Ц.Цолмон: МҮАН улсынхаа хувь заяанд нөлөөлөхүйц улстөрийн хүчин болж чадаагүй
- 2012-11-08
- Улс төр
- 0
УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой ярилцлаа.


УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой ярилцлаа.

-МАХН-аас зохион байгуулдаг ард түмний их хуралдай саяхан болсон. Энэ хуралдайд МҮАН-ын гишүүд огт харагдаагүй. Өмнөх хуралдаанд идэвхтэй оролцдог байсан биз дээ?
-Уг нь МҮАН-ын Н.Батцэрэг дарга ирж үг хэлнэ гэж ярьж байсан юм. Гэхдээ миний мэдэж байгаагаар эхний өдөр л лав ирээгүй. Очихгүй байх том шалтгаан байхгүй гэж бодож байна. Сэдэв зорилгын хувьд ч гэсэн зөрчилдөөд байх зүйлгүй. Шударга ард түмний талаар л голчлон ярьсан. Мэдээж намын даргынхаа асуудлаар ч ярьсан. Түүнээс биш яагаад оролцоогүй юм бол гэх мэт гал тогооны нарийн ширийн асуудлыг сайн мэдэхгүй байна.
-МҮАН-ын гишүүд МАХН-ын их хуралдайд очоогүй нь "Шударга ёс" эвсэл задарч байгаагийн илрэл байж болох юм. Ингэж хардах шалтгаан ч байгаа шүү дээ?
-Тийм хардлага байж болно. Гэхдээ эвсэл задрах дээрээ тулчихсан бодитой үйл явц одоогоор алга. Бидний зорилго бол монгол төрийг тогтвортой ажиллуулах. Энэ зорилгыг хангахын тулд бид хамтарч ажилладаг. Ер нь "Шударга ёс" эвсэл парламентад чухал байр суурь эзэлж байгаа. Одоогийн Засгийн газар цаашид тогтвортой байх эсэх нь "Шударга ёс" эвслээс шууд хамааралтай. Мэдээж бусад субъектээс ч хамааралтай. Тэр ч утгаараа бид төр засгаа тогтвортой ажиллуулъя, эвслээ тогтвортой байлгая гэж ярьдаг. Ер нь хоёр намд олон хүмүүс бий л дээ. Тиймээс зарим асууддаар санаа бодол зөрөх тохиолдол гарна. АН гэхэд нэг нам хэрнээ байнга л дотроо хагаралтай, санаа бодол зөрөлддөг биз дээ. Улстөрд байх л асуудал.
-Та МҮАН-аас гараад МАХН-д элсэхдээ хоёр намын гүүр болж, цаашид илүү холбож ажиллана гэж амласан. Гэтэл Таны гэнэтийн үйлдлээс болж эвсэлд ан цав үүсчихээд байгаа юм биш үү?
-Би бол нэгдэл явагдаад байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Яагаад гэвэл "Шударга ёс" эвслийн хамтын ажиллагаа тийм л хэврэг юм бол миний хийсэн улстөрийн алхмаас шалтгаалж эвсэл задарч болох л байсан. Өнөөдөр задрахгүй л байгаа биз дээ. Харин биднийг задраасай гэж хүлээж, хүсч байгаа хүмүүс олон байх шиг байна. Миний МАХН-д орсон учир шалтгаан өөрчлөгдөж солигдоогүй. Ер нь МАХН, МҮАН нэгдвэл улстөрд хэрэгтэй.
Гэтэл зарим хүн ерөөсөө нийлэх ёсгүй гэж үздэг юм билээ. Миний хувьд МАХН дахин шинэчлэгдэж, гишүүдийнх нь гаргаж байгаа бодлого үндэсний ардчилалтай холбоотой учраас цаашид улстөрийн манлайлагч хүчин болж чадна гэж үздэг. Тиймээс цаашид илүү хөгжиж бэхжих хэрэгтэй. Мөн гишүүнчлэлээ нэмэгдүүлж үзэл суртал, үзэл бодлоо нэгтгэх ёстой. Ингэж чадвал МАХН тэргүүний эгнээний улстөрийн хүчин болох бололцоотой. Тиймээс би энэ үйл явцыг түргэсгэх гэж энэ сонголтыг хийсэн юм.
-Яарвал даарна гэдэг үг байдаг шүү дээ?
-Би тэгж бодохгүй байна.
-Та МҮАН-ын даргаар ажиллаж байсан хүн. Энэ асуудлаа МҮАН-д байхдаа шийдэж болоогүй юм уу. Нэгэнт л МҮАН, МАХН нэгдэх ёстой юм бол заавал МАХН-д орох шаардлага байсан юм уу?
-МАХН Монголоо Монголоор нь авч үлдэх талаар ярьж байна. Тиймээс МАХН эх орончдын намын үүргийг гүйцэтгэж чадна гэж бодож байна. МҮАНын тав, зургаан жил ярьсан үндэсний үзэл, мөн бидний ярьдаг ардчилсан социалист үзлийг нэгтгэж Монгол орныг залаад явчих хүчин бол МАХН. Тиймээс МАХН дээр бодлого төвлөрөх ёстой гэсэн бодлоор тэр төвлөрлийг яаравчлан хийж байгаа. Миний хэлсэнтэй санаа бодол таарахгүй хүмүүс байж магадгүй. Нөгөө талаас хоёр нам нэгдэх үйл явц зарим зүйлээс удааширч магадгүй гэж үзээд ийм алхам хийсэн хэрэг.
-Тэгэхээр Та МАХН-ыг том улстөрийн хүчин болно гэдэгт итгээд орсон хэрэг үү?
