Дээд гурван зиндаанд монгол сүмочид түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын Нагоя башё өндөрлөлөө. Олимпын наадмын өмнө болж буйгаараа онцлогтой зуны тэмцээнд Монголын сүмочид амжилт арвинтай байв. Дээд зиндаа буюу макүүчид зодоглосон долоон бөх бүгд качигоши хийсэн бол макүүчи, жюүрёо, машүшита гэсэн дээд гурван зиндаанд монгол сүмоч түрүүлсэн сайхан тэмцээн боллоо. Ингээд Нагоя башёг тоймлон хүргэе.

ИХ АВАРГА ХАКҮХО: ТЭНГЭРТ БАЙГАА ААВДАА ЗОРИУЛАВ

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд монголчууд одтой сайхан наадлаа. Долоон бөх бүгд тавин хувийн амжилтаа үзүүлж, Тэрүнофүжи 73 дахь ёкозүна болох нь тодорхой болов. Тэрүнофүжи өнгөрсөн хаврын тэмцээнд сэкивакэ байхдаа болон зуны тэмцээнд озэки болоод хоёр башё дараалан түрүүлээд байв. Түүний багш, Сүмогийн холбооны Шүүлт хариуцсан ояката Исэгахама Нагоя башёгийн өмнө “Тэрүнофүжи түрүүлэх, эсвэл үзүүрлэхэд ёкозүна цол олгох талаар ярилцаж эхлэх болно” гэж хэлж байсан билээ.

Хаккакү ояката Ёкозүнагийн зөвлөлтэй хэлэлцэж, зөвшөөрвөл есдүгээр сард эхлэх Намрын башёгийн банцүкэг хэлэлцэх хуралдаанаар мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи төрөн гарах юм. Сүмогийн холбооны дүрэмд “Озэки цолтой бөх хоёр башё дараалан түрүүлэх болон үзүүрлэхэд ёкозүна цол олгоно” гэж заасан байдаг билээ. 14 даваатай хоёр бөх сүүлийн өдөр цомын төлөө өрсөлдсөн зургаа дахь тохиолдол болсон бөгөөд хамгийн сүүлд есөн жилийн өмнө ийм тохиолдол бүртгэгджээ. Тэрүнофүжигийн хувьд дээд зиндаанд эргэн ирснээс хойш Хакүхотой таарч барилдаагүй ба хоёр жилийн дараа анх удаа түрүүлэхийн төлөө хүч үзсэн юм. Барилдаан эхлэхэд хоёр бөх харилцан цүппари хийж, эцэст нь Хакүхо аваргын ялалтаар дуусав. Түүний хувьд 45 дахь удаагаа түрүүлж, өөрийнхөө дээд амжилтыг шинэчиллээ. Тэгвэл Тэрүнофүжигийн хоёр башё дараалан түрүүлсэн амжилт зогссон ч тэрбээр ёкозүна цол авах нь тодорхой юм. Зургаан башё дараалан өнжиж, зодог тайлах эсэхээ шийдэх ёстой байсан Хакүхо аварга 36 насандаа дахин түрүүллээ. Их аварга Хакүхо башё эхлэхэд өгсөн ярилцлагадаа “Энэ башёг би тэнгэрт хальсан аавдаа зориулж буй. Бэртэл, гэмтлийн улмаас зургаан башё дараалан өнжлөө. Жил тойрлоо. Энэ жил өвдөгний хагалгаа хоёр удаа хийлгэсэн. Үнэндээ их аварга цол авснаас хойш 15 жил зүтгэж, 44 удаа цом өргөсөн надад дахин түрүүлэх шунал, дэвжээнд хоргодох санаа огт байхгүй болжээ. Би ердөө ганц л зорилготой энэ башёд зодоглосон. Энэ бол ” Токио-2020″ зуны олимпийн нээлтийн тугийг өргөж жагсах. Зодог тайлчихвал энэ хүсэл мөрөөдлөө давхар тайлчих гээд байлаа. Тиймээс цар тахал туссан ч, гэмтэж бэртсэн ч, жил тойрон энэ л башёг тэсэн ядан хүлээлээ. Олимпийн сарын энэ башёг би тэнгэрт хальсан Монголын тэнгэрлэг бөх, Мехикогийн олимпоос мөнгөн медаль авч Монгол Улсаа олимпийн тэнгэрт мандуулсан, “Токио-1964” олимпод монголчууд анх удаа оролцоход Монголынхоо далбааг өндөрт өргөн жагссан, дархан аварга аав Ж.Мөнхбатдаа зориулж байгаа юм. Аав минь олимпод оролцож Монгол Улсын далбааг олимпын тэнгэрт мандуулсан. Тэгвэл би олимпод оролцоогүй ч, олимпын тугийг өргөвөл мөн л оролцсоноос ялгаагүй болох юм гэж санана” гэжээ. Сүмогийн холбооны ерөнхийлөгч Хаккакү ояката цом гардуулахдаа “Таны амжилт бол түүх юм. Түүхэнд бичигдэх агуу амжилт үзүүлсэн танд баяр хүргэе” гэв. Харин эзэн хааны цомыг гардсан Хакүхо “Уналгүй түрүүллээ, гайхамшигтай байлаа. Баруун өвдгөө удирдаж чадахгүй байсан. Энэ башёд бүхнээ гаргаж барилдана гэж бодсон. Өдий насандаа уналгүй түрүүлнэ гэж огт бодоогүй учраас маш их баяртай байна” гэв. Үүнээс гадна сүмогийн 68 дахь их аварга Асашёорюүгийн дүү Хоошёорюү С.Бямбасүрэн “Уран барилдааны шагнал” хүртлээ.

