Д.Банзрагч: УИХ-ын үйл ажиллагаа ийм байдлаар үргэлжилбэл парламентын хямралд хүргэж болзошгүй

Ардын Их Хурлын депутат асан Д.Банзрагчтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та ардчилсан Үндсэн хууль батлалцаж явсан хүний хувьд өнөөгийн төр засгийн үйл ажиллагааг ямар өнцгөөс харж дүгнэж байна вэ? 

-УИХ-ын сонгуулиар ард түмэн Ардчилсан намд ялимгүй илүү санал өгсөн. Тиймээс хуулийн дагуу олон суудал авсан нам бусад  намтай хэлэлцэж, тохирч Засгийн газраа байгуулж байна. УИХ-ын анхдугаар чуулган хуралдсан үйл явцыг иргэн хүний нүдээр харахад “мордохын хазгай” гэдэг болчихов уу даа гэсэн болгоомжлол, харамсал төрсөн. Би Үндсэн хууль батлалцсан депутат хүн учраас Үндсэн хууль хэрхэн хэрэгжиж байгааг харж, ажиглаж явдаг. Үндсэн хуулийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Гэтэл УИХ-ын чуулган хуралдаж, УИХ-ын даргыг сонгосон үйл явц нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн. Уг хуульд “Сонгогдсон гишүүд тангараг өргөтөл УИХ-ыг Ерөнхийлөгч удирдана. Гишүүд тангараг өргөсний дараа УИХ-д сонгогдсон хамгийн ахмад гишүүн УИХ-ын чуулганы хуралдааныг зохион байгуулж, удирдана” гэж заасан байгаа. Тэгэхээр УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл УИХын чуулганы хуралдааныг зохион байгуулах ёстой. Гэтэл хуралд оролцсон гишүүдийн ахмадаар нь хурал удирдуулсан. УИХ-ын хамгийн ахмад гишүүн, хуралд оролцсон гишүүдийн ахмад нь гэдгийн хооронд өдөр, шөнө шиг ялгаа бий. УИХын дэгийн тухай хуулийг ийнхүү зөрчснөөрөө Үндсэн хуулийн “Төрийн үйл ажиллагаа, хуулийг дээдэлнэ” гэсэн заалтыг ч мөн бүдүүлгээр зөрчлөө. УИХ-ын гишүүдээсээ эхлээд хууль зөрчөөд байвал цаашид юу болох вэ. Хууль хэрэгжихгүй, тухайн эрх барьж буй намд үйлчилж, юуг ч хамаагүй шийддэг болох нь гэсэн болгоомжлол надад төрсөн.

-Тэгвэл илт хууль зөрчигдөж байхад ардчилсан Ерөнхийлөгч ямар нэг алхам хийх ёстой байсан юм биш үү?

-Ерөнхийлөгч энэ нөхцөл байдлын үед ямар ч алхам хийгээгүй. УИХ-ын анхдугаар чуулган УИХ-ын дэгийн тухай хууль, Үндсэн хууль зөрчөөд байхад ардчилсан, шударга ёсыг эрхэмлэнэ гэж гарч ирсэн Ерөнхийлөгч дуугарч, хориг тавиагүй нь сонин санагдаж байгаа юм. Энэ талаар ард иргэд Ерөнхийлөгчөөс асуухад буруудахгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүлээн авч уулзаж “Засгийн газраа аль болох УИХ-аас бус гаднаас бүрдүүл” гэсэн чиглэл өгснийг зурагтаар үзсэнээ санаж байна. Гэтэл Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХын гишүүдээс томилогдсон. Үйл явц ингэж өрнөж байхад чиглэл өгч байсан Ерөнхийлөгч таг дуугүй суугаад байх юм. Өмнөх парламентын үед ч Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүнийг УИХ-ын гишүүн бус хүмүүсээр бүрдүүлэх тухай хуулийн төсөл санаачилж байсан. Гэтэл Ардчилсан нам ялснаар Ерөнхийлөгчийн байр суурь 180 градус өөрчлөгдчихлөө. Үүнээс дүгнэхэд Монголын улстөр хаашаа явж байна вэ гэдэг нь ойлгомжгүй боллоо. Ийм тодорхойгүй байдлаас их болгоомжилж байна.

-УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийг албан ёсоор зарлан мэдээлэхгүй байгаа. Энэ нь хуульд хэр нийцэж байгаа вэ?

