Монголын баг тамирчдын дотор эмэгтэйчүүд анх удаа давамгайлжээ

Японы нийслэл Токио хотод цар тахлын тархалт их өндөр байгаа ч үзэгчгүй олимпын нээлт болоход гурав хоног үлдлээ. Харин олимпын хөтөлбөрт багтсан тэмцээн уралдаан маргаашаас албан ёсоор эхэлнэ. Хөлбөмбөг, бэйсболын хэсгийн тоглолтууд маргааш болох юм. Ингээд олимпын эргэн тойронд болж буй үйл явдлаас багцлан хүргэе.

ОЛИМПЫН ТОСГОНД МОНГОЛЫН ДАЛБАА МАНДЛАА

Монголын баг энэ удаа 43 тамирчнаа олимпод илгээж буй. Үүнээс гадна хэвлэл мэдээлэл, албаныхан, дасгалжуулагч, эмч зэрэг 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Токиод очно. Манай багийн эхний ээлж энэ сарын 15-нд Японд очиж, тамирчдын тосгонд байрласан бол маргааш 70 гаруй хүн Токиог зорино. Монгол Улсын баг “Олимпын тосгон”-д 5C байрны 14 давхарт байх бөгөөд тус блокт Сингапур, Хонконг, БНХАУ, Пуэрто Рико улстай айлсах нь ээ. Олимпын наадамд оролцогч бүр тамирчдын тосгоны хүлээн авах байранд хүрэлцэн ирж, мандат (Pre Valid Card) идэвхжүүлэх хэсэгт бүртгүүлснээр тосгонд нэвтрэх эрх үүсэх юм. Зохион байгуулах хорооноос мандат болон нүүр таних системээр уншуулж болно. Японд очсон тамирчдаас боксчид Шимадад, 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан Яизүд бэлтгэлээ базааж байна.

САГСАН БӨМБӨГИЙН 3Х3 ТӨРӨЛД ОРОЛЦОХ ТАМИРЧИД ТОДРОВ

Манай улс олимпын түүхэнд анх удаа багийн спортоор зуны спортын наадамд оролцох гэж байна. Өмнө нь сагсан бөмбөгийн 5х5 төрөлд Азийн наадамд манайхан хүч үзэж, шөвгийн наймд шалгарч байлаа. Тэгвэл 3х3-ын эмэгтэйчүүдийн багийн зургаан тоглогч Японыг зорьсон бөгөөд тэднээс хоёр нь хасагдах ёстой байв. Японы Яизү хотод бэлтгэлээ базааж буй манай багийнхан олимпын өмнө нөхөрсөг тоглолт хийжээ. Тодруулбал, Японы 3х3 сагсан бөмбөгийн лигт өрсөлддөг Яизү хотын “Жи Юнайтед” багтай дөрвөн тоглолт хийхдээ бүгдэд нь буулган авсан байна. Дээрх багтай хийсэн тоглолтын дараа бүрэлдэхүүнээ зарласан бөгөөд багт О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго нарыг сонгожээ. 3х3-ын тамирчид өчигдрөөс “Олимпын тосгон”-д нэвтэрсэн байна. Тэдний тоглолын хуваарийг хүргэе.

(Улаанбаатарын цаг)

7.24-нд 16:30 цагт: Монгол-Итали

7.24-нд 20:00 цагт: Монгол-Америк

7.25-нд 09:15 цагт Монгол-Япон

7.26-нд 01:00 цагт Монгол-Орос

7.26-нд 09:40 цагт Монгол-Румын

7.26-нд 16:30 цагт Монгол-Франц

7.27-нд 12:55 цагт Монгол-Хятад

АНХ УДАА ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН ТОО ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭС ДАВЖЭЭ

Токиогийн олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад байна. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болсон бөгөөд эмэгтэйчүүд Монголын багийн 60 хувийг бүрдүүлсэн юм. Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөтийн охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, жүдо таван жинд, хүндийн өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлжээ. Түүхийн хуудас сөхвөл Бээжингийн олимпод хүйсийн харьцаа 50:50 буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцож байв. Харин бусад олимпод ямагт эрчүүд давамгайлсаар ирсэн билээ. 1972, 1976 оны олимпод ердөө хоёрхон эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсон түүх ч бий. Ингээд зуны олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй тамирчдын хүйсийн харьцаа ямар байсныг сонирхуулъя.

