Б.Цэрэндэжид: Монгол бичгийн үг болгон монгол ахуйтай холбогддог
- 1 цаг 44 мин
- Үнэн
- 0

"Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдааны тэргүүн байрын шагналтан
Эрдэнэбулган, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны мэргэжлийн багшийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IV сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Цэрэндэжидтэй ярилцлаа.
-Юуны түрүүнд танд уралдааны мэргэжлийн багшийн төрөлд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Шагнал авч байх үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Баярлалаа. “Хүмүүн бичиг” сониноос 29 дэх жилдээ зохион байгуулсан Монголын сайхан бичигтэн уралдааны мэргэжлийн багш нарын ангилалд оролцож, тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Энэ уралдаан бол монгол хүн бүрийн хүсэн мөрөөддөг тэмцээн бөгөөд монгол бичиг нь монголчуудын тусгаар тогтнолын баталгаа, хийморь сүлд юм.
Мэргэжлийн багшийн хувьд энэ уралдаанд орж байр эзлэх нь миний мөрөөдөл байсан бөгөөд шавь нараа ч бэлтгэн оролцуулдаг. Миний хувьд хоёр дахь удаагаа оролцож, тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авсан энэ мөч миний амьдралын хамгийн бахархалтай, дурсамжтай мөч болж өнгөрлөө.

-Өмнө нь хэзээ оролцож байсан бэ?
-2023 онд мэргэжлийн багш нарын ангилалд орж, “Хүмүүн бичиг” сониноо бүтэн жил захиалж унших эрхээр шагнуулж байлаа. Энэ удаад Л.Түдэвийн “Оройгүй сүм” романы үзэл санаа сэдвээр зохион найруулж бичсэн.
-Таны бүтээл ямар утга санаа, зорилгыг илэрхийлж байгаа вэ?
-Энэ бүтээлд Монгол хүн болж төрж, эх орноороо бахархан, өвөг дээдсийнхээ ямар хатуу хүтүүг туулж ирснийг залуус бид давтах ёсгүйг. Ингэхийн тулд эрдэм номд оройгүй сурах хэрэгтэй, эрдэм ном сурахын сацуу хүн чанар гэдэг зүйл хамгийн чухал юм шүү, эрдэм номтой болж эх орноо, Монгол Улсаа хөгжүүлж, өнгөлөг сайхан авч явахын тухай бичсэн байгаа.

-Монгол бичиг монгол хүүхэд, залуусын зүрх сэтгэл, оюун ухаанд хэрхэн оршиж байна вэ?
-2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулснаар илүү сайн авч явах, илүү сурах ажил эхлээд явж байна. Монгол бичгийг заахад зурлагаас эхэлдэг учир хүүхдүүдэд сонирхолтойгоор, зүрх сэтгэлд нь хүргэж заавал монгол бичгийн хичээлдээ дуртай, хайртай болдог.
Тийм хүүхдүүд байнга л уншаад бичээд, номоо тэврээд явж байдаг. Багаасаа сайн сурчихаар ахлах ангид ороод багадаа эзэмшсэн зангаараа дуртай, хайртай, уншаад л явж байдаг. Би мөн зохиол бүтээлийг монгол бичгээр хэвлэгдсэнийг нь хүүхдүүдэд уншуулдаг. Хүүхдүүд уншиж, бичиж байгаагаараа өөрсдөө маш их бахархдаг.
Миний бодлоор хүүхэд, залуус монгол бичигтээ хайртай болж, сонирхолтой суралцаж байна. Мөн төрийн байгууллагуудын албан хаагчид дийлэнх нь монгол бичиг мэддэг болсонд баяртай явдаг. Манай сургуулийг төгссөн нэг хүү цэргийн алба хаахаар очоод монгол бичгийн уралдаанд оролцож, чөлөөний долоо хоногоор шагнуулсан байсан. Тэр над руу “Монгол бичиг сурсандаа маш их баяртай, бахархаж байна” гэж ярьж билээ.

