Ж.Коллинз: Кремль Д.Трамптай харилцаагаа зөөлрүүлэх хүсэлгүй байна

 

        ОХУ-ын эрх баригчид АНУ-ын дипломат ажилтнуудыг эх орноосоо гаргаж, орон тооны хязгаарлалт хийсэн. Мөн Москва, Вашингтоны хооронд хурцадмал байдал үүссэн нь олон улсын улс төр, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлөх болсон юм. Энэ тухай АНУ-аас ОХУ-д сууж байсан Элчин сайд Жеймс Коллинз “Америкийн дуу хоолой” радиод ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-ОХУ-д ажиллаж буй АНУ-ын найман зуун дипломат ажилтныг нутаг буцаахаар болсон Кремлийн шийдвэрийн талаар та юу хэлэх вэ?

 

-АНУ-ын дипломат албаныхныг хэт олноор нь хөөн гаргасан нь алдаатай шийдвэр болсон. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон түүний Засгийн газар Цагаан ордны тэргүүн Д.Трамптай харилцаагаа сайжруулах шаардлагагүй гэж шийдсэнээ энэ үйлдлээрээ баталлаа. Нөгөө талаар Оросын эрх баригчид АНУ-ын Конгрессоос баталсан хориг арга хэмжээний хариуг цаг алдалгүй барьсан.

 

-Москвагийн энэ шийдвэрт Цагаан ордон ямар хариу өгөх бол?

 

-АНУ-ын эрх баригчид Кремлийн эсрэг ямар бодлого баримтлахаа хэлэлцэж байгаа нь ойлгомжтой. Би Цагаан ордны гаргах шинэ шийдвэр Оросын ард түмний эсрэг бүү чиглээсэй гэж хүсэх байна. Орост дипломат үйлчилгээ үзүүлж буй албаны хүмүүсийн тоог цөөлөх нь оросуудад давхар сөрөг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, ОХУ дахь АНУ-ын Элчин сайдын яам, консулын газрын ажилтнуудыг цөөлснөөр оросуудад олгох жуулчны болон оюутны визийн тоо багасна. Хоёр улсын хооронд тогтоосон дипломат харицааг өнгөрсөн 20 жилийн хугацаанд өргөжүүлнэ гэдэг амаргүй байсан. Ялангуяа хувийн хэвшил, шинжлэх ухаан, техник, соёлын салбарын хамтын ажиллагаа маш чухал.

 

-АНУ-ын Конгрессоос Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах шийдвэрийг баталсан нь буруу алхам гэсэн үг үү?

 

-Би энэ удаагийн хориг арга хэмжээг зөв, буруу гэж хэлж чадахгүй. Энэ удаад өмнө нь баталсан хориг арга хэмжээний масштабыг хязгаарласан. Конгресс Оросын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлийг хязгаарласнаас Кремлийн улс төрийн стратегийг хазаарлаж чадаагүй. Тиймээс шинэ хориг арга хэмжээ нь Оросын эдийн засагт дарамт учруулж болох ч Кремлийн бодлогыг өөрчилж чадахгүй.

 

-АНУ, ОХУ-ын харилцаа хурцадмал энэ үед хамтын ажиллагааны ямар нэгэн эерэг тал танд ажиглагдаж байна уу?

 

-Мэдээж бид дэлхийн энх тайвныг хадгалан үлдэх, америкчуудын аюулгүй байдлыг хангахын тулд Оростой хамтран ажиллана. Түүнчлэн талууд зэвсэгт хүчний аюул заналаас зайлсхийхийн тулд стратегийн зэвсгийг бууруулах хэрэгтэй. Бидэнд одоо ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагатай салбар олон байна. Тухайлбал, Хойд туйлын нийтлэг ашиг сонирхлыг онцолж болно. Тиймээс ОХУ-тай харилцан ашиг сонирхлоо үргэлжлүүлэх хэлэлцээр хийх шаардлагатай. Хэрвээ Цагаан ордон Конгрессийн шийдвэрээ чанд сахивал АНУ-ын эрх ашиг ч хохирох болно.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.70.37.34)

    2017-08-24

    Тэнэг Трампыг чадах гэж байгаад конгресс өөрсөндөө гай чирсэн. Орос баатарлаг ард түмэн. Түүх мэднэ.