Олимп Эрэгтэй Эмэгтэй

Токио-1964 17 4

Мехико-1968 14 4

Мюнхен-1972 37 2

Монреаль-1976 30 2

Москва-1980 39 4

Сөүл-1988 24 4

Барселона-1992 27 6

Атланта-1996 12 4

Сидней-2000 12 8

Афин-2004 13 7

Бээжин-2008 14 14

Лондон-2012 16 13

Рио-2016 26 17

Токио-2020 18 25

ОЛИМПЫН НААДМЫГ 13 ТЕЛЕВИЗ ХАМТРАН ШУУД ДАМЖУУЛНА

Зуны спортын XXXII наадамд оролцох Монголын тамирчдаас сагсан бөмбөгийн 3х3, жүдо, бокс, байт харваа, буудлагынхан тэмцээний салхи хагална. Ялангуяа жүдочид хамгийн түрүүнд олимпын дэвжээнд гарах юм. Жүдо бөхийн тэмцээн энэ сарын 24-31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр жингийн барилдаан болно. Урьдчилсан барилдаан өдөр бүр 10:00 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаан 16:00 цагт болно. Эхний өдрийн барилдааныг Боловсрол суваг, ТВ9 телевизээр шууд дамжуулан үзүүлэх аж. Манай улсаас Гавьяат тамирчин Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар эхний өдөр дэвжээнд гарч барилдана. Мөн Казахстаны бүрэлдэхүүнд багтсан Г.Отгонцэцэг зодоглох юм. Олимпын их наадмыг монголчууд маань 13 телевизийн сувгаар 16 өдрийн турш, цагийн зөрүүгүй, хүссэн төрлөө тааваараа үзэх сайхан боломж гарч байна. 12 телевизийн суваг шууд, харин “Ийгл” телевиз зөвхөн мэдээгээр дагнах гэнэ. Нээлтийн ёслол энэ сарын 23-ны 19:00 цагаас болно. Нээлтийг дөрвөн тусдаа дамжуулахаар болжээ.

– ETV, Tv5, C1

– NTV, Tv8, TM

– UBS, VTV, SBN

– EDU, TV9, Star

ӨМНӨД АФРИКИЙН ХӨЛБӨМБӨГЧДӨӨС КОРОНАВИРУС ИЛРЭВ

Олимпод оролцохоор Токиод ирж, тамирчдын тосгонд байрлаад байсан Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчний шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ нь тамирчдын тосгоноос коронавирус илэрсэн анхны тохиолдол юм. Уг нь зохион байгуулагчид тамирчдын тосгоныг “хамгийн аюулгүй газар” хэмээн тодорхойлж, тийш нэвтрэх хүмүүсийг маш нарийн шалгаж байгаа аж. Гэвч коронавирустэй тамирчид нэвтрэн орсон нь ийн тодорхой болов. Бусад хөлбөмбөгчний хариу сөрөг гарсан ч тэднийг багаар нь тусгаарлажээ. Гэхдээ Өмнөд Африкийн шигшээ нөгөөдөр зохион байгуулагч Японы эсрэг хэсгийн эхний тоглолтоо хийх боломжтой болно хэмээн найдаж буйгаа ярьсан аж. Тэдний хэсэгт Японоос гадна Франц, Мексикийн шигшээ байгаа юм. Хэдийгээр хоёр тамирчнаас коронавирус илэрсэн ч бусад тамирчинд халдаах боломжгүй болохыг ОУОХ-ны Олимпын наадам хариуцсан гүйцэтгэх захирал Дуби тайлбарлав. Тэрбээр “Тэг эрсдэлтэй зүйл гэж байхгүй. Тамирчдын тосгоноос коронавирус илрэх эрсдэлийг бид тооцоолсон. Гэхдээ шаардлагатай арга хэмжээг авснаар эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж чадна” гэжээ. Энэ сарын 1-нээс хойш тамирчид болон олимпын наадмын нээлттэй холбоотой ажилд оролцож буй хүмүүсийн дунд халдварын нийт 55 тохиолдол илэрсэн байна.

