Д.Дуламсүрэн: Зургаан сарын цалингаас хэтэрсэн бэлгийг төрийн өмчид шилжүүлнэ
- 2012-04-27
- Улс төр
- 0
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг тавдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болсон. Уг хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газраас хоёр журам баталлаа. Нийтийн албан тушаалтны албан үүрэгтэйгээ холбогдолгүйгээр авсан бэлгийн үнэ зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд төрийн өмчид шилжүүлэх ёстой. 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуультай холбогдуулан хоёр журам баталсан юм. Энэ талаар АТГын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэнгээс тодрууллаа.
-Эдгээр журам батлагдсанаар хууль хэрэгжих боломжтой болж байгаа юу?
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг тавдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болсон. Уг хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газраас хоёр журам баталлаа. Нийтийн албан тушаалтны албан үүрэгтэйгээ холбогдолгүйгээр авсан бэлгийн үнэ зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд төрийн өмчид шилжүүлэх ёстой. Тиймээс төрд шилжүүлсэн энэхүү бэлгийг хэрхэн үнэлж, зарцуулж, тайлагнахтай холбоотой журмыг баталсан. Энэ журмаар нийтийн албан тушаалтан авсан бэлгээ хэрхэн мэдээлж, мэдэгдэх вэ гэдгийг зохицуулсан. Нөгөө нь нийтийн албан ташаалтны албан үүрэгтэйгээ холбогдуулан дипломат журмаар авсан бэлгийг хэрхэн зарцуулах, үнэлэх тухай юм.
-Журмыг зөрчсөн албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтан албан үүрэгтэйгээ холбоотой ямар ч бэлэг авах ёсгүй. Хэрэв авсан бол хуулийн хариуцлага хүлээнэ. Гэхдээ хувийн журмаар ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө албан үүрэгтэй холбогдолгүй бэлэг авч болно. Хэрэв зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн үнэтэй бэлгийг төрийн өмчид шилжүүлээгүй бол тодорхой хариуцлага хүлээнэ.
-Журмыг хэзээнээс мөрдөж эхлэх вэ. Журам гарахаас өмнө авсан бэлэг хамаарах уу?
-Хоёр журмыг тавдугаар сарын 1-нээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хамт мөрдөж эхэлнэ. Нийтийн албан тушаалтан бүгдээрээ эдгээр журмыг дагаж мөрдөх үүрэгтэй. Харин тавдугаар сарын 1-ээс өмнө албан үүргээ биелүүлэх үедээ болон дипломат журмаар авсан бэлгийг журам, хуулийн үйлчлэлд хамааруулахгүй. Энэ асуудлыг Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмаар зохицуулдаг.
-Нийтийн албан тушаалтан гэдэгт ямар албан тушаалыг хамруулж ойлгох вэ?
-Нийтийн албан тушаалтанд төрийн тусгай, төрийн захиргааны болон улстөрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд бүгд хамаарна. Үүнээс гадна төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд, төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж улсын төсвөөс санхүүждэг төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнууд, мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнууд хуулийн үйлчлэлд хамаарч байгаа. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос энэ хуулийн үйлчлэлд хамаарах бусад субъектийг тодорхойлох ёстой. Ингэснээр төрийн үйлчилгээний албан хаагчдын зарим нь хуулийн үйлчлэлд хамрагдах юм. Одоогийн тооцоогоор 58 мянга орчим төрийн албан хаагч Авлигын эсрэг хуульд хамаарч байна. Сонирхлын зөрчлийн хууль хэрэгжсэнээр төрийн албан хаагчдын хамрагдах хүрээ өргөжинө.
Ц.Жаргал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)