Ийнхүү тавхан хоногийн дараа эхлэх зуны олимпын нээлтийн ёслолд хоёр ёкозүна цолтон аваргын ёслол хийх нь ойлгомжтой болов.

Монгол сүмочдын үр дүн

Макүүчи

з-Ё – Хакүхо Даваажаргал /15-0/

з-О1-Тэрүнофүжи Ган-Эрдэнэ /14-1/

б-М2 – Ичиножо Ичинноров /10-5/

б-М5 – Хошорюү Бямбасүрэн

/10-5/

б-М6 – Кирибаяама Лхагвасүрэн /9-6/

б-М7 – Чиёошома Мөнхсайхан /8-7/

з-М10 – Тамаваши Мөнх-Оргил /11-4/

Жүрёо

б-6 – Миторюү Төрболд /12-3/

б-7 – Азүмарюү Тодбилэг /7-8/

б-10 – Кёкүшүхо Эрдэнэбаатар /6-9/

з-12 – Даишохо Шижирбаяр /6-9/

Макүшита

б-2 – Хокүсэйхо Даваанинж /7-0/

б-10 – Рога Амарсанаа /4-3/

б-13 – Хокүтэнкаи Сүхбат /2-5/

б-21 – Дэванорюү Тэмүүлэн /4-3/

б-23 – Тамашохо Энхманлай /5-2/

б-25 – Ёошояама Анхбаяр /3-4/

з-34 – Сакигакэ Баттүшиг /5-2/

б-46 – Саданохикари Наранцогт /4-3/

Санданмэ

з-5 – Хокүтомарү Чинзориг /3-4/

б-36 – Сэнхо Жигүүр /2-5/

б-57 – Араүма Төртогтох /5-2/

Жонокүчи

з-18 – Кагамио Нанжид /өнжсөн/

ХОКҮСЭЙХО Э.ДАВААНИНЖИЙН ДӨРӨВ, МИТОРЮҮ Б.ТӨРБОЛДЫН АНХНЫ ТҮРҮҮ

Монголын залуу бөх “Миягино” дэвжээний Хокүсэйхо Э.Даваанинж мэргэжлийн сүмог шуугиулсан хэвээр байна. Нагоя башёд макүшитагийн барууны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн тэрбээр өвдөг шороодолгүй долоо дараалан давж, түрүүллээ. Ингэснээр Хокүсэйхо сүмогийн түүхэнд мэргэжлийн сүмогийн доод дөрвөн зиндаанд бүгдэд нь түрүүлсэн тав дахь бөх болж, нэрээ түүхэнд бичүүллээ. Макүшитагийн дээд хэсэг бол сүмогийн хамгийн хэцүү буюу үхэх сэхэхээ үздэг хэсэг гэж хэлэхэд болно. Учир нь сэкитори болж, цалин, хангамжтай болох нь сүмоч бүрийн хүслэн. Энд жюүрёогоос унасан хашир бөхчүүд, дороос дэвшсэн шинэ залуучууд, оюутны сүмогийн элитүүд ёстой л нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцдаг. 15 өдөр биш долоон өдөр л барилдах тул даваа бүрийн үнэ цэнэ макүүчи, жюүрёогоос