Э.Гантуяа: “Ингээд дэлхийн медальтай болчихлоо гэж үү” гээд өөртөө нэг л итгэж өгөхгүй л байлаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн аравдугаар сарын эхээр Норвегийн нийслэл Ослод болоход Монголын Улсын шигшээ баг тамирчид зургаан хүрэл медалийг эх орондоо авчирсан. Тэдний нэг нь үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, 26 настайдаа ДАШТ-д гурав дахь оролдлогоороо 62 кг-ын жинд дэлхийн медальтан болсон түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд тань баяр хүргэе. Ослогийн дэвжээнээс медаль авсан дурсамжаа хуваалцахгүй юу. Нийт хэдэн барилдаан хийв?

-Баярлалаа. Миний хувьд өмнө нь 2018, 2019 оны ДАШТ-д зодоглож шилдэг наймд үлдэж байлаа. Гурав дахь оролдлогоороо дэлхийн медальтан болсондоо баяртай байна. Нийт гурван барилдаан хийсэн, 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга АНУ-ын Кайл Миракл оноогоор цэвэр ялагдлаа. Түүнээс эхлээд дөрвөн оноо авсан ч хайрцаганд нь орж олон оноо алдаж ялагдсан. Америкийн бөх финалд шалгарч маргааш нь дагах барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Алина Касабиеваг 12:8-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Бразилын Лаис Нуньес Де Оливейратай 7:6-гаар тус тус ялж медаль хүртсэн дээ. З.Дүвчин багш маань дэвжээний хажууд зааж зөвлөж байсан болохоор өөртөө бүр ч итгэлтэй барилдлаа.

-Дэлхийн дэвжээнээс медаль хүртээд, шагналын тавцанд зогсож байхдаа хамгийн түрүүнд юу бодогдов?

-Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан санагдсан. Амьдралд минь тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг. ДАШТ-ий медальтан болсондоо үнэхээр баярласан. Бас төрүүлж өсгөсөн аав, ээж, өдий зэрэгт хүргэсэн багшаараа их бахархсан даа.

-Хүрэл медалийн төлөө их хүнд барилдаан хийж ялалт байгуулсан. Барилдахын өмнө багш чинь юу гэж зөвлөв?

-Хоёр олимпод оролцож, Пан-Америкийн хошой аварга болсон Бразилын туршлагатай бөх Лаис Нуньес Де Оливейратай барилдахаар дэвжээнд гарахдаа ялна гэдэгт өөртөө үнэхээр итгэлтэй байсан. З.Дүвчин багш маань дэвжээн дээр гарахын өмнө аль болох тайван, өөрийнхөө барилдааныг гаргаж барилдаарай гэж захьсан. Би маш сайн төвлөрч гарсан болохоор багшийн хэлж ярьсаныг бүгдийг сонсч барилдсаныхаа хүчинд л ялсан гэж бодож байна. Хүрлийн төлөө барилдсан бразил их бяртай бөх шиг санагдсан.

-Чөлөөт бөхөөр хэдэн оноос хичээллэж эхэлсэн бэ?

-2010 онд Төв аймгийн Батсүмбэр суманд Ц.Бат-Эрдэнэ багш дээр чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Ганц, хоёр тэмцээнд орж байгаад З.Дүвчин багш дээрээ ирж одоог хүртэл бөхийн нарийн ширийн ухаанд суралцаж л явна даа. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, манай нагац Ж.Даахүү ах намайг бөх болгоно гээд З.Дүвчин багшид маань шавь оруулж байсан. Багш дээрээ ирээд удалгүй 2011 онд Монголын хүүхдийн спортын наадмаас мөнгөн медаль хүртэж, бөх болох итгэл, урам зориг авч одоог хүртэл чөлөөт бөхдөө үнэнч тууштай явна.

-Таны барилдааны гол онцлог юу вэ?

-Гар таллаж нааж барилддаг. Энэ мэхээрээ олон ч ялалт байгуулсан. Сая Ослогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын бөхийг уг мэхээрээ олон оноо авч ялсан даа.

-Чөлөөт бөхөөр барилдахаас өөр авьяас бий юу. Өнгөрсөн жил таны гитартай дуу дуулж буй бичлэг сошиалаар яваад байсан?

-Сагсан бөмбөг, волейбол тоглох дуртай. Хааяа дуулах сонирхолтой, гитар тоглож сурахыг хичээж байгаа. Чөлөөт цагаараа өөрийн сурахыг хүсдэг зүйлээ хийхийг боддог.

