А.Бакей & А.Тлейхан нар Хамтдаа ярилцлаа
- 2012-11-06
- Улс төр
- 0
Манай сайт олны танил эрхмүүд нэг нэгнийхээ талаар юу гэж боддогийг хүргэдэг шинэ булан нээж байна. Энэхүү булангийн анхны зочноор УИХын гишүүн А.Бакей, А.Тлейхан нарыг урьж, тэдний дурсамжаас хуваалцсан юм. Мөн тэд нутаг усаа хөгжүүлэх чиглэлээр хэрхэн гар нийлж ажиллаж байгаагаа ярилаа.
-А.Тлейхан гишүүн та хоёрыг нэг аймаг, нэг сум, нэг омгийнх гэж сонссон. Тэр тусмаа нэг омгийн хоёр хүн УИХ-д сонгогдоно гэдэг ховор тохиолдол шүү?


Манай сайт олны танил эрхмүүд нэг нэгнийхээ талаар юу гэж боддогийг хүргэдэг шинэ булан нээж байна. Энэхүү булангийн анхны зочноор УИХын гишүүн А.Бакей, А.Тлейхан нарыг урьж, тэдний дурсамжаас хуваалцсан юм. Мөн тэд нутаг усаа хөгжүүлэх чиглэлээр хэрхэн гар нийлж ажиллаж байгаагаа ярилаа.
...А.Тлейхан гишүүний хувьд нэг сум, нэг голын хүмүүс учраас зан чанарыг нь мэднэ. Төлөв даруу, ноён нуруутай, нутаг усандаа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, ялангуяа эрчим хүчний салбарт тодорхой зүйлийг хийсэн. Тиймээс ч ард түмэн итгэл, найдвар хүлээлгэж дахин сонгосон гэж боддог. Ер нь аливаа зүйлд нухацтай, ажил хэрэгч хандаж, хэнтэй ч энгийн харьцаа үүсгэж, яриа дэлгэж чаддаг хүн гэж би дүгнэдэг...
-А.Тлейхан гишүүн та хоёрыг нэг аймаг, нэг сум, нэг омгийнх гэж сонссон. Тэр тусмаа нэг омгийн хоёр хүн УИХ-д сонгогдоно гэдэг ховор тохиолдол шүү?-Юуны өмнө энэхүү ярилцлагын буланд анхны зочноор урьж буй танай сонины хамт олонд талархал дэвшүүлье. Мөн надад итгэл найдвар хүлээлгэн сонгосон Баян-Өлгий аймгийн нийт ард түмэн, сонгогчдод чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа танай сониноор дамжуулан илэрхийлье. Тус аймгаас нэг сум, нэг голын хоёр хүн энэ жил УИХ-д сонгогдлоо. Энэ бол тэр болгон тохиолдоод байхгүй. Сонгогчдын хийсэн сонголт учраас А.Тлейхан гишүүн бид хоёрын хувьд том хариуцлага, ачаа тээж явна гэж ухамсарлаж байгаа.
-А.Тлейхан гишүүн та хоёр арван жилдээ нэг сургуульд сурч байсан гэл үү. Ер нь хэзээнээс нэг нэгнийгээ мэддэг болов?
-А.Тлейхан гишүүн надаас долоон насаар ах. Багадаа Цэнгэл сумын сургуульд сурч байлаа. Аравдугаар ангидаа Баян-Өлгий аймгийн Өлгий хотын нэгдүгээр арван жилд суралцсан гээд хойно хойноосоо нэг зам, жимээр явсан хоёр л доо, бид. Надаас насны хувьд ах, дээр нь нэг сумд төрж өссөн болохоор А.Тлейхан ахыг би дээр үеэс мэднэ. Харин эр өсч, эсгий сунана гэдэг шиг би ч их сургууль төгсч, ажил төрөлтэй болсон үеэс буюу 1980-аад оны эхнээс бие биеэ илүү сайн мэддэг болцгоосон.
-Та хоёр нэг омгийнх гэхээр хамаатан гэсэн үг үү?
