Д.Лүндээжанцан: Эрх нь зөрчигдөж байгаа асуудлыг шүүх хялбаршуулсан журмаар шийднэ гэсэн ойлголт байхгүй

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Ардын Намаас эрх баригчдын дарангуйллыг эсэргүүцсэн хоёр өдрийн улстөрийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Үүний улстөрийн болон олон нийтэд хүрсэн үр дүн нь юу байв?

-Сү.Батболд гишүүн хэлсэн дээ. Тэвчээр гэдэг асуудлыг зөв ойлгооч. Хүчгүйдээ биш юм, тэвчээр гэдэг бол хүлцэх ёс юм. Энэ үүднээс сүүлийн гурван сар бид аль болох арга эвээр, зөвшилцөж асуудлыг шийдэх гэж хичээсэн. Өнөөдөр хуулийг ойлгох ойлголцол хүнд байна. УИХ-ын дарга З.Энхболдыг намынхан нь их шахаад байх шиг байна. Ингэх дэмий. Өнөөдөр АН-ынханд түүхэн боломж олдсон учраас олонхийн дарангуйлал тогтоох оролдлого хийж байна. Ер нь парламент бий болсон цагаас хойш олонхи, цөөнхийн харилцааны асуудал эмзэг байна.

Ардчилсан дэглэмтэй улс орнуудад олонхийн дарангуйллыг цөөнхийн эрхийн хамгааллаар яаж хангах вэ гэдэг онолын том асуудал тавигдаж, эв зүйгээ олоод ирсэн. Үүнийг манайд өнөөдөр эвдэн бусниулж байна. Олонхи бодлого явуулдаг. Цөөнх хяналтаа тавьдаг цөөнхийн автономи эрх гэж бий. Өөрсдийгөө зохион байгуулах, хяналт тавих, амин чухал улс орны болон өөрсөдтэйгээ холбоотой асуудлаар завсарлага авах, хурал орхих, бусад тэмцлийн аргуудыг хэрэглэх эрх цөөнхөд нээлттэй байдаг. Үүнийг нь хязгаарлаж дарамтад оруулахаар өөрийн эрхгүй дэлбэрэхэд хүрч байгаа юм. Би бослого тэмцлийн дэлбэрэлтийн тухай яриагүй байна.

Өнгөт хувьсгал хийсэн орнуудад янз бүрийн арга хэрэглэж, улстөрийн хувьд тогтворгүй байдалд оруулсан жишээ бишгүй бий. Үүнийг турших гэсэн гаднын оролдлогод бид аль болох авталгүй, сонор сэрэмтэй байж, улстөрийн тогтвортой байдлаа зөвшилцөөний аргаар хангаж ирсэн. Харамсалтай нь өнөөдөр парламентад зөвшилцөл алга боллоо. Би одоогоос хэдэн жилийн өмнө бичсэн номондоо парламент, ардчилал хоёр гэдэг бол тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ гэдэгтэй адил гэж бичсэн. Парламентын ардчилал харилцан буулт хийх зарчимд тулгуурласан зөвшилцөл дээр суурилдаг. Бид зөвшилцлийн замаар явж ирсэн. Энэ зөвшилцөл үгүй болж байгаа нь харамсалтай.

...Би одоогоос хэдэн жилийн өмнө бичсэн номондоо парламент, ардчилал хоёр гэдэг бол тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ гэдэгтэй адил гэж бичсэн. Парламентын ардчилал харилцан буулт хийх зарчимд тулгуурласан зөвшилцөл дээр суурилдаг. Бид зөвшилцлийн замаар явж ирсэн. Энэ зөвшилцөл үгүй болж байгаа нь харамсалтай..

-Өвөрхангайн хоёр нэр дэвшигчийн асуудал гэхээсээ илүү эрх баригчдын хүч түрэмгийллийг та бүхэн эсэргүүцсэн шүү дээ?

