Их Британиас Украинд 3.2 тэрбум долларын тусламж үзүүлнэ

КИЕВ, 2024 оны нэгдүгээр сарын 14 /Reuters/. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийхээр Киевт айлчилж, тус улсыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолжээ.

Их Британи ирэх санхүүгийн жилд Украинд алсын тусгалт пуужин, олон мянган нисгэгчгүй онгоц зэрэг 2.5 тэрбум фунт стерлингийн /3.2 тэрбум ам.доллар/ цэргийн тусламж үзүүлнэ гэж Р.Сунак мэдэгдэв.

 

Р.Сунак мөн өнгөрсөн оны долоодугаар сард гаргасан “Долоогийн бүлэг”-ийн /G7/ тунхаглалд тулгуурлан Украинд урт хугацааны аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх гэрээнд гарын үсэг зурснаа мэдэгджээ. Албаны хүмүүсийн хэлснээр, Их Британи нь ийм гэрээ байгуулсан анхны G7-гийн орон юм.

 

В.Зеленский уг шийдвэрийг сайшаан хүлээн авч, өнөөдөр Европын түүх өөрчлөгдсөн өдөр болж байна гэж мэдэгдсэн байна. Тэрбээр үргэлжлүүлэн, Украины эсрэг халдан довтлох явдал дахин хэзээ ч давтагдахгүй байх нь улс орнуудын хамтын сорилт юм хэмээн хэлжээ.

 

Харин Украины хамгийн том дэмжигч орон болох АНУ-аас Украинд цэргийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэх санхүүжилтийн асуудал Конгресст гацсан хэвээр байгаа юм. Мөн Европын холбооны удирдагчид Киевт үзүүлэх санхүүгийн тусламжийн талаар Унгарын талтай тохиролцож чадаагүй байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)