-А.Тлейхан гишүүн бид хоёрын хувьд энэ омгоос гаралтай боловч ойрын хамаатан садан гэж шууд ойлгож болохгүй. Сонирхуулж хэлэхэд, манай казах түмэн өөрсдийн үүх түүх, удам угсаагаа сайн мэднэ. Ямар ч казах хүн өөрөөсөө дээш долоон үеэ мэддэг. Үүнийгээ үр хүүхдүүддээ ч багаас нь эхлэн төлөвшүүлдэг. Омог гэж хуваагддагт орчин үеийн байдлаар хандах учиртай. Хуваагдаж жалга, довны үзэл гаргахдаа бус хамгийн гол нь үр удмаа хамгаалж үлдэх чухал ач холбогдлыг нь ойлгох хэрэгтэй.
-Нутгийнхантайгаа уулзаж, санал бодлыг нь сонсох гэж олон удаа хамт явж байсан байх. А.Тлейхан гишүүн нутагтаа хэр нэр хүндтэй хүн бэ?
-Баян-Өлгий аймгийн сонгогчид 2004 оны сонгуулиар АН-ын гурван нэр дэвшигч, 2008 онд МАН-ын гурван нэр дэвшигчийг сонгосон. Энэ удаад оногдсон хоёр мандатын нэгийг нь АН, нөгөөг нь МАН-аас сонголоо. Энэ сонголтоор “Та хоёрт итгэл найдвар хүлээлгэсэн учраас нутгаа хөгжүүлэхийн тулд та хоёр хамтарч ажилла” гэсэн үүрэг даалгавар өглөө гэж бодож байна. Баян-Өлгий онцлог аймаг. Казах, урианхай, тува, дөрвөд ястнууд амьдарч ажилладаг.
Тэдний эрх ашгийг хамгаалж, дуу хоолойг нь төрд хүргэх үүрэг ногдож байгаа. Тиймээс бид хувийн ч юм уу, нам, улстөрийн зүгээс асуудалд хандахаас илүү ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө хамтарч ажиллахаас өөр аргагүй. Бид хоёр ирэх дөрвөн жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар ерөнхий бодлогын чиглэл гаргасан. Удахгүй Баян-Өлгий аймгийн сум болгоноос санал авч нэгтгэн төрийн бодлогод тусгуулах чиглэлээр ажиллах бэлтгэлээ хангаж байна.
А.Тлейхан гишүүний хувьд нэг сум, нэг голын хүмүүс учраас зан чанарыг нь мэднэ. Төлөв даруу, ноён нуруутай, нутаг усандаа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, ялангуяа эрчим хүчний салбарт тодорхой зүйлийг хийсэн. Тиймээс ч ард түмэн итгэл, найдвар хүлээлгэж дахин сонгосон гэж боддог. Ер нь аливаа зүйлд нухацтай, ажил хэрэгч хандаж, хэнтэй ч энгийн харьцаа үүсгэж, яриа дэлгэж чаддаг хүн гэж би дүгнэдэг.
-Та хоёр тайван, дөлгөөн харагддаг. Улс, үндэстнийг хүнээр нь дүгнэдэг шиг та хоёрын зан чанараар казах түмнийг төлөөлүүлэн ойлгож болох уу?
-Ер нь аль ч ард түмний дунд янз, янзын зан ааштай хүмүүс байдаг. Дөлгөөн хүмүүс ч бий. Уур уцаартай хүмүүс ч байгаа шүү дээ. Аливаа асуудалд хандахдаа нэг талаар тууштай, шударга, нөгөө талаар аль болох ухаалаг, тайван хандахыг хичээдэг. Энэ бол бидний өөрсдийн гэхээсээ илүү төрүүлж, хүмүүжүүлж, өсгөсөн эцэг, эх, өвөө, эмээ, сургуульд төлөвшүүлж, хүмүүжүүлсэн багш нарын ач гавьяа гэж боддог.
-Та хоёрт зан чанарын хувьд ижил төстэй зүйл байдаг уу. Тухайлбал...?
