Аваргуудгүй башё эхэллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2021 оны хамгийн анхны башё эхэллээ. Нэгдүгээр сарын тэмцээнд их аварга Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвар авсан, 71 дэх аварга Какүрюү М.Ананд нурууны гэмтлийн улмаас дахин барилдахгүй болжээ.

Тиймээс шинэ оны анхны башёгийн гол өрсөлдөөн озэки Такакейшо, Асанояма, Шёодай, сэкивакэ Тэрүнофүжи, комүсүби Митакюүми нарын хооронд өрнөх нь. Манай сүмочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил, Хоошёорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров, Кирибаяма Б.Лхагвасүрэн нар дээд зиндаанд хүч сорино. Токио хотод халдварын тархалт өндөр байгаа ч энэ сарын башёг үзэгчтэй явуулах шийдвэрт хүрсэн байна. Ингээд сүмо бөхийн эргэн тойронд болж буй үйл явдлыг товчхон сийрүүлье.

 

ХАВРЫН ТЭМЦЭЭН АНХААРЛЫН ТӨВД БАЙНА

 

Хакүхо  аваргаас коронавирусийн шинж тэмдэг илэрч, улмаар шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан. Түүнийг башёд оролцож чадахгүй нь нэгэнт тодорхой болсны дараахан 71 дэх аварга бэртлийн улмаас зодоглохгүй болсноо зарлав. Дутуу эдгэсэн гэмтэлтэй, бэлтгэл хангалтгүй оролцоод 50 хувийн амжилт үзүүлэхгүй бол зодог тайлахаас өөр аргагүйд хүрэх тул энэ удаад өнжиж, хаврын тэмцээнд оролцох шийдвэр гаргасан байна. Ийнхүү гурван башё дараалан ёкозүнагүй тэмцээн болов. Какүрюүгийн хувьд ёкозүна цол хүртсэнээс хойш 39 башёгийн 17-г өнжсөн тул ирэх хаврын тэмцээн түүний замнал хэрхэн үргэлжпэхийг шийднэ. Какүрюүгийн багш Мичинокү ояката “Какүрюү утсаар ярьж, барилдах боломжгүй болсноо мэдэгдсэн. Залуу бөхчүүдтэй бэлтгэл хийсэн ч барилдааны бэлтгэл хийх хэмжээнд хүрч чадсангүй. Хаврын тэмцээнд амжилтгүй барилдвал зодог тайлах болно гэдгээ Какүрюү өөрөө ч сайн ойлгож байгаа. Гуравдугаар сарын тэмцээнд бэлтгэхийн тулд юуны өмнө гэмтлээ бүрэн эмчлэх” хэмээн ярьжээ. Хакүхо аваргын хувьд ч гуравдугаар сарын барилдаан чухал байх нь дамжиггүй. Хэрвээ тааруу барилдах, эсвэл өнжихөд хүрвэл бас л зодог тайлах асуудал яригдана. Ямартай ч нэгдүгээр сарын тэмцээн болдгоороо болно. Харин үүнээс илүү гуравдугаар сарын башё одооноос анхаарлын төвд байх нь.

 

НЭГДҮГЭЭР САРЫН ТЭМЦЭЭНИЙГ 65 БӨХ ӨНЖЛӨӨ

 

Японы сүмо бөхийн холбооноос башёгийн өмнө холбоонд харьяалагддаг бүх ажилтан, бөх, үсчин, засуул, ояката нарт PCR шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр маэгашира Чиёошёома Г.Мөнхсайхан тэргүүтэй “Коконоэ” дэвжээний дөрөв, “Томозүна” дэвжээний нэг, нийт таван бөхийн хариу эерэг гарсан байна. Үүний улмаас дөрвөн дэвжээний 65 бөх барилдахгүй болов.

Тэдгээрийн 15 нь жюүрёо болон дээд зиндааны бөх аж. Тэгвэл барилдаанд оролцох боломжгүй 65 бөхийн дунд Чёошома Г.Мөнхсайхан, Кёкүшюхо Г.Эрдэнэбаатар, Хокүсэйхо Э.Даваанинж нар бий. Чёошома маэгаширагийн 13-т, Кёкүшюхо жюүрёогийн дөрөвдүгээрт эрэмбэтэй байв. Үүнээс гадна “Миягино” дэвжээний тэргүүн бөх Хакүхо халдвар авсан учраас Хокүсэйхо Э.Даваанинж тэмцээнийг өнжпөө. Түүний хувьд гурван зиндаанд нэг ч уналгүй түрүүлсэн бөгөөд энэ удаа макүшитагийн 15 дугаарт эрэмбэлэгдсэн байлаа. Энэ талаар тэрбээр “Жюүрёод дэвших магадлалтай башё байсан тул их харамсалтай байна. Хаврын тэмцээндээ бэлтгэх болно” хэмээн ярьжээ.

 

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)