-Сүүлийн үеийн хүч түрэмгийлсэн үйл явдлын бодит жишээ бол Өвөрхангайн X тойргийн асуудал. Уг нь сонгуулийн ардчилал, ард түмний сонголт бол хамгийн гол зүйл. Төрийн эрх мэдэл шууд ба төлөөллийн ардчиллаас бүрддэг. Дэлхий нийтэд шууд ардчиллын хамгийн боломжийн хэлбэр нь сонгууль гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Сонгууль шударга, ардчилсан явагдах ёстой. Сонгуулиар илт давуу ялалт байгуулсан хүмүүсийг шүүхийн аргаар сонгогдох эрхийг нь хасч, сонгогч олон түмний эрхийг ноцтой зөрчих ёсгүй. Энэ нь Үндсэн хуульд заасан “Ард түмэн засгийн эрхийг барина” гэсэн заалттай зөрчилдөж байна. Иймд Үндсэн хуулиа хамгаалах шаардлага бидэнд гарсан. Төрийн эрх мэдлийн эх сурвалж ард түмэн байдаг.

Хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч УИХ-ын цаад эх сурвалж нь ч ард түмэн. Тиймээс ард түмний сонголт бол нэгдүгээр асуудал. Гэтэл Өвөрхангайн тойргийн асуудлын тухайд шүүхийн үйл явц дуусаагүй байхад СЕХ шийдвэр гаргаж, УИХд асуудлыг оруулж байгаа нь үнэн хэрэгтээ Үндсэн хуулийн суурь зарчим, сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Сонгууль эрхэлсэн байгууллага нь хууль зөрчөөд, УИХ нь хүч түрэмгийлж, парламентат ардчилал, сонгуулийн ардчилал устаж, шүүх байгууллагын хараат бус байдал алдагдаж, улстөрийн захиалгаар үйлчилдэг болчихвол Монгол Улсад ардчилал насан эцэслэхэд хүрнэ. Үүнийг бид сануулж ардчиллаа аварч, Үндсэн хуулиа хамгаалж, ард түмний сонголтыг баталгаажуулахын тулд улстөрийн эсэргүүцэлд хүрсэн.

-Өвөрхангай аймгийн АН-ын дарга Т.Хасбаатар тухайн үед Г.Батхүү, Д.Зоригт нар 168 сая төгрөг тараасан гэх мэдээлэл хийж байсан. Та энэ талаар өөр хүнээс мэдээлэл авч байв уу?

-Би зурагтаар гарсан зүйлийг бусадтай л адил үзсэн. Дараа нь үүнийг СЕХ, Хан-Уул дүүргийн нэг шүүгч хоёр “Тогтоогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шийдвэр гаргасан байна билээ. Асуудлыг шалгаж, тогтоодог болохоос зүгээр нэг өдрийн дотор ийм шийдвэрийг тэнгэрээс харж байгаад гаргачихгүй л дээ. Өвөрхангай аймагт болсон үйл явдлаас харахад насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх үндэслэлээр манай намаас нэр дэвшиж ялалт байгуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын түр үнэмлэхийг хүчингүй болгосон.

Дараа нь Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр СЕХ хуралдсан. “Шүүхийн үйл явц дуусаагүй байна. Насанд хүрээгүй хоёр хүүхэд нь сонгуулийн сурталчилгаанд оролцоогүй гэдгээ хэлж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан байна” гэдгийг манай намын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй УИХ-ын 10-аад гишүүн хэлээд байхад шөнө дөлөөр СЕХныхон арынхаа хаалгаар гараад УИХ-ын даргад тангараг өргөх гишүүдийн нэрсийг нь барьсан. Гэтэл бид мэдэхгүй СЕХ-ны байранд хүлээгээд сууж байх жишээтэй. Ийм зүйл болж байна. Зөвхөн насанд хүрээгүй хүүхэд ашигласан гэдгээр шүүхийн шийдвэр гарч, манай хоёр гишүүний эрхийг түдгэлзүүлсэн.

Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг ямар нэгэн зүйлд хутгаж, буруутгахын тулд 100 гаруй хүнийг байцааж, бүхий л арга хэрэглэсэн сураг дуулдсан. Үүнээс хууль, хяналтын байгууллага улстөрийн захиалгаар ажилладаг болсон гэдэг нь харагдаад байгаа юм. Хуулийн байгууллагынхан үгүй л гэх байх. Яагаад үүнийг хэлж байна вэ гэвэл АН-аас бусад намын нэр дэвшигчдийн тавьсан асуудлыг хүлээж авдаггүй. Ийм зүйл олон аймагт гарлаа. Сонгуулийн үед бүтэн хавтас материалуудыг сонгуулийн хороо, хууль, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Харамсалтай нь авч хэлэлцээгүй.