-Ямарваа асуудалд тайван хандах, хүнд муу санахгүй, болж өгвөл тусалдаг, тусархуу чанараараа ижил болов уу. Бас энгийн, байгаагаараа байх гэх мэт чанарыг дурдаж болох юм. Хүн өөрийгөө магтах нь сайн биш шүү дээ. Бидний ижил төстэй, сайн муу чанарыг бид хоёроос илүү ард түмэн өөрсдөө үнэлж, дүгнэж, цэгнэвэл үнэн бодит гарах байх.
-Нэг нутагт төрж өссөн, ойр ажилладаг хүмүүс учраас та хоёрын дунд сайхан дурсамжууд олон байгаа болов уу. Тэдгээр дурсамжаасаа хуваалцаач?
-Хүний амьдралд баяр баясгалан, аз жаргалтай сайхан мөчүүд олон байдаг. Мэдээж амьдрал болсон хойно сүүдэртэй, бэрхшээлтэй үеүд ч тохиолдоно. Энэ бүхэнд зовлон, жаргалаа хуваалцах үе бидэнд байсан. Манай том хүүг гэрлэхэд А.Тлейхан гишүүн, тэдний гэр бүлийнхэн хамгийн түрүүнд ирж баяр хүргэж, тэдний хүүхдүүд гэр бүл болоход эхнэр бид хоёр очиж баяр хүргэдэг ч гэдэг юм уу ийм сайхан мөчүүдийг хуваалцсан дурсамжууд бий. Манай А.Тлейхан гишүүний гэр бүлийнх нь хүн эмч мэргэжилтэй. Хүүхдүүдээ багад нь өвдвөл хамгийн түрүүнд А.Тлейхан гишүүний эхнэр Пашка эмч дээр очдог байлаа. Ямар ч хүнд, хэцүү нөхцөлд өвчин эмгэгээс эдгээж өгдөг байсан ачийг нь өнөө хүртэл манай гэр бүлийнхэн марталгүй санаж явдаг юм.
-Хоёр өөр үзэл баримтлалтай намд харьяалагддагийн хувьд зарим тохиолдолд үзэл, бодол зөрж, ам муруйх үе байна биз?
-Хүн төрийн ажил, хувийн харилцаагаа ялгах хэрэгтэй. Төрийн ажил төрийн ажлын зарчмаар явагдах ёстой. Төрийн болон улстөрийн шинжтэй асуудалд санал нийлэхгүй байх үе бий. Тухайн үед би А.Тлейхан гишүүнд “Энэ асуудлыг чинь дэмжиж чадахгүй. Уучлаарай” гэдгээ шууд хэлчихдэг. Санал нийлж байгаа зүйлээ ч шууд хэлдэг. Учир нь бид хоёрын аль аль нь улстөрч учраас тухайн нөхцөл байдлыг ойлгож хүлээж авдаг. Тэгэхдээ ямар ч тохиолдолд бид өөрсдийн хувийн ашиг сонирхол гэхээсээ илүү нийтлэг буюу Баян-Өлгий аймгийн ард түмний эв нэгдэл, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, энэ үүднээсээ төрийн албаны зарчмыг баримталдаг.
-Үндэсний цөөнхийн өмнө тулгардаг бэрхшээл олон. Та хоёр хэрхэн гар нийлж ажиллах гэж байна?
-Баян-Өлгий аймагт амьдардаг ард түмний хувьд хүндрэл бэрхшээл олон бий. Төвөөсөө алслагдсан аймаг учраас хотод ирж, буцахад замын зардал чирэгдэл ихтэй. Өвчтэй хүн гэхэд эмнэлгийн тусламжийг тухайн хэрэгцээтэй үед нь авах боломж хомс байдаг. Аймгийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж муу байдаг. Боловсролын салбарт ч хүндрэлтэй асуудал хуримтлагдсан байна. Ажлын байр дутмаг учраас томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага бий. Ялангуяа Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах асуудал хурцаар тавигдаж байгаа. Ийм томоохон бүтээн байгуулалтын шинжтэй асуудлыг хоёр талаас нь А.Тлейхан гишүүн бид хоёр тавьж байж төрд ойлгуулж, шийдүүлэх арга замыг нь эрэлхийлж байна.