-Таны хүндэлж явдаг тамирчин?

-Бөхийг сонгож эхэлснээсээ хойш, нэг багшийн шавь, “Лондон-2012” олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг эгч шигээ мундаг бөх болохыг хүсч, түүнээс үлгэр дурайлал авдаг. Намайг гэлтгүй клубийн дүү нартаа өөрийн мэддэг чаддагаа харамгүй зааж зөвлөдөг.

-Тамирчин хүн спортоор тууштай хичээллэж, амжилтад хүрэхийн тулд боловсрол, сургуулиа хойш нь тавьдаг. Та сурдаг уу?

-Би Монголын үндэсний их сургуулийг газар зохион байгуулалт мэргэжлээр төгссөн. Одоогоор бөхдөө анхаарлаа хандуулж, мэргэжлээрээ ажиллах боломж гарахгүй л байна. Спорт залуу насных, мэргэжлээрээ давхар ажиллахад бэлтгэл сургуулилтаа орхигдуулдаг талтай. Сурахад хэзээ ч оройтдоггүй гэдэг дээ, цаашид ч сурах бодол бий.

-Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медалиас гадна одоогоор гаргаад буй томоохон амжилтаасаа сонирхуулаач?

-23 хүртэлх насны ДАШТ-д 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж, Азийн АШТ-ий хүрэл, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээний мөнгө, хүрэл, “Монголиа опен” олон улсын тэмцээний хоёр алт, нэг мөнгө, Польшийн нээлттэй тэмцээн, Сассаригийн ОУТ-ээс хүрэл медальтай.

-Таны барилддаг 62 кг-ын жин дотооддоо өрсөлдөөн ихтэй. Жингийнхээ шилдгүүдтэй хэр олон барилдсан бэ?

-Сул өрсөлдөгч гэж байхгүй дээ. Манай жингийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, Токиогийн олимпод оролцсон ОУХМ Х.Болортуяа гээд хүчтэй өрсөлдөгч мундахгүй олон бий. Тэд нартай өсвөр үе, залуучуудаас хойш олон жил өгөө аваатай өрсөлдөж ирсэн.

-Сэтгэлд хоногшсон хамгийн дурсгалтай тэмцээнээ нэрлэ гэвэл...

-Олон тэмцээн бий. Нэгийг нь нэрлэ гэвэл өнгөрсөн Ослогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг л хэлнэ. Медалиа гардаад шагналын тавцанд зогсч байх мөчид “Ингээд дэлхийн медальтай болчихлоо гэж үү” гээд өөртөө нэг л итгэж өгөхгүй л байлаа.

-Танай удамд барилддаг хүн бий юу. Эхээс хэдүүлээ вэ?

-Удамд гэвэл надаас өөр барилддаг хүн байхгүй. Харин манай гэрээс гэвэл манай хүргэн ах М.Даваасүрэн Өвөрхангай аймгийн заан цолтой. Би эхээс дөрвүүлээ, дээрээ нэг эгчтэй, доороо хоёр эмэгтэй дүүтэй. Аав, ээж болон гэр бүлийнхэн маань намайг чөлөөт бөхөөр анх сонгосноос эхлээд одоог хүртэл маш сайхнаар хүлээн авч, үргэлж намайг дэмжиж урам зориг өгсөөр байдаг.

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Хүн бүрт өөр өөрийн зорилго бий. Миний хувьд бөхийн спортын сонгосны хэрэг юу билээ, 2024 оны Парисын олимпийн наадамд оролцож медаль авахыг хүсч байна. Үүнд хүрэхийн тулд илүү их хичээж хөдөлмөрлөөд явахад мөрөөдөл зорилго минь биелэх өдөр ирэх байлгүй дээ.

-Ярилцсанд баярлалаа. Зорьсон зорилгодоо хүрч Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваарай.

-Баярлалаа, Намайг үргэлж тусалж дэмжиж байдаг гэр бүлдээ, З. Дүвчин багшдаа, үндэсний шигшээ багийн багш нар, бэлтгэлийн хамт олон, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын хамт олон, Монголын чөлөөт бөхийн холбоо, БТСУХ, МҮОХ, Спорт анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийн хамт олон, Төв аймгийн удирдлагууд, Батсүмбэр сумын удирдлагууд, нутгийн зон олон болон ах дүү хамаатан садан, найз нөхөддөө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цаашид улам илүү их хичээх болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)