вьетнам улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай хэлбэрээр эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд бодитой, тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Үүнд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан чухал ач холбогдолтой. Энэ хуралдаан амжилттай болсон тухай мэдээллийг авсан гэж Ерөнхий сайд хэлээд хуралдааны шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллахыг хүслээ.

Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдаанаар Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, Вьетнамаас хүнсний болон далайн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэхээр хэлэлцсэн байна. Энэ шийдвэрийг бодит ажил хэрэг болгоход тус комиссын гишүүд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Мөн тус улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Вьетнам улс 150 гаруй оронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай энэ салбарт  харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэх талаар ярилцсан. Засгийн газар хоорондын комиссын хуралдааны шийдвэрүүдийг ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэдгээ БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...