...А.Бакейг итгэл даах хүн гэж боддог, бас үнэлдэг. Эрдэмтэй, сурган хүмүүжүүлэгч, том улстөрч хүн итгэлтэй байлгүй яахав. Итгэлийг зүтгэлээр харуулах ёстой. Мөн А.Бакейгийн нэг давуу тал нь заавал амласандаа хүрдэг зантай л даа. За л гэвэл ёогүй шүү дээ. Тэр зан нь ч сонгогчдод их таалагддаг юм билээ. Хэлсэндээ хүрэх гэж зүтгэдэг хүний нэг. Тиймдээ ч олон түмнийхээ итгэлийн дахин авсан болов уу...

-А.Бакей гишүүн та хоёрын амьдралын замналыг харахад төстэй юм шиг санагдсан. Хоёулаа нутгаасаа хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон шүү дээ?
-Бид хоёр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумынх. Хуучнаар Цагаан гол сум гэж байдаг байсан юм. 1962 онд Цэнгэл хайрхан Цагаан гол нийлж Цэнгэл сум болсон түүхтэй. Тэгэхээр А.Бакей бид хоёр хуучин Цагаан гол, одоогийн Цэнгэл сумын уугуул, Алтай таван богдын хүүхдүүд. Нэг сум, нэг омгийн хүмүүс гэсэн үг. А.Бакей надаас хэдэн насаар дүү. Мэдээж нэг сум, нэг омгийн ах дүү юм чинь бие биеэ эртнээс танина. Нэг нутгийн шороо идэж, усын уусан хүмүүс дээ.
А.Бакей аймагтаа 10 жилийн сургууль төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн ангийг төгссөн юм. Ингэхдээ сургуульдаа багшаар үлдэж, эрдмийн зэрэг хамгаалж, орлогч захирал хүртэл дэвшиж байсан ажлын туршлагатай хүн шүү дээ. 2004-2008 оны хооронд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Мөн 2012 онд дахин сонгогдлоо. Ер нь бид хоёр хоёулаа л хоёр дахиа УИХ-д сонгогдож байна. Ингээд бодохоор бид хоёрын амьдралын замнал адилхан юм шиг санагддаг. А.Бакейтэй нэг омог гэдгээрээ бахархдаг шүү.
-Та хоёр хэдийнээс эхэлж дотно нөхөрлөх болов?
-Хувь тавилан гэж их сонин юм аа. 10 жилд байхдаа бид хоёр нэг их ойр дотно байгаагүй л дээ. Яагаад гэвэл би А.Бакейгээс нэлээд ах учраас намайг 10 дугаар ангид байхад А.Бакей дөрөвдүгээр анги байсан байх. Харин хотод ирснийхээ дараа дотносож, найзалж эхэлсэн. Сүүлдээ нэг нэгийнхээ гэр орноор орж гардаг болсон. Олон жилийн нөхөрлөл маань одоо хүртэл оршин тогтносоор байгаад баяртай явдаг.
Хорвоогийн жам ёс, тавилан гэж үнэхээр сонин эд юм. Бид ингээд хамтдаа УИХд сууж байгаа нь бурхны тавилан юм болов уу гэж боддог юм. Хааяа бахархмаар ч санагддаг. инээв А.Бакей намайг “ах аа” гэж авгайлж дууддаг. Нэрийг минь бүтэн дуудаггүй. Тэр утгаараа бие биедээ маш хүндэтгэлтэй ханддаг. Бид төрөл садны хүмүүс учраас сайн, муу явдал тохиолдоход хамтдаа байдаг. Гэр бүлийн хувьд ч мөн адил дотно харилцаатай.
-А.Бакей гишүүн нас залуу ч анх танаас түрүүлж улстөр гэдэг энэ том айлын үүд хаалгыг татсан юм билээ?
-А.Бакей 2004 онд төрсөн нутгаасаа сонгогдож байсан. Тэр утгаараа улстөрд анх орж ирсэн гэж хэлж болно. Бидний өвөг эцэг бидэнд маш их хөдөлмөрч занг өвлүүлсэн. Ер нь хүн хөдөлмөрлөж байж л амжилтад хүрнэ. А.Бакей их хөдөлмөрч, өндөр боловсролтой залуу. Хүмүүс залуусыг улстөрд хэн нэгний татаасаар гарлаа гэж их ярьдаг. Харин А.Бакей бол тийм биш. Өөрийн сурсан эрдэм мэдлэг, хүч чадлаараа өдий зэрэгт хүрсэн гэж би үнэлдэг.
