Оюу толгойн гүний уурхайн ослын шалтгааныг тогтоох ажлын хэсэг ажиллаж байна
- 1 цаг 30 мин
- Нийгэм
- 0

Аравдугаар сарын 29-ний өдөр Оюу толгойн гүний уурхайд чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралт үүсч, тус бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол гарсан.
Уурхайн ослын улмаас гэмтсэн хоёр ажилтныг Улаанбаатар хот руу хүргэж “Интермед” эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Осолд өртсөн уурхайчдын биеийн байдлын талаар “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Аврах ажиллагаа цаг алдалгүй явагдсан. Нуралт үүссэн хэсэгт байсан ажилтнуудыг эмнэлгийн үзлэгт бүрэн хамруулсан. 13 хүний биеийн байдал хэвийн, эрүүл энх байгаа. Хоёр ажилтныг хот руу авчирсан. Бэртлийн улмаас эмнэлгийн хяналтад байгаа. Гэхдээ амь насанд эрсдэл учрахуйц бэртэл аваагүй. Мэдээж гэмтэл бэртэл гэдэг төвөгтэй, ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа” хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлсэн юм.
Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн төлөөллийг оролцуулан ослын талаарх дүгнэлт, шалтгааныг судлан тогтоох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж газар дээр нь хяналт шалгалтыг хийж эхлээд байгаа аж. Чулуулгийн нуралт үүссэн зурвас талбайгаас бусад хэсэгт нөлөөлөл үүсээгүй болохыг урьдчилсан үзлэгээр тогтоосон байна.

Сэтгэгдэл (0)