-Монгол бичиг хүний сэтгэхүйд болон хүн чанарт ямар нөлөө үзүүлдэг бол?
-Сэтгэхүй, хүн чанарт нөлөөлнө. Монгол бичгийн үг болгон монгол ахуйтай холбогддог. Жишээ нь дал гэдэг үгийг олон янзаар бичнэ. Гадаад үгэнд Д үсгийг дандаа хэвтээгээр бичдэг. Дал мод гэдгийн Д нь хэвтээгээр бичигдэнэ. Яагаад гэхээр дал мод монгол оронд байдаггүй, гадаад оронд байдаг гэсэн санаа. Далын тоог дал-а гэж сүүлээр, дал мөрний далыг хүний биетэй холбоотой учраас дал-у гэж, дал далхийх гэдэг сул үгийг яг байгаагаар нь бичнэ гээд ахуйтайгаа холбож, утга ялгаж бичдэг учраас хүүхдүүд монгол ахуй соёл, бичгээрээ бахархах, бичиг дундаасаа монголтойгоо илүү их танилцаж, мэдэхгүйгээ мэдэж авдаг. Би 2023 онд анги төгсгөсөн. Манай хүүхдүүдийн дундаас багш мэргэжлийг сонгосон нь цөөхөн ч бусад мэргэжлийг эзэмших явцдаа ч монгол бичгээ орхилгүй, лекцээ хүртэл монгол бичгээрээ бичиж байгаа гэж хуучилж байсан. Тэр нь багш миний хувьд маш бахархалтай санагддаг.
-Энэ сургалтын төв таны хувьд хүүхдүүдэд мэдлэг олгохоос гадна орлогын эх үүсвэр болдог уу?
-Аймаг, орон нутагтаа үндэсний бичиг болон уран бичлэг заадаг “Тайхар таталбар” сургалтын төв ажиллуулдаг. Манай сургалтын төв нь харьяалал харгалздаггүй тул Эрдэнэбулган сум болон хөдөө сумын сургуулиудаас хүүхдүүд ирж суралцдаг. Уран бичлэгийг сурахад хүүхдээс маш их тэвчээр, хичээл зүтгэл шаарддаг.
Хүүхдүүд анхаарлаа төвлөрүүлж, удаан хугацаанд бичихэд сайн бүтээл болдог. Зөвхөн уран сайхан бичлэг сураад зогсохгүй бусад хичээлдээ төвлөрч, алдаагүй хийх чадвар, тэвчээр, хатуужлыг ч эзэмшдэг. Манай сургалтын төвийн хүүхдүүд уралдаанд оролцохдоо олон өдрийн турш бичиж, ганц зурлага буруу болбол бүтээлээ эхнээс нь дахин хийдэг. Ингэж удаан суусны эцэст хүүхдүүд хариуцлагатай болж, сурсан мэдлэгээ ашиглан хүмүүст бэлэг дурсгалын зүйл хийж өгдөг. Энэ арга барил нь уралдаан тэмцээнд ч давуу тал болдог.

Манай багш уран бичлэгийн мастер, каллиграфийн их мастер Ганбаатар агсан юм. Бүр Азийн уралдаанд тэргүүн байр эзэлж, монгол бичиг, соёлыг дэлхий нийтэд сурталчлахад үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн. Ийм хүний шавь болсондоо маш их баяртай явдаг. Би эхлээд ганц хоёр удаа хүмүүсийн хүсэлтээр уран бичлэгээр бичүүлэх зүйлийг нь бичдэг байлаа. Бас өөрийгөө голно оо. Бичээд байхаар дадлагажаад сураад ирдэг.
Гадаадад амьдардаг монголчууд маань морин хуур, Чингис хаан, төрийн далбаа, монгол бичгийг түлхүү авч, их хүндэтгэн бичүүлдэг. Мөн монголчууд аливаа уралдаан, тэмцээний шагналыг монгол бичигтэй холбон бичүүлдэгт би их талархдаг. Уран бичлэгээр орлогоо нэмэх боломжтой болсон нь бас нэг давуу тал. Би монгол бичигтээ хайртай. Хүн зөв зүйл хийвэл тэр нь эргээд өөрт шагнал болон ирдэг гэдэгт итгэдэг бөгөөд би үүнийг өөр дээрээ мэдэрсэн. Дуртай юмаа хийж, орлогоо нэмэх боломжтой болсондоо баяртай байна.
-Уран бичлэг, каллиграфаар бичиж байх үед ямар мэдрэмж төрдөг вэ?
-Хүмүүс бясалгал хийж байгаатай адил гэж ярьдаг. Би үүнийг мэдрэхгүй явж байгаад саяхан мэдэрсэн. Хүнд үг бичиж өгөх ёстой учраас орой ажлаасаа ядарч ирсэн ч уран бичлэгийнхээ бүх зүйлийг гаргаад, шугамдаад суухдаа бүх анхаарлаа бичих зүйлдээ төвлөрүүлнэ. Хэчнээн мэргэжлийн багш ч гэлээ давхар бодол орж ирэх, анхаарал сарних юм бол алддаг. Тийм учраас зөвхөн өмнөх зүйл рүүгээ анхаарна.
Аяндаа төвлөрөөд ирнэ. Ингээд 2-3 цаг суугаад бичсэний дараа нөгөө ядарсан хүн чинь ямар ч ядарсан шинжгүй, сайхан амарчихсан юм шиг болдог. Тэгээд дараа нь унтахаар тархи амарч, илүү нам гүн унтдаг. Зөвхөн бийрээр бус балаар бичсэний дараа ч энэ мэдрэмжийг авдаг. Тэгэхээр энэ их тайвшрал, амралт бол зөвхөн монгол бичигт л байна гэж ойлгодог.

