“ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ” КОМПАНИ ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧТАЙ БОЛЛОО
- 2026-05-18
- Нийгэм
- 0
“Үндэсний давхар даатгал” компанийн Бүртгэл, санхүү төлөвлөлтийн газрын дарга Чимид-Очирын Соронзонболд Монгол Улсын Гавьяат эдийн засагч боллоо. Шинэхэн гавьяат Ч.Соронзонболд нь Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул бөгөөд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Хэрэглээний Биотехнологийн Дээд Сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн байна.
Тэрбээр 1999 оноос “Петровис” ХХК-д менежер, ШТС-ийн эрхлэгчээр ажлынхаа гарааг эхлүүлж, 2005 оны хоёрдугаар сараас “Газтек” компанид Нягтлан бодогчоор, 2005 оны аравдугаар сараас “Тэнгэр Даатгал” компани (хуучнаар Прайм Женерал Даатгал компани)-д Нягтлан бодогч, Ерөнхий нягтлан бодогчоор, 2011 оны тавдугаар сараас эхлэн, “Соёмбо Даатгал” компанийн Санхүүгийн газрын захирал, 2016 оны наймдугаар сараас “Соёмбо даатгал” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2017 оны зургаадугаар сараас өнөөдрийг хүртэл “Үндэсний давхар даатгал” компанийн Ерөнхий нягтлан бодогч, Санхүүгийн албаны даргаар томилогдон ажиллаж байна.
Ийнхүү даатгал, санхүүгийн салбарт тасралтгүй 27 жил үр бүтээлтэй ажилласан түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор шагналаа. Мөн энэ үеэр тус компанийн анхдагчийн нэг, Андеррайтер Ч.Долгорсүрэн Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан юм.

Сэтгэгдэл (0)