Тэгсэн атлаа Өвөрхангайд нэр дэвшиж ялалт байгуулсан хоёрыг ямар ч хамаагүй аргаар эрүү үүсгэн шалгаж байна. Насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдгийг тойргийн хороо шалгаж тогтоогоогүй. Гэтэл нөгөө хоёр хүүхэд нь “Найз нар байсан учраас намын байраар орсон. Гэхдээ мөнгө төгрөг авч, гэрээ байгуулаагүй, ямар нэгэн сонгуулийн үйл ажиллагаанд оролцоогүй. Сурталчилгааны хувцас өмсөөгүй” гэдгээ хэлсэн. Тэгэхээр энэ зохиомол шалтгаар манай хоёр нэр дэвшигчийн эрхийг түдгэлзүүлж, шүүхийн аргаар суудал авах гэсэн оролдлого явж байна. Ард түмний сонголтыг шүүхээр авдаггүй л байхгүй юу.

-Өвөрхангайн шүүх процессын алдаа гаргасан гэсэн. Ер нь хүний эрх талаас нь авч үзвэл хялбаршуулсан журмаар шүүхийн үйл явц өрнөж, давж заалдах эрхгүй шийдвэр гаргаж болдог юм уу?

-Хан-Уул дүүргийн шүүгч Н.Мөнхбаяр асуудлыг шийдэхдээ онцгой нөхцөл байдлаар шийдсэн. Урьд өдөр нь шүүхэд хандаад маргааш нь шийдвэр гарсан. СЕХ нэрсийг өргөн барих байтал үүнийг далимдуулж өргөн бариагүй. Бүх шатны шүүхээр эцэслэсэн үед татагдах асуудал яригдана уу гэхээс биш ард түмэн сонгосон тохиолдолд тангаргийг нь өргүүлэх ёстой. Онцгой нөхцөл байдал ямар үед үүсдэг вэ гэхээр сураггүй алга болсонд, нас барсанд тооцох, ажилласан жил хугацааг тооцох дээр үүсдэг болохоос гуравдагч этгээдийн эрх хөндөгдөж байхад ийм нөхцөл үүсэхгүй.

Өвөрхангай аймгийн сум дундын шүүх ч мөн адил маргагч тал, хохирогч байхгүй учраас хялбаршуулсан журмаар шийдвэр гаргалаа гэж байгаа юм. Ингэхдээ нэр дэвшигчид, насанд хүрээгүй гэх хоёр хүүхдийг оролцуулаагүй. Тэгэхээр нэгдүгээрт, хоёр насанд хүрээгүй хүүхдийн нэр хүнд зөрчигдөж, улстөрд ашиглагдаж байна. Хоёрдугаарт, түр үнэмлэхээ авсан хоёр нэр дэвшигчийн хоёулангийнх нь эрх ашиг зөрчигдөж байна. Мөн түр үнэмлэхийг нь хүчингүй болгочихлоо. Ингэхээр зөрчигдөж байгаа зүйлийг хялбаршуулсан журмаар шийдэж таарахгүй. Мөн нийслэлийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

Үүний дараа анхан шатны шүүхээс гарсан шийдвэр нь хүчинтэй, давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэж гардаг. Ингээд дахиад тангараг өргүүлэх ёстой байтал СЕХ “Дахиад гомдол санал гарч, Дээд шүүх рүү асуудал явж магадгүй. Хүлээж байгаа” гэсэн. Ингээд байж байтал хэд хоногийн дараа Дээд шүүхэд Г.Батхүү, Д.Зоригт нар өргөдөл өгсөн. Гэтэл Өвөрхангай аймаг дээр Дээд шүүх хуралдахын өмнөх өдөр шийдвэр гаргасан. Уг нь Дээд шүүх асуудлыг хэлэлцэж байх үед анхан шатны шүүх нэг асуудлаар дахин шийдвэр гаргадаггүй. Энэ журмыг хүртэл зөрчсөн. Үүнийгээ мэдэж зөрчөөд байна уу, мэдэхгүй зөрчөөд байна уу гэдэг нь анхаарлын тэмдэгтэй үлдэж байна.

