Монголын жүдочид Будапештийг зорилоо

Японы нийслэл Токио хотноо 49 хоногийн дараа зуны спортын XXXII наадам хөшгөө нээнэ. Тус олимпын жүдо бөхийн төрлийн олимпын эрхийн оноо олгох дэлхийн аварга шалгаруулах сүүлчийн тэмцээн хоёр хоногийн дараа Унгарын Будапешт хотод эхэлнэ. 88 орны 388 жүдоч зодоглох тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин барилдахаар өчигдөр Будапештийг зорилоо.

Олимпын өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ жүдо сонирхогчдын анхаарлыг татаж буй ДАШТ-ийг Монголд “SPS” телевиз С.Шижирбатын тайлбартайгаар шууд дамжуулан үзүүлэх юм. ДАШТ дууссаны дараа Токиод барилдах жүдочдын нэр эцсийн байдлаар тодрох бөгөөд манай улс олимпын багаа албан ёсоор зарлана. Дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин олимпын эрхийн онооноос гадна 26 мянган евро буюу 90.3 сая төгрөг авах юм.

Үүний 72.2 сая төгрөгийг тамирчин гардана. Харин 5200 евро буюу 18 сая төгрөг нь дасгалжуулагчид очих учиртай. Түүнчлэн мөнгөн медалийг 15 мянга, хүрлийг найман мянган еврогийн шагнал дагалдана. Үүнээс гадна багийн барилдаанд түрүүлсэн тамирчид 90 мянган евро хүртэх ажээ.

Энэ жилийн ДАШТ нь цар тахлын улмаас олимпын наадам болох жилтэй давхцаж байгаагаараа онцлог. Үүний улмаас дэлхийн хэд хэдэн шилдэг жүдоч энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болсон нь манай бөхчүүдийн хувьд боломж байж мэдэх юм.

 

Б.МӨНХЗУЛ

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)