Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон өмчийн харилцааны байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, төрийн өмчийн удирдлага, үр ашиг, хариуцлагын асуудлаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч уулзалтын үеэр төрийн өмч ард түмэндээ бодит өгөөж өгч, үндэсний баялгийн үр шим иргэн бүрд хүртээмжтэй байх нь төрийн өмчийн удирдлагын үндсэн зарчим гэдгийг онцлов.

Тэрбээр төрийн өмчийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл, тооллогод хяналт тавьж, өмч хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй албан хаагчдад талархал илэрхийллээ.

Мөн төрийн өмчийг үр ашигтай удирдах, санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг хангах, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх нь улс орны эдийн засаг төдийгүй иргэдийн амьдралд шууд нөлөөлдгийг тэмдэглэв. Иймд төрийн хөрөнгө оруулалт бүр бодит үр дүнтэй, нийтийн эрх ашигт нийцсэн байх шаардлагатайг санууллаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлсэн, экспортлогч орон болох ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ.

Энэ хүрээнд “Олборлолтоос боловсруулалтад, халамжаас хөдөлмөрт, импортоос экспортод” гэсэн суурь шинэчлэлийг үргэлжлүүлж, эрчим хүч, шатахуун, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах нь чухал болохыг онцлов.

Мөн төрийн албан хаагчид Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг чанд мөрдөж, ёс зүй, сахилга хариуцлагыг эрхэмлэн, иргэдэд ил тод, шуурхай үйлчлэх ёстойг сануулсан байна.

Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 0.5 хувийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд эзэлдэг. Эдгээр байгууллага 2025 онд нийт 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Цаашид Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлагыг цахимжуулах, төрийн өмчит байгууллагуудын засаглал, санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг сайжруулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)