-Би уг нь намын байр сууринаас ярих дургүй хүн. Гэхдээ Монгол Ардын Намын бүлгийг байгуулахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Хуулиар бүлгийг УИХ байгуулдаггүй. Бүлгийг нам нь байгуулдаг. Өөрөөр хэлбэл, УИХд наймаас дээш гишүүн сонгогдож, тангараг өргөсөн бол нам бүлгээ байгуулах эрхтэй. Харин УИХ-ын дарга аль нэг намын бүлэг байгуулагдсан тухай УИХ-ын гишүүдэд мэдээлэх л үүрэгтэй. Гэхдээ хуульд бүлэг байгуулах эсэх тухай ямар нэг хэлэлцүүлэг явахгүй гэж маш тодорхой тусгасан байгаа. Гэтэл УИХ-ын дарга мэдээлэхгүй байгаа нь анхаарал татаж байна. Асуудлыг яагаад шийдэж болдоггүй юм бэ. 24 цагийн дотор УИХын даргад өргөн мэдүүлээгүй гэсэн ярианы тухайд Монгол Ардын Намаас “Нэгэнт хууль зөрчиж сонгогдсон УИХын даргад мэдүүлэг өгөх шаардлагагүй. Хууль зөрчсөн даргыг зөвшөөрсөн болчихно” гэдэг үүднээс хандсан байх. Энэ асуудлаа ч шийдэх хэрэгтэй. Хэрэв УИХ-ын үйл ажиллагаа ийм байдлаар удаан үргэлжилбэл парламентын хямрал үүсч магадгүй. Үүнээс гадна бүх нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд хүрэхийг ч үгүйсгэх аргагүй. Хэл амаа ололцох нь зүйтэй. “Үнэн гэдэг нэг хүний толгойд бий болдоггүй юм. Үнэн гэдгийг хүмүүс хоорондоо ярилцаж, маргалдаж байж олдог” гэж агуу сэтгэгч Сократ хэлсэн байдаг. Тиймээс нэг нам нь “Үнэн үүгээр явах ёстой” гэж хандаад бүх асуудлыг зөвшилцөхгүй шийднэ гэдэг нь ардчилсан зарчим, ардчиллын зам биш. Хатуухан хэлэхэд нэг намын дарангуйлал уруу орж байна гэж дүгнэхэд болохгүй зүйлгүй. Ийм нөхцөл байдал үүсчихээд байна.

-УИХ-ын даргын томилгоо Үндсэн хууль зөрчсөн талаар Монгол Ардын Намаас Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч хариу ирүүлээгүй. Ер нь Үндсэн хуулийн Цэц үүргээ биелүүлж чадаж байна уу?

-Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийг мөрдүүлж, зөрчүүлэхгүй байх үүрэгтэй. Үндсэн хуулийг зөрчсөн аливаа асуудлаар хэлэлцэх эрхтэй байгууллага. Хуулиараа ч ийм. Харин Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд хандаад хоёр сар гаруй болж байгаа тухай дуулсан. Хэрэв энэ үнэн бол Цэц үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж үзэн энэ байгууллагыг татан буулгах тухай асуудал тавихад буруудахгүй. Цэцэд очсон өргөдөл, мэдээллийг дараад байгаа бол уг байгууллагын оршин тогтнох эсэхийг ард түмэн шийдэх эрхтэй.

-Хэд хоногийн өмнө ардчилсан Үндсэн хууль баталсан депутатууд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Та бүхэн ямар шийдэлд хүрэв?

-Үндсэн хууль батлалцсан, Монгол Ардын Намыг талархан дэмждэг хэсэг депу татууд уулзаж ярилцсан. “УИХ-ын сон гуулиас хойш Үндсэн хууль болон бусад хууль зөрчигдөж байна. УИХ-ын даргыг сонгож, томилсон үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн байна” гэж бид үзээд уг асууд лаар Цэцэд хандахаар болсон. Бүх асуу дал хуулийн дагуу явах ёстой. Бид хуу лиа дээдлэх учиртай. Ардчилал бол хууль дээдлэхийг л илэрхийлдэг юм шүү дээ.

-Цаашид хууль зөрчдөг жишиг тогтох вий гэсэн болгоомжлол иргэдэд төрж байна. Энэ талаар Та юу хэлэх вэ?

-Болгоомжлохоор барахгүй айж байна. Манай улс ардчилсан Үндсэн хуулиа батлаад 20, ардчиллын замд ороод 22 жил боллоо. Ийм зүйлийг үзэж байсангүй. 1990 оноос эхлээд бид зөвшилцлийн замаар явж, Үндсэн хуулиа ч зөвшилцлөөр бүтээсэн. Түүнээс хойш ч ялсан, ялагдсан намууд зөвшилцлийн замаар дундын хувилбарыг гаргаж ирсэн. Өнөөдөр парламентад олон болсон гэдгээрээ бүх асуудлыг сөрөг хүчний ямар ч оролцоогүй шийдэж байна. Энэ л их түгшүүр төрүүлж байна даа.

-Депутатууд Үндсэн хуульд оруулсан дордохын долоон өөрчлөлтийг хүчингүй болгох хүсэлтийг УИХ-ын даргад гаргах гэж байгаа гэсэн үү?

-Улстөрчид сүүлийн үед өөрсдөдөө тохируулж хууль боловсруулж, өөрчлөх боллоо гэж ард түмэн харддаг болсон. Үүний нэг жишээ нь Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлт юм. Уг асуудлаас болоод Үндсэн хуулийн, парламентын хямрал болох гээд байна. Үүнээс болж “УИХ-ын гишүүн хүн өөрт хамаарахгүй өөр ажил, алба эрхэлж болохгүй” гэж заасныг “Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний ажлыг хавсарч болно” гэж өөрчилсөн. Энэ асуудал одоо хүртэл маргаан дагуулж байгаа. Хуучин УИХ 51 гишүүний ирцтэй хуралддаг байсан. Гэтэл уг өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний ирцийг 39 болгосон нь чанартай хууль батлах боломжийг багасгасан. Эдгээр өөрчлөлт бүгд ардчиллаас ухарсан алхам болсон. Тиймээс бид долоон өөрчлөлтийг сэргээж өгөх хүсэлт УИХ-д тавья гэж төлөвлөж байгаа. Уг нь долоон өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэц тухайн үед хүчингүй болгосон юм шүү дээ.

Ц.ЖАРГАЛ 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)