ч үнэтэй. Харин Хокүсэйхо гурван башё барилдаад л жюүрёод гараад ирлээ. Намрын тэмцээнд жюүрёогийн бөхчүүдтэй хэрхэн барилдах нь бөх сонирхогчдын сонирхлыг ихэд татаж байгаа юм. Түрүүлснийхээ дараа NHK телевизэд ярилцлага өгөхдөө Хокүсэйхо “Сандарч тэвдсэн зүйл байхгүй. Макүшитад түрүүлж, жюүрёод дэвших хүсэлтэй байлаа. Нэг жилийн дотор сэкитори болно гэж амлаж байсандаа хүрлээ, баяртай байна. Барилдахын өмнө доод дөрвөн зиндаанд бүгдэд нь түрүүлсэн дөрвөн бөх л байдаг гэж мэдэж байсан. Тэдний эгнээнд орсондоо баяртай байна. Ёкозүна болох мөрөөдөлтэй. Их аварга Хакүхог хэрхэн бусдаас илүү бэлтгэл хийж байгааг дэргэдээс нь хардагтаа баяртай байдаг. Ёкозүна болохын өмнөх цолтой бөх болох мөрөөдлөө биелүүллээ. Одоо дээд зиндаанд орох зорилго тавина. Намрын тэмцээнд жюүрёод арваас илүү ялах бодолтой” гэж ярьжээ. Түүний амжилтыг сонирхуулъя.

2020.03 Mаэзүмо 2-0

2020.07 Жонидан Зүүний 18 – 7-0 түрүүлсэн

2020.09 Жонидан Б-14 – 7-0 түрүүлсэн

2020.11 Санданмэ З 21 – 7-0 түрүүлсэн

2021.01 Mакүшита Б-15 – коронавирусийн улмаас барилдаагүй 0-0-7

2021.03 Mакүшита Б-15 – 5-2

2021.05 Mакүшита З-9 – 6-1

2021.07 Mакүшита Б-2 – 7-0

Тэгвэл Миторюү Б.Төрболд сүмод барилдсанаас хойш хоёр дахь удаагаа түрүү бөхийн шагнал хүртэж байна. 12 даваа авсан тэрбээр 2017 оны тавдугаар сард анхны барилдаанаа хийж байлаа. Түүний хувьд макүшитад дөрвөн башё барилдаж, жюүрёод дэвшсэн. Улмаар жюүрёод 22 башёд барилдаж хоёр дахь түрүүгээ авсан нь энэ.

Нэмэлт: Башё дууссаны дараа сүмогийн холбооны удирдлагууд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд ёкозүна цол олгох талаар яаралтай хуралдсан бөгөөд хурлын шийдвэрээ Ёкозүнагийн зөвлөлд танилцуулсан байна. Түүнд ёкозүна цол олгох эсэх нь нөгөөдөр тодорхой болох юм.

 

Б. МӨНХЗУЛ

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)