Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов
- Уржигдар 14 цаг 47 мин
- Улс төр
- 0

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн хяналтын хүрээг оновчилж, хүнс, эрүүл ахуй, эм, эмчилгээний чанар, уул уурхай, газрын тос, байгаль орчин, дэд бүтэц, боловсрол зэрэг нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөх, эсхүл зөрчигдөх эрсдэлтэй үйл ажиллагаанд хяналт тавих төрийн хяналт шалгалтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдах хүртэлх хугацаанд хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгах, Засгийн газрын салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатарын өгсөн үүргийн дагуу Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох зорилгоор Олон нийтийн хяналтын тухай хуулийн төсөл боловсруулах хууль зүйн шаардлагатай байна. Төрийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх хөндлөнгийн зөвлөлийн хүрээ, хязгаарын талаар тусгаж байна.
Хуулийн төсөл батлагдсанаар төрд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаан дахь төсвийн зарцуулалтад тавих олон нийтийн хяналт сайжрах, төсвийн үргүй зардал багасах, түүнчлэн, Авлигын төсөөллийн индекс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Сэтгэгдэл (0)