-Үүнээс харахад шүүхийн байгууллага хараат болсон нь илэрхий юм биш үү?

-Улстөрийн захиалгаар асуудлыг шийдэж байгаа нь харагдаад байгаа юм. Тэгтэл Өвөрхангайн шүүхийн шийдвэр гарахын урд өдөр нь Г.Батхүү, Д.Зоригт нар Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэхээ татсан. Ингээд СЕХ түр үнэмлэхээ авсан хоёр хүнийг тангараг өргүүлэхээр оруулж ирэх байтал Г.Батхүү, Д.Зоригт нарыг сум дундын шүүхийн шийдвэрийг үндэслэн оруулж ирсэн. Улмаар сонгуулийн сурталчилгаанд ашиглагдсан насанд хүрээгүй гэж байгаа хоёр хүүхэд өөрсдийнхөө нэр хүндийг сэргээлгэхээр цагдаа, шүүхийн байгууллагад хандаж шинэ нөхцөл байдал үүсгэсэн. Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч уг асуудалд хэрэг үүсгэж, түрүүний гурван шүүгчээс өөр шүүгч алга байна гээд Хархорины шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл Хархорины сум дундын хоёрдугаар шүүхийн нэг шүүгч “Үүнийг хэрэгсэхгүй” гээд хүлээж авахгүй байгаа юм. Тэгээд давж заалдсан. Үүнийг нь Хархорины шүүгч хүлээж аваад гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх гэж байна. Мөн аймгийн шүүх болоод Дээд шүүхэд нэр дэвшигчид давж заалдах гомдлоо гаргаж байна. Ингээд шүүхийн үйл явц үргэлжилж байхад тангараг өргүүлэх гээд дайраад байдаг. Хэрэв шинээр үүссэн нөхцөл байдлаар эрүүгийн хэрэг үүсгэж, хэлэлцэхээр болбол шүүхийн хуучин шийдвэр түдгэлздэг. Ингэхээр түдгэлзээтэй асуудлыг СЕХ УИХ-д өргөн барьсан болоод байгаа юм. Ийм ийм нарийн зөрчлүүд байна.

-Тэгэхээр хуулиа хэрэгжүүлэх ёстой байгууллагууд нь зөрчөөд байна гэж ойлгож болох уу?

-Бүх зүйл хуулиараа явж шийдэгдэх учиртай. Хууль дээдлэх ёс гэж бий. Шүүх хуулиа барихгүй байна. Хуулийг хэрэглэхэд хуулийн нарийн шалтгаант холбоо бий. Үйлдэл, үр дагаврын хооронд шалтгаант холбоо гэж байдаг. Үүнийг хайхарч үзэхгүй байна. Хуулиа зөв тайлбарлаж чадахгүй байна шүү дээ. Логик, системчилсэн, үүрэгчилсэн тайлбар гээд олон янзын тайлбарууд байдаг. Үүнийгээ ойлгохгүй байна. Би үүссэн нөхцөл байдлыг хуулиа мэдэхгүйдээ биш улстөрийн захиалгатай гэж хардаж байгаа. Бидэнд хардах эрх бий. Хуулийг хэрэглэхдээ шударга ёсны зарчмыг баримтлах учиртай.

