Мансууруулах бодистой холбоотой хэрэгт дөрвөн эмэгтэйд найм хүртэл жилийн хорих ял оноожээ

Прокурорын байгууллагаас 2026 оны 5 дугаар сарын сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой 149 хүнд холбогдох 104 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд 4 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс 3 хүнд 2 жил, 6 сараас 8 жил, 6 сарын хугацаатай хорих ял, 1 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. Ял шийтгүүлсэн 4 хүн нь 26-28 насны эмэгтэйчүүд байна.

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэж байна.

- Л.Д (26 настай, эмэгтэй), Х.Н (28 настай, эмэгтэй) нар нь Бүгд Найрамдах Турк Улсад амьдарч буй нэр бүхий иргэнтэй бүлэглэн, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 239,4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор бусдын ачаанд дайж, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлж, олж авч, хадгалсан, 

Мөн Л.Д нь дээрх гэмт хэрэгтээ шалгагдаж байх хугацаандаа Б.Х (26 настай, эмэгтэй)-тэй бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Э нэртэй зочид буудлын өрөөнд “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Л.Д, Х.Н нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Х.Н-д 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

Л.Д, Б.Х нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Х-д 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Л.Д-г хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул нийт 8 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. 

- Ц.А (27 настай, эмэгтэй) нь 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай,  "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, мөн оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ц.А-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)