-А.Бакей гишүүн ямар зан араншинтай хүн бэ. Ер нь дуугүй хэрнээ хүйтэн хүн шиг харагддаг?
-Хүний гадна төрх дотоод сэтгэлтэйгээ заавал адилхан байх албагүй. А.Бакейг айхтар хатуу хүн гэж үздэггүй. Улстөрч гэдэг үүднээсээ юмыг шулуухан хэлчихдэг зантай. Тэр нь ч улстөрд байх ёстой зан шүү дээ. А.Бакей сурган хүмүүжүүлэгч учраас аливаа асуудалд нухацтай байр сууринаас ханддаг. Их дөлгөөн хүн. Тэр болгонтой ам зөрөөд зарга үүсгээд явдаггүй. Ер нь жинхэнэ монгол эр хүн гэж үнэлдэг. Нутаг усандаа нэр хүндтэй л залуу даа.
-Та хоёр ам мурийж байв уу. Эрчүүдэд тэр байтугай л асуудал гардаг шүү дээ?
-Бид хоёр олон жил ах дүү, найз нөхдийн харьцаатай явж ирсэн. Улстөр, орон нутгийн асуудлаар ер нь ам мурийж байсан зүйлгүй. Угаасаа тийм зүйл байх ёсгүй.
-А.Бакей гишүүнийг ямар авьяастайг Та мэдэх үү. Шүлэг бичдэг гэж сонссон юм байна?
-Юм бичдэг авьяастайг нь мэдэх юм байна. Ямар ч гэсэн сайн шүлэг бичдэг. Бас сайхан дуулдаг. Ер нь бид хамтдаа чөлөөт цагаараа сагсан бөмбөг, бусад тоглоом тоглодоггүй л дээ. Бодвол насны ялгаа байдаг байлгүй дээ.
-Таныг ах аа гэж хүндэтгэдэг юм чинь айж эмээдэг байх. Ахын итгэл даах дүү мөн биз дээ?
-Манай казах ёсонд насаар ах хүнийг их хүндэтгэдэг заншилтай. Тэр уламжлалаараа л явдаг. Ер нь ах ч бай, залуу ч бай бүгдийг хүндэтгэх ёстой. А.Бакейг итгэл даах хүн гэж боддог, бас үнэлдэг. Эрдэмтэй, сурган хүмүүжүүлэгч, том улстөрч хүн итгэлтэй байлгүй яахав. Итгэлийг зүтгэлээр харуулах ёстой. Мөн А.Бакейгийн нэг давуу тал нь заавал амласандаа хүрдэг зантай л даа. За л гэвэл ёогүй шүү дээ. Тэр зан нь ч сонгогчдод их таалагддаг юм билээ. Хэлсэндээ хүрэх гэж зүтгэдэг хүний нэг. Тиймдээ ч олон түмнийхээ итгэлийн дахин авсан болов уу.
-Нэг нутаг усны ах дүү хэрнээ өөр өөр үзэл бодолтой улстөрийн хүчинд зүтгэдэг хүмүүс цаашид орон нутагтаа хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Бид нэг нутгийн хүүхдүүд. Тиймээс зорилго нэгтэй. Бид заавал намчирхаж асуудалд хандах хэрэггүй. Нутгийнхаа иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан Баян-Өлгий аймагт ирэх дөрвөн жил юу хийх талаар хөтөлбөр гаргасан. Энэ дагуу л ажиллана даа.
Ц.ЖАРГАЛ
Д.МЯГМАРСҮРЭН

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (4)
zochin (202.180.218.244)
Negent ard tumen songoson hoino hamtarch ajillahaas uur argaguishdee
zochin (202.180.218.244)
Ev negdel erhem zuil tul ta 2 hamtarch ajillah ni zuv.
(124.158.69.169)
Бие биенийхээ бөгсийг ухдаг нөхдүүд уншихад хэрэгтэй юм байна.
(202.179.26.1)
Kazak agaa nartaa amjilt husey