Баяртай Токио, гурван жилийн дараа Парист уулзацгаая

Товлосон хугацаанаас нэг жилээр хойшилж, сүүлдээ зохиогдох эсэх нь ч эргэлзээтэй болж ирсэн зуны XXXII Олимпийн наадам амжилттай явагдаж, өнөөдөр хөшгөө хааж байна.

Дэлхий нийтээрээ коронавирусийн цар тахалд нэрвэгдсэн онцгой мөчид зохиогдсон гэдгээрээ энэ Олимп түүхэнд тодоор бичигдэн үлдэх нь гарцаагүй. Токиогийн Олимпийг зохион байгуулах нь хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлж буйн баталгаа болж, дэлхий нийтэд итгэл найдварын оч түгээнэ хэмээн ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахын хэлсэн үг биеллээ олж, энэ хэдэн өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс олимпоор амьсгалж, спортын сайн сайхныг гүн гүнзгий мэдрэв.

Олимпийн наадмын медалийн төлөөх өрсөлдөөн эцсийн мөч хүртэл ширүүн өрнөж, АНУ-ын баг сүүлийн өдөр гурван алт авснаар багаараа тэргүүн байрт бичигдэв. Харин зохион байгуулагч Япон улс 27 алт, нийт 58 медальтайгаар гуравт жагсаж, түүхэн дэх хамгийн амжилттай Олимпоо үдлээ.Наран орны баг тамирчид 1964 онд нутагтаа болсон Олимпоос 16 алт, 29 медаль хүртсэн нь өмнөх дээд амжилт байв.

Бермуд, Филиппин, Катар улс Олимпийн анхны аваргуудаа өлгийдөн авсан бол Фуркина Фасо, Сан Марино, Туркменистан улс түүхэндээ анх удаа Олимпоос медаль хүртэв. Нийт 93 улс медаль хүртэж, 113 улс медалийн гадна үлдэв. Манай улс нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр 71-д бичигдлээ. Олимпийн наадмын үед дэлхийн дээд амжилт 24 удаа эвдэгджээ.

Ийнхүү хүнд хэцүү бартаа, саадыг даван туулсан Токиогийн Олимп хөшгөө хаалаа. Гурван жилийн дараа Францын нийслэл Парис хотноо XXXIII Олимпийн наадам нээлтээ хийнэ. Маргаашнаас эхлээд Олимпийн цаг тоолол “Парис-2024” Олимп эхлэх цагийг заан урагшлах болно.

ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ПАРИСТ УУЛЗАЦГААЯ!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)