-Ер нь МАХН хүчээ төвлөрүүлэх юм бол улс орныг удирдаад явах боломжтой гэж үзэж байгаа. Харин МҮАН одоо байгаагаараа хөгжөөд цаг хугацаа алдвал том улстөрийн хүчин битгий хэл хоёрдугаар хүчин болох ч боломжгүй. МҮАНынхан намаа хамгийн сайн нам болгох гэсэн хүсэлтэй байж болно. Би ч гэсэн намын дарга байхдаа тийм л хүсэлтэй байсан. Таван жилийн турш улсынхаа дөрөв дэх хүчин байсан хэрнээ улс орны хувь заяанд нөлөөлөхүйц улстөрийн хүчин болж чадаагүй. Ерөөс улстөрийн томоохон хүчнүүд нийт саналын 90 гаруй хувийг хуваагаад авчихдаг. Гэтэл бусад нам ердөө 5-10 хувийг нь авдаг. Яаж ч тонгочоод 10 хувиас хэтрэхгүй шүү дээ.
-"Шударга ёс" эвслийн задарч буй нэг жишээ бол М.Энхсайхан дарга Н.Энхбаярыг яллах нь зөв гэсэн утгатай ярилцлага өгсөн явдал. Энэ бол хамгийн том шалтгаан гэж бодож байна?
- М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёрыг нийллээ гэхээр тоодоггүй хэрнээ муудалцаж байна гэхээр сүрхий хүлээж авах юм. Тэр ч утгаараа МАХН, МҮАН задарч байна гэхээр л хүнс тэжээл шиг араас нь хөөцөлдөх юм. Үүнийг харахад монголчууд сэтгэл зүйн задралд орчихсон юм шиг л санагдаж байна. Мөн нийгэмд шударга зүйл гэж нэг ч алга. Үндэсний бөхийн барилдаанаас эхлээд л сонгууль, шүүх гээд бүгд шударга бус.
-Тэгвэл Та өөрөө хэр шударга хүн бэ?
-Би бололцооныхоо хэрээр л шударга байх гээд зүтгээд байна даа. Тиймдээ ч би байнга сөрөг хүчинд явдаг.
-Таныг Н.Энхбаяр дарга нам уруугаа татсан юм биш үү?
-Би МАХН гэдэг улстөрийн хүчнийг сонгосон. Харин тэр хүчний лидер нь Н.Энхбаяр. Улстөрийн хүчин бол мөнх. Харин удирдагч нь байнга солигдож томилогддог. Би МАХН гэдэг намыг л сонгосон. Түүнээс биш Н.Энхбаяр дарга намайг нам уруугаа оруулах гэсэн зүйл ердөө байхгүй. Ер нь сүүлийн хоёр жил би Н.Энхбаяртай хамтарч улстөр хийсэн л дээ. Тэр үед олон зүйл дээр санаа нийлдэг байсан.
-Таныг элссэн намаа бээлий шигээ сольдог гээд хүмүүс их дургүй байдаг юм билээ?
-Би 1990 онд МАХН-ын программыг шинэчилсэн 15 эрдэмтний нэгд орж ажиллаж байсан. Тухайн үед МАХН-ын гишүүн байсан. Би олон нам дамжсан гэхээсээ илүү олон намын удирдлагыг үгүйсгэсэн. Тэдний буруу зүйл хийж байгааг үргэлж шүүмжилдэг учраас таардаггүй байсан байх.
-Харин одоогийн шинэ нөхөдтэйгээ хэр санаа нийлж байна вэ. Шинэ хамт олондоо идээшиж байна уу?
-Бид голдуу бүлгийн хүрээнд ажиллаж байгаа. Санаа оноо нийлэлгүй яах вэ. Зарим зүйл дээр санаа зөрвөл тайлбарлаад л явж байна.
-Таны МАХНд орсон сонголтыг эцсийнх гэж ойлгож болох уу?
-Тэгж тангараг тавих ямар хэрэгтэй юм бэ. Миний бодлоор нам гэдэг бол нэг үзэл бодолтой нэг баг л гэсэн үг. Намыг гар бөмбөгтэй ч зүйрлэж болно. Тэр баг намайг ашиглаад тоглож болно. Тэр багт би хэрэггүй ч болж болно. Багийн тоглолтод хүн гарч, орж болдог шүү дээ. Надад бол тэр ямар ч ач холбогдолгүй асуудал.
-О.Баасанхүү гишүүн бүлгийн дэд даргын ажлаа Ч.Улаан сайдад өгсөн гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Түүний нарийн ширийн учрыг сайн мэдэхгүй байна. О.Баасанхүү өөрөө л санал тавьсан гэсэн.
Д.МЯГМАРСҮРЭН

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (9)
(68.118.156.128)
MAHN bolon TSOLMONG demjij bna.
(68.118.156.128)
MAHN bolon TSOLMONG demjij bna.
(122.201.18.149)
балай амьтан.албан тушаалгүй лбол амьдарч чадахаа байсан урвагчид, улаан, тэрбишдагва энэ тэр гээд мөн сайхан гарууд байх юм аа.
(202.131.233.187)
Saihan DULZEN ain?
! (68.118.156.128)
amjilt husie zov songolt hiisen
(68.118.156.128)
amjlt hisie. zov songolt hiisen
(68.118.156.128)
amjlt hisie. zov songolt hiisen
(68.118.156.128)
amjlt hisie. zov songolt hiisen
(182.160.23.184)
цолмон чи урт шар хувалзын манкурт боол болж гэж хэльё дээ.