-Та монгол бичгээ зааж байхдаа юунаас хамгийн их урам зоригийг авдаг вэ?
-Манай монгол хэлний багш багш болоход нөлөөлсөн. Би багш шигээ ийм сайн багш болоод олон хүүхдэд монгол хэл, соёлоо зааж, түгээж чадна гэсэн итгэл, дуурайллыг авсан. Хүүхдүүдэд монгол бичгийн хичээл орж эхлэх үеэс догдолж хүлээгээд, асуугаад л тойрч гүйгээд байх үеийн тэр мэдрэмжээс л маш их урам зориг авдаг даа. Хөндлөнгийн шалгалтаар миний ордог анги бүрээс багадаа 2-3 хүүхэд “би монгол бичгийн багш болно” гэж зохион бичлэг бичсэн байдаг. Тэр нь үнэхээр сайхан мэдрэмж юм.
Би хүүхдүүддээ монгол бичгийн суурийг сайн тавих нь чухал гэж бодоод жаахан илүү цагаар ажилладаг. Үүний үр дүнд хүүхдүүд илүү сонирхож, дуртай болдог. Би “Хүмүүн бичиг” сониныг сургалтдаа их ашигладаг. Сонины дотоод, гадаад мэдээний буланд хүүхдүүдийн таньдаг урлаг, спортын алдартнуудын тухай мэдээлэл байдаг бөгөөд түүнийг уншихдаа маш сонирхолтой байдаг. Ийм олон аргаар дэмжиж, хүүхдүүдээ монгол бичигт дуртай болгодог. Тиймээс бичиг соёлын өдрүүдээр зохион байгуулдаг монгол бичгийн уралдаан, тэмцээнүүдэд манай 4-р сургуулийн сурагчид тогтмол амжилттай оролцдог. Ер нь, шавь нараасаа л хамгийн их урам авдаг.
-Монгол бичгийг сурахад хүүхдүүд ихэвчлэн хаана алдаа гаргадаг вэ?
-Эхний хоёр гурван хичээлийг сайн анхааралтай сонсоод, үсгүүдээ тогтоочихвол дараа нь бие даагаад ч сурчихдаг юм шүү дээ. Тэгэхээр үсгээ цээжлэхгүй, бичихгүй байх тохиолдлуудад хүүхдүүд алдчихдаг. Тэгээд л сонирхолгүй болж эхэлдэг юм. Би монгол бичгийг маш богино хугацаанд сурах боломжтой гэж үздэг. Монгол бичгийн дасгал ажлын дэвтэр боловсруулсан. 16 удаагийн хичээлээр монгол бичгийг бүрэн уншиж, бичиж сурах хөтөлбөрийг боловсруулж, хүүхдүүдэд танхимаар болон цахимаар заагаад явж байна. Энэ дэвтрээ илүү боловсронгуй болгоод олон хүнд хүргэнэ гэсэн бодолтой яваа.
-Цахим орчин монгол хэл, бичгийн хувьд сорилт уу, боломж уу?
-Цахим орчинд монгол хэл, бичиг сурахыг боломж гэж хардаг. Монгол бичгийг цахим орчинд нэлээд дэлгэрүүлж байна. Бичиж болох аппликэйшн ч гарсан байна. Маш олон боломж, технологийн дэвшлүүд гарсан. Хүүхдүүд гар утаснаасаа үг, өгүүлбэр бүтээж хөгжиж байна шүү дээ. Цахим орчинд монгол бичгийн үг, холбоо үг бичээд уншуулаад байгаа олон группүүд ч байна. Түүнийг хүүхдүүд нэг үг байна гэж голохгүйгээр уншаад байх нь чухал.
Монгол хэлний тухайд хүүхдүүд цахим орчинд бичихдээ дандаа ярианы хэллэгээр, монгол үсгээр биш англи галигаар шууд бичээд байгаа нь өөрсдийнх нь “моод” юм шиг анзаарагддаг. Нэр нь хүртэл ойлгомжгүй байх тохиолдлууд ч байна. Үүнийг хувь хүний хандлагатай холбож хардаг. Харин суралцах тал дээр нээлттэй шүү дээ.

-Залуус монгол бичгээ сурах явцдаа ямар зүйлд анхаарах, юуг өөрчлөх нь зүйтэй гэж та бодож байна вэ?
-Сурах гэж байгаа, хийх гэж байгаа зүйл бүхэн нь залуусын хандлагаас шалтгаална. Хандлагаа л өөрчлөх нь чухал. Хандлагаа зөв болгоод олон мянган жил дамжин бидний үүх түүхийг бичээд ирчихсэн энэ бичгээ хүн бүр сурах ёстой. Бид түүхээ мэдэх ёстой, бид бичиг үсгээ мэдэх ёстой гэдгийг л өөртөө суулгаад, сурчихвал кирилл үсгээ уншдаг шигээ л уншдаг болчихно. БНХАУ-ын ӨМӨЗО-нд нэгдүгээр ангиас нь монгол бичгээ зааж байгаа нь одоо ч хэвээрээ.
Монгол бичиг маань өв соёл, үнэ цэнтэй зүйл шүү дээ. Нэг л ухамсартаа шингээгээд, тууштай, үнэн ч байх юм бол бүгдээрээ сайхан сурчихна гэж бодож байна. Монгол бичиг хүнийг зөв замд удирддаг, сайн сайхан хүмүүстэй уулзуулдаг, хамгийн үнэтэй зүйлс дээр оршдог доо.
-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл (0)