Илт давуу 3000, 6000 хүний саналаар ялсан ард түмний сонголт байхад түүний учир шалтгаан, шалтгаант холбоог тогтоохгүйгээр шийдэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Хэнд, ямар буруу байгаа юм. Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёр тэр хоёр хүүхдийг хөлсөлж ажиллуулаагүй шүү дээ. Тэгэхээр шударга ёсны зарчим алдагдаж байгаа биз. Гуравдугаарт, зүй ёс гэж байна. Сонгогдсон нь зүй ёсны асуудал. Мөн эрх зүйн соёл гэж бий. Ялж, ялагдаж сурах ёстой. Ер нь эрх зүйн соёлд шүүгч хуулийг хэрэглэхдээ соёлтой хандах хэрэгтэй. Тэгэхээр хууль ёс, шударга ёс, зүй ёс, эрх зүйн соёл гэдгийг багцаар нь авч үзэж байж шүүгч хуулийг удирдлага болгож дотоод итгэл үнэмшлээрээ шийддэг. Бид шүүхийн шинэчлэлийн тухай ярьж байна. Үнэн хэрэгтээ шүүх дарамт шахалтад улстөрийн захиалгаар ажиллаж байна гэж үзэхээс өөр аргагүй байдалд орж байна.

Энэ бол Монголын ардчиллын амин чухал зүйл. Олон зуун жилийн өмнө Адам Смит “Зах зээлийн эдийн засаг, зохимжит татвар татаас, шударга шүүх байхад бусад нь аяндаа болно” гэж хэлж байжээ. Энэ юутай үнэн үг . Хуулийн байгууллага улстөрийн цагдаа болох ёсгүй. Бид үүний төлөө тэмцэж яваагүй. Тэгэхээр парламентад зөвшилцөл, сонгуулийн ардчилал алга болж, шүүх засаглал бусдын нөлөөнд орвол Монголын ардчилал хүнд байдалд орно. Ийм учраас чуулганы хаалгыг хааж, суулт хийсэн нь аргагүй байдалд орж, эцсийн аргаа хэрэглэсэн тэмцэл шүү дээ. Ард түмэн энэ жагсаалыг хүсч байсан. Аль болохоор тайван, хуулийн дагуу жагсаал болгооч гэдгийг бид уулзсан хүн бүртээ хэлсэн. Өнөөдөр бид аль болохоор энэ байдлаас гарах арга замын тухай бодох ёстой. Улстөрийн намууд УИХ дээрээ яриа, хэлэлцээ хийж төрийн ажлыг цааш явуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

-Монгол Ардын Намынхан Төрийн ордны тухай хуулийг зөрчсөн юм уу. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж энэ талаар мэдээлэл хийсэн шүү дээ?

-Төрийн ордон бол бидний ажилладаг, төрийн ажил явагддаг газар. Энд олонхийн дарангуйлал хэтэрсэн учраас цөөнхийнхөө хамгаалалтын дагуу явуулсан үйл ажиллагаа. Түүнээс бид хууль зөрчсөн гэж үзэхгүй.

-МАН-аас төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн. Үүний хариуг өгөхгүй бол яах вэ. Монгол Ардын Намын тэмцлийн дараагийн хэлбэр юу байх вэ?

-Би намын Удирдах зөвлөлийн гишүүн биш. Баасан гаригийн цуглааныг хийх нь зүйтэй гэдэг шийдвэрийг Удирдах зөвлөл гаргасан. Тэгэхээр хуулийн дагуу төсөв батлах асуудал, УИХ-ын тухай хуулийн өөрчлөлт зэрэгтэй холбоотой шаардлага хүргүүлсэн. Хэрэв УИХ-ын тухай хуулийн өөрчлөлт батлагдвал манай намын бүлэг ажилдаа орж, УИХын дарга хууль бус сонгогдлоо гэдэг асуудал арилж, эв зүйгээ ололцоно. Энэ бүхнийг харж байгаа байх гэж бодож байна.

Ц.Жаргалцэцэг



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (188.254.102.109)

    2012-10-25

    Хуулиа мордож ажилла наад хуулиудыг чинь АН гарч ирэнгуутээ зохиочихоогуйшуухийг буруу гэж бгаа бол хуулийнхаа дагуу ханд л дааторийн ажил битгий гацаанаад хуулиудийг чинь хэн баталсан юмМАН сонох нээ

  • zochin (103.10.21.108)

    2012-10-24

    MAH BOLILDOOBULHAIGAA BULAVCH BULTAIDAG TA NARIINH OVOORTSON BNSHDEE NER HUNDEE ULAM UNAGAAGAAD BHIIN SHUDRAGAAR NAAD TENEGUUDEE HOOJ OGTSORUULVAL TA NART L DEER DEE