ТОКИОГИЙН ЖОЛООЧ НАР ХАТУУ ДҮРЭМ МӨРДӨЖ ЭХЛЭВ

Олимпын наадмыг зорин ирж буй зорчигчдоос бусад аялагчийг буух хүртэл онгоцны бүхээгээс гарахгүй байхыг хүсэж байгаа юм. Үүний дараа тэднээс коронавирусийн шинжилгээ авах бөгөөд хариу нь сөрөг гарсан хүмүүс Токио дахь тамирчдын хотхон болон бэлтгэлийн газруудыг зорих боломжтой болно. Ийнхүү ирж буй хүмүүсийн тоо ойрын өдрүүдэд хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрэх төлөвтэйг зохион байгуулагчид онцолжээ. Тамирчид ирж буйтай холбогдуулан Токио болон Токиогийн ойролцоо амьдардаг жолооч нар өчигдрөөс эхлэн зам тээврийн хатуу зохицуулалтыг мөрдөж эхэлсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр, ийм хязгаарлалтыг тэмцээн болох газруудад дагаж мөрдүүлнэ. Үүнд Токио болон Чиба, Сайтама, Канагава муж багтах юм. Мөн замын хөдөлгөөн их байвал хотын бүсийн хурдны замын эгнээнүүдийг хязгаарлаж, нэвтрэх хэсгийг хаана гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна. Түүнчлэн олимптой холбоотой тээврийн хэрэгслүүдэд зориулсан эгнээг Токио, Чиба дахь спортын байгууламжуудын ойролцоох 11 замд бий болгох гэнэ.

УГАНДАГИЙН ТАМИРЧИН ЦАГААЧЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГААГАА БИЧГЭЭР МЭДЭГДЖЭЭ

Токиогийн олимп эхнээсээ л дуулиан дагуулж эхэллээ. Угандагийн хүндийн өргөлтийн тамирчин Жулиус Секитолеко Японд ажиллах хүсэлтэй байгаагаа бичгээр мэдэгдээд зугтжээ. 20 настай Жулиус Осака мужийн Изүмисано хотоос 200 км зайд орших Нагоя хот руу хурдан галт тэрэгний тасалбар худалдаж авсныг албаныхан тогтоосон байна. Түүний хувьд багийнх нь гишүүдээс олимпод оролцох боломжгүй болсон тохиолдолд орлох зорилгоор дасгалжуулагчийн хамт ирсэн ч өнөөдөр нутаг буцах хуваарьтай байжээ. Тэрбээр нутаг буцах хүртлээ ПСР шинжилгээ өгөх ёстой байсан юм. Гэвч шинжилгээ өгөх өрөөнд ирээгүй тул зочид буудлынх нь өрөөг шалгатал бичиг үлдээгээд зугтсан болохыг тогтоожээ. Секитолекогийн очсон байж болзошгүй гэх Нагоя хотод өнгөрсөн оны хүн амын тооллогоор Угандагийн 150 гаруй иргэн амьдардаг аж.

“ОЛИМПЫН ТОСГОН”-Д СЭТГҮҮЛЧИД НЭВТРЭХГҮЙ

“Токио-2020” наадмын “Тамирчдын тосгон” албан ёсоор нээлтээ хийж, зочдоо хүлээн авч байна. Нээлтийн ажиллагаа тун даруухан болж, журам ёсоор хэвлэлийнхнийг дотогш нэвтрүүлэлгүй үүднээс нь буцаажээ. Коронавирусийн цар тахлын улмаас тамирчдын тосгонд зөвхөн тамирчин, дасгалжуулагч, багийн албаны хүмүүс л нэвтэрнэ. “Тамирчдыг эрүүл, аюулгүй орчинд байлгахын төлөө маш их хүчин чармайлт гаргасан зохион байгуулагчдад талархлаа илэрхийлье. Өнгөрсөн жилийн өдийд тамирчид маань олимп зохиогдох эсэхийг мэдэхгүй, маргааш бэлтгэлдээ явж болох үгүйг ч мэдэхгүй байлаа.

Цар тахлын энэ бүх стрессийн дараа тамирчид олимпын наадамд гялалзаж, олон түмнийг цэнгүүлэх болно” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах нээлтийн үеэр ярьжээ. Тосгон нь Токиогийн далайн эрэг орчмын Харүми дүүрэгт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зургаан км-ийн зайд байрладаг. Тосгонд тамирчид байрлах 1800 гаруй барилга бий. Энд олимпын турш 18 мянга орчим зочин төвхнөх юм. “Vil­lage Plaza” нь тамирчдын зорин очих гол газар байх болно. Энд кафе, банк, гэрэл зургийн студи, хими цэвэрлэгээ, олимпын наадамтай холбоотой бэлэг дурсгалын дэлгүүр, фитнесс төв, амралтын газар, эмнэлэг, допингийн хяналтын станц байрлаж байна.

 

Б.МӨНХЗУЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)